Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Александр Сирськийг томилсон билээ. “Төмөр генерал” гэгддэг Залужныйн албыг үргэлжлүүлж буй “Цасны ирвэс” хочит Сирськийн талаар НЬЮС агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.
ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн туршид Украины армийн нэгэн гол дүр байсан Александр Cирський 1965 оны долдугаар сард тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Владимир мужид төржээ. Тэрбээр 1980-аад оноос хойш Украинд амьдарсан.
Тэр Украин эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдийнхээ нэгийг хүнд үрчлүүлсэн ба өдгөө Австралид амьдардаг ажээ.
ЗӨВЛӨЛТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Украины Зэвсэгт хүчний бусад командлагчийн нэгэн адил тэрбээр Москвад Цэргийн дээд командлалын сургуульд суралцаж, Зөвлөлтийн артиллерийн корпуст таван жил алба хаажээ.
Тэрбээр 1991 онд ид залуу офицер байхдаа буюу ЗХУ задран унах үед Украинд ажиллаж байсан.
Украины цэргүүд 2014 онд Донецк, Луганск мужуудад Москвагийн дэмжлэгтэй босогчдын эсрэг тулалдахад Сырский тэднийг тэргүүлж байв. Энэ үеэс Cирськийг "Цасны ирвэс" гэж нэрлэх болсон.
2023 оны сөрөг довтолгоо төдийлөн амжилттай болоогүй тул Зеленский, Залужный нарын харилцаа муудсан гэдэг. Залужный албан тушаалаа хүлээлгэж өгснийхөө дараа улс төрд орж, Зеленскийтэй өрсөлдөх нь гэсэн цуу яриа ч өнгөрсөн хугацаанд гарсан. Гэвч Залужный улс төрийн амбицаа олон нийтэд илэрхийлж байсан удаагүй.
Сирськийг энэ албан тушаалд томилохдоо Зеленский байлдааны талбар дахь туршлагыг нь магтаж, дайны эхний үе шатанд Киевийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн, Украины 2022 оны аянга довтолгоонд ч чухал үүрэг гүйцэтгэсэн гэх зэргийг нь дурджээ.
Ерөнхий командлагчаар томилогдохынхоо өмнө Сирський Украины хуурай замын армийн ахлах командлагчаар ажиллаж байв.
Cирський цэргүүдийнхээ сэтгэл санаанд маш их анхаарал тавьдаг. Фронт дахь цэргүүдийг байнга эргэж тойрч, сэтгэл санааг нь анзаарах бол түүний хувьд хамгийн чухал ажил гэдгийг тэр хэлж байв. Гэхдээ зарим эх сурвалж түүнийг зорилгодоо илүү анхаарч, цэргүүдийн амь насыг хоёрдугаарт тавьдаг гэж шүүмжлэх нь ч бий. Нэг үгээр хэлбэл түүнийг Зөвлөлтийн бүтээгдэхүүн гэж үздэг.
Тэр бүү хэл Сирськийг хүний амийг юман чинээ тоодоггүй “яргачин” гэж тодорхойлох нэг нь ч байдаг аж.
“Энэ хүн намайг фронт руу үхүүлэхээр илгээсэн. Дарга нар эсвэл авлигын талаар гомдоллосон цэргийн алба хаагчдыг тэр фронтын хамгийн аюултай хэсэг рүү илгээдэг. Мөн амь насанд аюултай шарх, гэмтлийг нь тоох хэрэггүй гэж эмч нарт зааварчилдаг. Хоёр хөлгүй хүн хүртэл алба хаасан хэвээрээ байна” гэж нэрээ нууцалсан нэгэн цэрэг Сирськийн тухай ярьжээ.
Түүнчлэн Их Британийн цэргийн тагнуулын ажилтан асан Фрэнк Ледвиж түүнийг Залужныйтай харьцуулж, цэргүүдийн дунд нэр хүнд багатай гэж хэлжээ.
УКРАИНЫ БААТАР
Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн үед гаргасан Украины хамгийн том ялалтын заримыг Cирський удирджээ. Дайны эхний саруудад нийслэл Киев хотын хамгаалалтыг амжилттай удирдаж, 2022 оны дөрөвдүгээр сард Украины баатар болсон байна. Нийслэл Киевийг Оросын цэргүүдээс хамгаалах хамгаалалтын гол шугамыг Сирський ба түүний цэргүүд барьжээ. Түүний зөвлөмжийн дагуу Украины цэргүүд хотын эргэн тойронд хоёр шатлалт хамгаалалт байгуулсан юм. Энэ үед авсан цуврал арга хэмжээнүүд нь Оросын довтолгоог чамлахааргүй хэмжээнд сааруулсан гэж шинжээчид үздэг. Оросын арми Киевт хүрч чадалгүй байсаар эцэст нь ухарсан юм.
Тэрбээр Харьков, Херсон хотуудын амжилттай сөрөг довтолгоонд оролцсон. Улмаар 2022 оны намар болон 2023 оны хавар тэр Соледар, Бахмутыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан ч Украины арми эцэстээ ухрахаас өөр аргагүй болсон билээ. Сирський Бахмутад үүрэг гүйцэтгэж байх үедээ “Вагнер”-ын хүчийг амжилттай сулруулж байсан гэж зарим цэргийн шинжээч үздэг.
Сирський 2022 оны арванхоёрдугаар сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Украины арми Зөвлөлт, тэр ч байтугай орчин үеийн Оросын армиас тэс өөр арга барилаар ажиллаж байгаа” гэдгийг онцолжээ.
“Тэд хүмүүсийг их бууны сум болгож байна. Бид тэс өөр арга барилтай. Бидний хувьд ард түмэн бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Цэргүүдийг ч мартаж болохгүй. Гадагшаа гар, цэргүүдтэй ярилц, уулз. Тэгж байж тэнд юу болоод байгааг ойлгоно” гэж тэр хэлж байв.
Сирський Зөвлөлтийн зэвсэгт хүчин хэрхэн ажилладагийг мэддэг учир энэ нь давуу тал болно гэж ажиглагчид үздэг. Цэргийн шинжээч Нико Ланге хэлэхдээ “Сирський тогтвортой хамгаалалтад анхаарал хандуулах магадлалтай. Тэр Оросын зэвсэгт хүчнийг сайн мэддэг хүн гэдэгт би итгэж байна” гэжээ.
Эх сурвалж: DW, REUTERS