Тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог чухал арга хэмжээний нэг бол "Oscar”-ын дараах "VanityFair” үдэшлэг юм. Наадмын улаан хивсний ёслолд оролцогчид ихэвчлэн элегант байхыг хичээдэг бол үдэшлэг дээр жинхэнэ загварын өрсөлдөөн эхэлдэг. Энэ жилийн гол тренд өнгө, загварыг аль хэдийнэ тодорхойлсон байна. Арга хэмжээ, баяр ёслолд хэзээ ч таамаглаж байгаагүй загвар бол металл мэт загвар, материал билээ. Тэгвэл олон алдартан уран зөгнөлт кино дээр гардаг шиг металл загвараар хувцаслажээ. “ Gucci”,” Ballenciaga”, “Mugler” зэрэг өндөр зэрэглэлийн загвар тодорхойлогчид металл өнгийг голчлон хэргэлсэн ба үүгээрээ ямар ч хүнд гайхалтай зохих шинэ трендийг бий болгожээ. Маргот Роббигоос эхлээд дуучин Ашерт хүртэл металл загвар сайхан зохиж байна. Алтан шар, мөнгөлөг саарал, бодит мөнгөн ус мэт өнгөнүүд ямар ч дүр төрхтэй уусаж чаддагийг дараах зурагнуудаас харж болно.
Хүний арьсны өнгийг хүйтэн болон дулаан суурь өнгөөр ялгадаг. Хэрэв хүйтэн суурьтай бол мөнгөлөг хувцас гайхалтай зохино. Дулаан суурьтай бол алтлаг өнгө илүү дур булаам харагдуулна гэж загварын агентууд мэдээлсэн. Үүний адил хувцасны шүүгээнд байгаа металл өнгөтэй хувцаснуудаараа энэ жил гангарч болох нь.
Мөн 1990, 2000 оны үеийн хүйсний ээмэг моданд ороод байна. Залуу охид бүсгүйчүүд хүйсэндээ ээмэг зүүх нь 2000-2010 онд дэлгэрээд байсан ч хэсэг хугацаанд моданаас гарсан. Тэгвэл алдартай нөлөөлөгчид уг модаг дахин дэлгэрүүлэх болжээ. Өнөө цагт охид бүсгүйчүүд ихэвчлэн хэвлий хэсгээ ил гаргасан цамц сонгож өмсдөг болсонтой энэ нь нягт холбоотой. Холливудын эмэгтэй поп оддын дийлэнх нь хүйсний ээмэгтэй бөгөөд энэ нь дур булаам байдлыг нэмэгдүүлдэг гэж загвар зохион бүтээгчид үздэг. Билли Эйлиш, Даниэль Розберри, Маргот Робби зэрэг одод хүйсний ээмгээ корсет өмсгөлтэй хослуулан өмссөнөөр мода эргэдгийг батлав. “Vanity Fair” Оскарын үдэшлэг дээр одод хүйсний ээмгээ ил гаргаж тачаангуй дүр төрхийг бүрдүүлжээ. Реппер “Ice Spice” нь “Dolce & Gabbana” нэхмэл торон даашинзны цаана ил харагдахуйц хүйсний ээмгээ гаргасан бол Ванесса Хадженс зэрэг хуучны боловч тайзнаас хараахан буугаагүй поп одод ч мөн дээрх чиг хандлагыг дэмжин, жирэмсэн байсан ч хүйсний ээмэг зүүж болохыг нотолсон байна. Металл загвар, хүйсний ээмэг энэ жилийн гол онцлох тренд болсон тул сонирхоод үзэхийг загвар зохион бүтээгчид санал болгоод байна.
Эх сурвалж: Vogue
Нэргүй 2024-03-13 213.87.162.230
Харуулах боломжгүй.