Монголд өнөөдөр хуулиа мөрдөж ажилласан нь хохирдог, хууль зөрчсөн нь хождог тогтолцоо бий боллоо.
Эрх баригчид “Авлигатай тэмцэж байна. Авлигачдын нурууг бөхийлгөж байна” гэж мэдэгдэж буй ч шүүхээр шийдвэрлэсэн хэргүүд албан тушаалтнуудын толгойг илсэн шийдвэр болж буух болсоор удлаа.
Жишээ татвал, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох гэм буруугийн хэргийг гурав хоног хэлэлцсэний эцэст нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон нь олны шүүмжлэлтэй тулаад байна. Учир нь, тэдэнд оноосон ял хөнгөдсөн гэж үзэж буй юм.
Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн, яллах дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүх Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч торгох ял тус тус оноосон нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд оноох ялыг чангатгасан гэж эрх баригчдын сурталддаг PR-тай зөрчилдөж буй юм.
Учир нь, УИХ-аас 2023 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа албан тушаалтнууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд торгууль төлөөд хариуцлагаас мултардаг байдлыг хязгаарлах зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зүйчлэлийг чангаруулснаа зарлаж байв. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасахаар өөрчлөн найруулсан гэж мэдэгдсэн юм.
Гэвч албан тушаалтнууд хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон атлаа торгууль төлж, нийтийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулах төдийхнөөр ял авч буй нь хууль зөрчигчдөд ял завших боломж олгосон зохицуулалт одоо хэр нь Эрүүгийн хуульд үйлчилж байна гэж хэлж болохоор байна.
Нөгөө талдаа Монголын улстөрчид хуулийн байгууллагаар шалгуулаад ирэхээр биенээ танихгүйгээр үл барам бүлэглэлийнхний захиалгаар хэлмэгдсэн ялтан болж хувирдаг болов. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Би гэм буруугүй. Б.Энх-Амгалангийн хаа байсан 2019 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаалыг намайг “хатгасан” гэж яллаж байгаа юм байна. Би давж заалдана. Тавантолгойн ордыг Монголын ард түмэнд үлдээсний хариуг бүлэглэл надаас авч байна. Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өш хонзон авч надад ял оноолоо. Гол зорилго нь намайг 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй гэдэг 5 жилийн ял өгч байна. Яаж зүгээр байх вэ гээд нэмээд 40 сая төгрөгөөр торголоо. Шат шатны шүүхээс үнэн, зөвөө олно. Ер нь бол 2022 оны арванхоёрдугаар сард “Нүүрсний” гэх хэргийг зарлаад, намайг хоёр сар шалгасан ч нотолж чадахгүй хаасан. Гэтэл “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Б.Энх-Амгалан сайд 2019 онд хоёр тушаал гаргахад нь намайг хатгасан гэж байна. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах нь бүү хэл танихгүй. Сая л шүүх хурал дээр харлаа” гэх нь тэр.
Нүүрсний хэргээр шүүхээс 5.9 жилийн хорих ял авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ч зохиомол хэрэг тохож байна” гэж мэлзсэн.
Хамт шүүгдсэн УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхантай 2013 онд л танилцсан. Т.Аюурсайханы хувьд нүүрсний тухай юу ч мэдэхгүй” гэж хамгаалж байв. Гэтэл Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгах үеэрээ түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг нь тогтоосон. Мөн бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан болох нь тогтоогдсон. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хувьд ч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт бүлэглэл байгуулсан гэдэг зүйчлэлээр яллагдагчаар татагдан, шүүхээс гурван жилийн хорих ял сонссон.
Тэдний учруулсан хохирол хэдэн тэрбумаар яригдаж байхад оноосон ял нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн этгээдэд оноосон шиг ял шийтгэл ногдуулсан нь мөн л авлига, албан тушаалын хэрэг үйлдэгчдийн толгойг илсэн шийтгэл гэж олон нийт үзсээр буй.
Цаашид цагаан захтнуудад оноох ял ийн зөөлөн буусаар байвал хуулийнхан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчтэй хэчнээн тэмцээд үр дүн гарахгүй байж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ