Ялалтын төлөө сүүлийн мөч хүртэл бүх хүч, мэхээ дайчлан шавхдаг нь тамирчин хүний мөн чанар. Самбо бөхийн дэлхийн аварга, гавъяат тамирчны цол тэмдэг түүнд тийм ч хямдхан олдоогүй нь тодорхой, ийм зан чанар улстөрч Х.Баттулгад байдаг, эрх мэдлийн төлөө тэрбээр сүүлчийн мөч хүртэл улс төрөө хийсээр байх нь гарцаагүй.
Нэгэнтээ туг барьж үзсэн, өдгөө “тугал хариулж” яваа, улс төрөөс зууралдах шалтаг шалтгаан ихтэй, Төрийн ордонд орж байж хүний, өөрийн эрх ашгийг хамгаалж, хэрэгжүүлэх эрх мэдэлтэй болохоо ойлгосон, тооцсон хүний хувьд Х.Баттулга тийм амархан тэтгэвэртээ суучих улстөрч биш юм. Төрийн авлига, хулгай болгоны ард нэр нь байнгын цохоостой, хэрэг нь хэзээ нэгэн цагт “сэргээх”-эд бэлэн, хэн нэгний ширээн дотор хэвтэж байгаа нөхцөлд тэр тайван ч унтаж чадахгүй байгаа нь лав.
Эцгийнхээ нэрнээс илүүтэй “Женко” нэрээрээ “овоглож” ирсэн Х.Баттулгын хол, ойрын ганц хүсэл гэвэл Монголын улс төрийн дүрэм зохиогч болох, энэ нь түүний үг-үйлдлээс нь нэн тодорхой уншигдаж, харагдаж байна.
Эрх мэдлийн төлөө чөтгөртэй нөхцөж чадах арга заль ихтэй, гудамжны зураачаас тэрбумтан болтлоо баяжсан сийрэг толгойтой, төрөлх араншин, бодгаль хүнийх нь зан чанараас харахад Х.Баттулгын цаашдын зорилго парламентын сул гишүүн төдийгөөр хязгаарлагдахгүй нь лав.
Одоогийн Л.Оюун-Эрдэнийн суудал ч түүнд сонин биш, “Монголын номер нэг” байж үзсэн түүний улс төрд “Comeback” хийх болсон гол зорилго нь У.Хүрэлсүхийн сууж буй сандал. Тэр угаас том амбийцтай, жижиг наймаанд хөрөнгө, хүч хаядаг хүн биш.
МАН үнэмлэхүй засагласан найман жилийн хугацаанд Үндсэн хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан он цаг нь 2019 ба 2023 он. Төрийн тэргүүнээр Х.Баттулга, Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр У.Хүрэлсүх ажиллаж асан 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгож, Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох эрх мэдлийг олгосон юм. Тэрхүү өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан нэр бүхий хүмүүс дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хязгаарлаж өгснөөр Х.Баттулгын Монголын Путин болох төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Магад, олны хэлдгээр “халхын заяа түшсэн” байх, хамгийн гол үнэн нь өөрийнх нь бичиг үсгийн боловсролтой холбоотой. Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох заалтыг анхны төсөл дээр хэрэгжих хугацааг нь 2025 оноос огноолдсон боловч өөрийнх нь Тамгын газрын даргын оролцоотойгоор 2020 оноос хэрэгжихээр УИХ-аар батлагдсан нь З.Энхболд-Х.Баттулга, Х.Баттулга-У.Хүрэлсүх нарын улс төрийн зам салах шалтаг-шалтгаан нь болсон. Өөрийг нь нэр дэвших эрхгүй болгосныг "баруун гараа дээр нь тавиад ёсчилсон"-ыхоо дараа мэдсэн Х.Баттулга МАН-ыг тараах зарлиг гаргаж, Монголын улс төрд тийрэн болоод түйрэн тавих гэсэн оролдлого нь нэгэн хаврын “синдром” төдийгөөр дуусгавар болсон билээ.
Гэвч, Х.Баттулгын Путины “хойт дүрээр” тодрох гэсэн хүсэл, зорилго нь огтоос унтраагүй болохыг, Женког Монголын төрөөс явуулсан ч, тэр Монголын төрөөс явахгүй нь түүний барьж яваа хөх тугаас, “Хөх туг” тойрсон хүрээллийнхний акц, амбийцаас нь илхэн. Михайлд нэг бодол байдаг бол Женко.Баттулгад арван хувилбар бий, түүндээ хүрэх гэж хөрөнгө мөнгө, хүч мэхээ багагүй хаях ч болсон. Учир нь, Женко.Баттулга улс төрд орших, эс оршихийг нь шийдвэрлэх мөч нь ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгууль юм.
Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг баярлуулан байж “Монголын төрөөс зайлахгүй” болохоо Х.Баттулга харуулж, Ардчилсан намын албан бус “ХӨХ ТУГ” болжээ. Тэгэхээр “Хөх туг” хөдөлгөөний тэргүүн Женко.Баттулгын дараагийн улс төр юу вэ?. Асуултад хариулах гээд үзье!
1. Тэрбээр нэгдүгээр сард Төрийн ордонд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж, ил гарч ирэхдээ хэвлэлийнхний тавьсан асуултад товч хариулсан нь “Би нэр дэвшихгүй байх”. УИХ-ын сул гишүүн болох нь түүний гол зорилго ердөө биш. Үүний оронд АН-ын нэр дэвшигчдийн 50 хувийг /126:2=63/ Л.Гантөмөртэй наймцаалцах нь цаашдын төлөвлөгөөнд нь хэрэгтэй. Х.Баттулга парламентад хэр их кноп цуглуулна, тэр хэмжээгээр туйлын ганц зорилгоо гүйцэлдүүлэхэд дөхөм болно.
2. Х.Баттулга байж болох бүх хувилбарыг тооцож, төлөвлөчихсөн суугаа нь нэн ойлгомжтой. Монголдоо контр мэхээрээ гайхшируулдаг улстөрч, 2021 онд У.Хүрэлсүхэд гэнэ сэрэггүй тонгоруулсныг эс тооцвол нэг дархан мэхтэй. Хятадын эсрэг суртал ухуулгаар хар массын тархийг төвөггүйхэн угааж чадна. Хар пиараар гаршсан бүхэл бүтэн баг, троллууд түүнд хангалттай бий. Монголчуудын сэтгэл зүйд яаж, юу гэж нөлөөлөхөө маш сайн мэдэрч тоглодог улстөрч агаад хамгийн сүүлд газрыг зуун жилээр гадныханд өгөх асуудлыг дэвэргэж, Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийг төслийг хойшлуулахад хүргэсэн билээ.
3. Ардчилсан намыг бодсондоо, ардчилалд хайртайдаа МАН-тай өрсөлдөх, энэ агуулгаар сөрөг хүчинд хүчин зүтгэх хүн мэдээж биш. МАН дотор түүний фракцийнхан Ж.Чинбүрэнгээс эхлээд нэрлэгдэнэ. Шадар сайд С.Амарсайхантай худ ургийн холбоотой. Ерөнхийдөө өнөөдрийн Үндсэн хуулийн дагуу Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй ч парламентын дөрөвний гурвыг худалдаад авчихад Монголын Путин болох боломжтой болно. Дөрвөн жилийн хугацаанд хоёр ч удаа Үндсэн хуульд гар дүрсэн МАН-ын арга тактикийг тэрбээр ашиглах боломжийг анаж суугаа.
Үүний төлөө Женко.Баттулга АН-ын албан тушаал болгоныг худалдан авахад хөрөнгө зарцуулсан. Түүнээс гадна өнгөрсөн дөрвөн жил улс төрийн намуудын “жижиглэнгийн худалдаа” эрхэлсэн нь Төрийн тэргүүн болгох төлөвлөгөөнийх нь нэгээхэн хэсэг юм.
4. Аливаа улс төрийн акц зорилгогүй, зохион байгуулалтгүй байна гэж үгүй. Олон нийтийн сүлжээнд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжицгээе гэж гэв гэнэт сэвэх болсны цаана их олон зүйл ил тод, ойлгомжтой болж байна. Н.Алтанхуяг АН-ын Тэргүүн дэд дарга болох саналаа тавьсан нь үнэн бол Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг хоршил АН-ыг авах хүсэлтэй байна гэсэн үг. АН хэрэвзээ ялбал Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно гэх хов хоосноос цацагдаагүй нь мэдээж. Энэ бүхнээс хамгийн товч тодорхой уншигдаж буй нь Х.Баттулга Монголын Путин болохын төлөө СҮҮЛЧИЙН МЭХЭЭ хийж байгаа юм байна. Хэрэв түүний төлөвлөгөө бүтэх аваас Москвагийн Монгол дахь БЭТ бий болно гэсэн үг.
Холбоотой мэдээ