Хамгийн гол нь эрчим хүч тэгээд метро, дагуул хот…

Хамгийн гол нь эрчим хүч тэгээд метро, дагуул хот…

Хамгийн гол нь эрчим хүч тэгээд метро, дагуул хот…

“Өндөр хүчдэлийн шон дагаад

Өргөө гэрүүд нь сүндэрлэж…”  байдаг нийслэл хот маань цахилгаан, дулааны хүчин чадлаасаа 60 хувиар давсан гэвэл уншигч та итгэх үү.

Итгэх эсэх нь таны эрх ч мэргэжилтнүүд үүнийг хэлж байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 мВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсч байгаа гэх судалгаа гарчээ.

Тэртээ тэргүй цахилгааны хэрэглээ нэмэгдэж,  ачаалал хэтэрсэн юм байна. Тэгвэл одоо яана гэж. Олон жилийн өмнө бодлого гэж тодорхойлоод цаасан дээр буулгасан төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Одоогоос зургаахан жилийн дараа 2030 онд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоо боловсруулагдсан бөгөөд 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55 хувийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орно гэсэн үг юм. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьсан 30 жилийн санааг одоо л бодит ажил хэрэг болгох ёстой. Хамгийн сүүлийн тооцооллоор импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг гэх судалгаа гарчээ.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1549 мВт. Өнгөрсөн өвөл энэ чадлаас 97 мВт-аар давж, ачаалалтай байж. Энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна.

Манай улсын хөгжлийн гацаа чухам энд л байгаа. Бас энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар, нийслэл хөдөлж эхэлсэн байна. Эрчим хүчний дутагдлаа шийдвэрлэхгүйгээр Улаанбаатар хотод хүн эрүүл, таатай амьдрах орчин бүрдэх аргагүй болжээ. Үүнийг тайлбарлах гээд үзье.

Жишээ нь, бид метротой болно гэж ярьсаны бараг 20 жилийн ой болох гэж байна. Яагаад өнөөг хүртэл ажил хэрэг болсонгүй вэ гэдэг асуултын хариулт бол “Барьж болж байна. Эрчим хүчээ яах вэ” гэдэг ацан шалаа юм. Үүнийг улстөрчид олон жил олон нийтээс нуулаа. Харин өнөөгийн нийслэлийн удирдлагууд цогцоор шийдэхээр ямартаа ч бариад авсан харагдаад байгаа. Улаанбаатар хотод Метро төслийг 2024-2030 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт зардалыг 1,337.6 сая ам.доллар, үүнээс төслийн зөвлөх үйлчилгээний зардалд 53,504 мянган ам.долларыг зарцуулахаар урьдчилан тооцоолжээ. Метроны шугам нь Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км урт байх бөгөөд газар доогуурх байгууламжийг 6.6 км байхаар, метроны буудал хооронд 1.3 км зайтай, нийт 14 буудалтай, зорчих хугацаа 27 минут зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр ирэх сайн талууд асар их. Шугамыг дагасан бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, хотын хөдөлгөөний эрчим болоод зам тээврийн осол буурах гээд юу эсийг хэлж барах вэ дээ. Харин энэ бүхнийг шийдэхийн тулд дахиад л нөгөө эрчим хүчний асуудал руу гулсаад орох болно.

Мөн дагуул хот байгуулах асуудал байна. Одоогоос гурван жилийн өмнө 2021 онд боловсруулсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт “Дагуул хот” гэдгийг “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тодорхойлоод нийт 12 дагуул болон хаяа хот байхаар тодорхойлж,  6 сая хүн оршин суухаар төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагууд ч дагуул хотын асуудлыг сүүлийн үед идэвхжүүлж эхэллээ. Холбогдох хууль тогтоомж, төлөвлөлтийг ч боловсруулсан байна.

Тухайлбал, “Шинэ Зуунмод” хотыг аваад үзье. Өнөөдөр Хөшигийн хөндийд “Чингис хаан” нисэх буудлыг барьсанаар 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Жилдээ олон улсын 9600, дотоодын 5300 буюу нийт 15 мянга орчим нислэг үйлдэж байна. Энэ бол 1.7 сая зорчигч гэсэн үг. Дэлхийн олон оронд нисэх буудлын ийм төвлөрөлийг дагуулж хот байгуулдаг жишиг бий. Нийслэлийн төвлөрлийг хуваах, аялал жуулчлалд таатай орчин бүрдүүлэх, хамгийн гол нь орчин цагийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэн асар сайн зохион байгуулалттай хот байгуулах боломж үүснэ гэсэн үг. Үүнийг ч нийслэлийн өнөөгийн удирдлагууд соргогоор анзаарч, хот байгуулах чиглэлд нэлээд дорвитой судалгаа, төлөвлөгөө боловсруулж, хуулийн төслийг нь ч хийгээд байгаа аж. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад тус хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба нийслэл хотын болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх аж. Түүнчлэн нутаг дэвсгэр нь амралт, аялал жуулчлалын, олон нийт худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа, шинжилгээний, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүстэй байхаар хуульд зааж, бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлох юм байна.

Энд дурдагдаж байгаа бүс болгоныг задалж бичвэл нэлээд сонирхолтой дүр зураг харагдана. Жишээ нь шинэ хотын 1000 га талбайд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэл гаргажээ. Энд 23 мянган ажлын байр бий болж, жилд 3 сая жуулчин ирж байхаар төлөвлөсөн байна. Нийт 9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах аж. Тэгвэл 981 га талбайд Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв байгуулснаар 22 мянган оюутан төвлөрч, тэдэнд зориулсан 580 мянган мкв талбай бүхий барилга баригдах тооцоолол гарчээ. Мэдээж хотыг дагуулан Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс байгуулж таарна. Үүнд зориулж 2588 га талбайг төлөвлөсөн бөгөөд 5000 орчим ажлын байр, жилд 4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоолол хийжээ. 2040 он гэхэд Шинэ Зуунмод хот жилдээ 7 сая тонн ачаа нэвтрүүлдэг болох аж. Энэ мэтээр нуршилгүйгээр баримт бичигт дурдсан тодорхойлолтыг товчлон хүргэхэд “Шинэ Зуунмод хотыг байгуулснаар бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ач холбогдолтой юм” гэж дүгнэсэн байна. Шинэ Зуунмод хотыг байгуулсанаар Хөшигийн хөндийд 150 мянган хүн суурьшина гэж тооцоолжээ. Тодруулбал, төлөвлөлтөд хамрагдсан 31501 га талбайд Шинэ Зуунмод хотод 34 мянган, Зуунмод хотод 70 мянга, Майдар хотод 40.8 мянга, Сэргэлэн суманд 3500 хүн байх юм. Мэдээж, Улаанбаатарын адил ирээдүйд тулгарч болох томоохон тэлэлтийг урьдчилан тооцоолж байгаа нь лав. Хөшигийн хөндийн хот өнөөдөр Шинэ Зуунмод хот нэрээр төлөвлөгдөж байгаа боловч ирээдүйд Шинэ Улаанбаатар хот болох ч үндэстэй билээ.

Мөн шинээр баригдах дагуул хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газар тухайн оршин суугчийн гэрээс 15 минут дотор алхаад хүрчих зайд байх аж. Шинэ Зуунмод хотод явах тээврийн хэрэгсэл хос, эсхүл цахилгаан тэжээлтэй байх асуудал ч туссан байна. Энэ бүхнийг зөв төлөвлөн хийснээр эрүүл аюулгүй, бухимдалгүй хот бий болох суурь тавигдах юм. Үүний тулд нэн тэргүүнд дэд бүтцийг барьж байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорилгоо болгож. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж явахаар болсон байна. Түүнчлэн газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байхаар төлөвлөжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан, гэрээ байгуулснаас хойш 6 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглуулах гэрээг цуцлах арга хэмжээ авах аж.

Харин эргээд эхэнд дурдсан сэдэв рүүгээ эргэхэд энэ Шинэ Зуунмод хотод 195 МВт эрчим хүчний нэмэлт хэрэгцээ байгаа тухай судалгаа өгүүлж байна. Үе, үеийн хотын дарга нар хальтиргаа гулгаа, түгжрэл, утаа гэх нүдэнд харагдах зүйлийг л анхаарч ирсэн. Гэтэл нүдэнд харагдахгүй мөртөө амин чухал нэг зүйл нь эрчим хүч байсаар иржээ. Тийм ч учраас өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг анхаарч, одоо байгаа асуудлаа мэдэрч байж, бодлого илүү тодорхой болно. Нэгэнт засаг бодлогодоо тусгаад, нийслэл хотын эрх зүйн байдлыг бодлогоор өөрчилсөн юм бол эрчим хүчний асуудлыг ч холбиролгүй шийдэхээр урагшлах ёстой. Олон нийтэд хандаад хэлж болдог зүйл, болдоггүй зүйл төрд бий. Гэхдээ Алсын хараа 2050,  нийслэлийн бүсчилсэн хөгжлийн 2040 он хүртэлх төлөвлөгөөнд эрчим хүчний асуудлыг шийдэхээр тусгаад байгаа юм байна.

Тодруулбал, нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн байна. Одоогоос дөрвөн жилийн дараа буюу 2028 онд Бөөрөлжүүтийн 300МВт-ын хүчин чадалтай цахилгааны станц, Багануурын 400МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай гэх судалгаа гарчээ. Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2028 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт найман байршилд барихаар төлөвлөсөн. Тодруулбал, 75 МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр нэг байршилд, 100 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц гурван байршилд, 150 МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр нэг байршилд, хог шатаах эх үүсвэр гурван байршилд барихаар төлөвлөсөн” гэж хэлсэн удаатай.

Тэгэхээр Засгийн газар хийгээд нийслэлийн удирдлагуудын хэмжээнд эрчим хүчний асуудлыг шийдэхээр хөдөлж эхэлжээ. Одоо л жинхэнэ метро, дагуул хот байгуулагдах нөхцөл бүрдэх шинж тэмдэг ажиглагдаж байна гэсэн үг. Ажил хэрэг болох эсэх нь тун олон зүйлээс шалтгаална. Наад зах нь төрийн тогтвортой байдалтай холбоотой. Нэг нэгнээ үгүйсгэх дуртай монголчуудын нийтлэг араншингаар олон төсөл санаачлагын хэмжээнд цаасан дээр үлдэж билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-13 133.159.117.33

Аймгуудын төвүүддээ цахилгаан станцууд барих хэрэгтэй. Яаралтай. Сүүлийн үед уурын зуухыг дулааны станц гэж гоёор нэрлээд барьж байгаа нь үнэндээ мөнгө дэмий үрж байна л гэсэн үг.Бага оврын цахилгаан станц барьж байж л аймгийн төвүүд хөгжинө. Найдвартай цахилгаан хангамж л хөгжилд хүргэнэ. Бараг бүх аймаг нүүрстэй.

Avatar

Зочин 2024-03-13 103.140.10.220

зайлж үз лалрын бааснууд минь. 30 гаруй жил ингэмээр байна, тэгмээр байна гээд хуцлаа.

Avatar

Бб 2024-03-13 66.181.180.209

ТЭЦ-үүдийн дэргэд үнсний сан гэж хуурайших үед уушигны тоосжилт үүсгэдэг зүйл байхад хүчин чадал нэмэгдүүлнэ гэх юм.Зөвхөн цахилгаан нийлүүлдэгийг усны эх үүсвэртэй бол хаана ч барина. Барилгыг цахилгаан бойлероор халааж болдогыг мэддэггүй байх уу даа.

Avatar

DR. ADITYA 2024-03-13 129.205.113.185

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-13 103.26.192.43

сонгууль дөхөхөөр л гэнэт ухаан орсон юм шиг сайхан үгс шидэж молиго өмхүүлдэг аргаа хэзээ болох вэ.

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-13 78.174.209.126

Гэр хорооллынхныг нар, салхины жижиг төхөөрөмжүүдээр хангаад, гал түлэхийг хоригловол яасан юм бэ? Утааны эсрэг гэж хэдэн тэрбумаар нь зардаг хөрөнгөө нар, салхины төхөөрөмж үнэгүй суурилуулахад зарж болохгүй юу?

Avatar

ХНН 2024-03-13 202.179.24.40

НААХЫГ ЧИНЬ 35 ЖИЛ ЯРЬЦАН ШД…

Avatar

Зочин 2024-03-13 59.153.113.55

жолоочгүй автобус шиг л юм хийгээд бна

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.184.112

Оюунэрдэнэ яг энэ улс орны төлөө санаа зовдог хүн үү…эсвэл Жонхуугийн хүслийг гүйцээгч үү. яагаад ТЭЦ-3-ын өргөтгөлийн ажлыг санаатайгаар гацаагаад байгаа юм. JEEP тарааж байгаа МАН-ыг мөнгөгүй гэх үү. 1 2 -р сард л 10 сая тонн нүүрс экспортолсон. Мөнгө нь нь сонгууль руу яваад байна уу. 5 толгойн цахилгаан станц дээр ажил эхлүүлэхэд компани ч тэр ,мөнгө ч тэр гацах юм юу ч алга. Моннисын Чулуунбаатар мэтийн БИ ЧАДНА бригад л хэрэггүй

Avatar

Зочин 2024-03-13 203.98.76.9

Суурилагдсан хүчин чадал 1549 МВТ үүний хэд нь оргил ачааллын үед ажиллах вэ гэдэг нь асуудалтай Мөн ДЦС-4-ийн нэг турбин зогсоход 150 МВТ орчим хэрэглээ хязгаарлагдана. Метро гэхээсээ өмнө Эрчим хүчний эх үүсвэртэй анхаарах хэрэгтэй. Бөөрөлжүүлтийн ЦС-ыг метроонд зориулж бариагүй шүү

Avatar

Нэргүй 2024-03-13 202.21.107.58

Эрчим хүч- бензин шатахуун-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж