УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.03.14-нд нийтлэгдсэн

УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг маргааш /2024.03.15/ нээнэ. Энэ удаагийн УИХ-ын чуулганы хугацаанд газрын асуудлыг онцлон авч үзнэ. Учир нь олон нийтийг бухимдуулж буй газар олголтыг нийтээр шүүх шийдвэр гараад буй. Тодруулбал, эрх баригчид нээлттэй сонсгол хийж, түүгээр газрын панз үсэргэсэн хүмүүсийг дуудан, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байгаа талаар мэдээлсэн. Энэхүү асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болсон нь ч учиртай. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас олон хүн амиа алдаж, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан. Энэхүү осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу? гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн.

Гэхдээ “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай. Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаан газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх нь цаг хугацааны асуудал болж хувираад буй.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ? гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

Ямартай ч маргааш нээх УИХ-ын хаврын ээлжит чуулганы дараа, дараагийн хуралдаанаар газрын асуудлыг шинжлэн судлах Түр хороо байгуулах шийд гарах нь тодорхой. Чухам хэзээ гэх хугацаа, тов нь л тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж