–Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Хотод барилга их баригдаж байна. Ногоон байгууламж барих газаргүй болох вий гэсэн болгоомжлол байгаа. Үүнд анхаарч өгөхийг хүсье…
-Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах нь зөв….
-Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна…
Улаанбаатар хотын асуудал бэрхшээлийг хамгийн сайн мэдэх хүмүүс нь хорооны ажилтнууд. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг тэд Ерөнхий сайдтай уулзах үеэр санал, сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш. 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан, зорилгоо “Улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлоод 23 жил өнгөрч байна. Энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотын их төвлөрөлийг багасгаж, хот хөдөөгийн амьдралын ялгааг бууруулна гэсэн үг.
Гэхдээ яг бодитоор нь хэрэгжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон реформын хүрээнд авч үзсэн нь үгүй. Бүр жалга, довоор нь хуваасан улс төрийн тогтолцооноосоо болж, улсын төсвөө талаар нэг цацаж ирснээр хот нь ч, хөдөө нь хөгжсөнгүй.
Бетонон ширэнгэ босгосноо бүтээн байгуулалт хөгжил, дэвшил гэж тодорхойлохгүй юм бол, нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдардаг нийслэл хот “хүхэртийн хөндий” болж хувирсан нь “хоолой аргуулсан” гашуун үнэн. Нөгөө талдаа хөдөө нь хөгжлөөс хол хоцорч, сумын төвийн хэдэн барилгаа тойрч амьдрахаас өөрөөр ажлын байр, ашиг орлогын эх үүсвэр нэмэгдсэнгүй.
Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг гэх хуучны үг худал болох нь Улаанбаатарын хүн амын тоо өсөхийн хэрээр зовлон нь нэмэгдэж, эсрэгээрээ хүн нь цөөрөх тусам хөдөө орон нутаг эзэнгүйдэх бас нэгэн бэрхшээл бий болсноос харагдана. Цаашлаад зудад гурван сая малаа алдсан малчид гэрээ ачаад Улаанбаатарын аль нэг захад хашаа хатгаад амьдарна гэвэл яах вэ?. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэж буй тэднийг хөөж туух уу?! Гэхмэтчилэн тоочоод байвал зовлон барагдахгүй.
Жалгын улс төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр том бодлого, ирээдүйн хөгжлийн тухай ярих нь илүүц.
Ямбыг нь эдлэж яваагийн хувиар улс орны болон Улаанбаатарын зовлон бэрхшээл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёрт наалдана, ял зэмийг хариуцах нь тодорхой. Гэхдээ Улаанбаатарыг ч, улс орны хөгжлийг ийм болтол нь дордуулсан тэд биш ардчиллыг эрх дураараа амьдрах эрх гэж ойлгосон иргэд, Улаанбаатарын “урбан” төрхийг нь алдагдуулж, газар болгоныг газрын үсэг бүхнээ авлигаар арилжсан албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүйн алдаа, завхрал.
Л.Оюун-Эрдэнийн реформыг дэмжих үндэслэл нь эдгээр үйлдэл, эс үйлдэхүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцооны гажуудлаа засахаас реформоо эхлүүлсэн. Тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд, улсыг 13 тойрогт , тэр дундаа Улаанбаатарыг сонгуулийн зургаан тойрогт хуваасан нь нийслэлийг эл зургаар бүсчилж хөгжүүлнэ гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бас нэг сайн тал нь төвлөрсөн эрх мэдлүүдийг задлана, 42 дүүрэгтэй болсноор нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын эрх мэдэл жижгэрнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хорин минутын хот”-ын тухай ярьж байна. Улаанбаатар хотын түгжрэл хотын төвийн 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой гэнэ. Тиймээс хотын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэнэ гэнэ. Дүүргүүдийг задлана гэнэ. Төрийн үйлчилгээг заавал хотын төвөөс авах албагүй гэнэ. Түгжрэл бухимдал үүсгэхгүйгээр 20 минутын хугацаанд хотоос үйлчилгээгэ авдаг болно гэнэ. Төрийн анхан шатны нэгжийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгоно гэнэ.
Түүний энэ яриа сонгуулийн шоу болчихгүй бол төрийн захиргааны 50 байгууллагыг хотын төвөөс гаргах нь зөв. Дүүргүүдийг задлаж, эрх мэдлийн төвлөрлийг арилгах нь бүр зөв. Улаанбаатарыг утаа, түгжрэлээс нь салгаж чадвал түүний зураг хананд хадагдах байтугай нэр нь түүхэнд үлдэнэ, гарцаагүй..!
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ