Ли Цяны нөлөө улам буурч буйг илтгэх чуулган өндөрлөв

Ли Цяны нөлөө улам буурч буйг илтгэх чуулган өндөрлөв

Ли Цяны нөлөө улам буурч буйг илтгэх чуулган өндөрлөв

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал долоо хоног үргэлжилсний эцэст гуравдугаар сарын 11-ний Даваа гаригт өндөрлөв. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд анх удаа Хятадын ерөнхий сайд хурлын дараах уламжлалт хэвлэлийн бага хурлыг алгассан гэдгээрээ энэ удаагийн хурал онцлог байлаа. Угтаа бол ийм хэвлэлийн бага хурлыг 30 жил тасралтгүй хийсэн аж.

Энэ үеэр болдог хэвлэлийн бага хурал нь Хятадын засгийн газрын дээд түвшний албан тушаалтнуудын хэвлэлийнхэнтэй харилцах ховор тохиолдол болдог. Гэвч албаныхны мэдээлж буйгаар ирэх жилүүдэд ч ийм хэвлэлийн хурал хийхгүй гэлээ.

Энэ нь Коммунист намын хоёр дахь гол хүн, засгийн газрын тэргүүлэх албан тушаалтан болох ерөнхий сайдын нөлөө улам бүр буурч байгааг харуулна гэж ажиглагчид дүгнэв.

Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 14 дүгээр Үндэсний хорооны хоёрдугаар чуулган гуравдугаар сарын 4-нд болсон. Энэхүү чуулган нь Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаас нэг өдрийн өмнө болдог уламжлалтай. “Хоёр чуулган” нь Хятадын улс төрийн хүрээний томоохон үйл явдалд тооцогддог.

Ши Жиньпин дарга хаалтын ёслол дээр үг хэлээгүй. Тэрбээр ихэвчлэн Үндэсний хорооны хоёрдугаар чуулганы хаалтын ёслол дээр үг хэлдэг.

Чуулганд 2956 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний хэлэлцэх сэдвүүдийн жагсаалтад долоон асуудал багтжээ.

Жил бүр тогтмол болдог энэхүү цугларалтын үеэр засгийн газар ажлын тайлангаа танилцуулдаг ба ихэвчлэн ёслолын шинж чанартай байдаг. Гэсэн хэдий ч энэ үеэр хийсэн мэдэгдэл нь засгийн газрын бодлогыг тодорхой хэмжээгээр илэрхийлдэг. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт эхэлж энэ Даваа гаригт өндөрлөсөн чуулганы үеэр зарласан зарим онцлох зүйлийг энд дурдъя.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛТ

“Citi”-ийн шинжээчид өнгөрсөн Ням гаригт Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр гаргасан байгаль орчинд хамаарах шийдвэрийн талаар тайлагнав. Тайланд дурдсанаар, эрх баригчид байгаль орчныг хамгаалах талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 2.5 хувиар бууруулах амлалт өгсөн байна.

2021 онд 3.0 хувиар бууруулах зорилт тавьсан боловч энэ нь цахилгааны тасалдалд хүргэсэн тул 2022-2023 онд ийм тоон зорилт тавиагүй аж.

Гэхдээ байгаль орчны бодлогыг чангатгаснаар дахин үүсэх өсөлтийн эрсдэлийг хөрөнгө оруулагчид анхаарч үзэх хэрэгтэйг шинжээчид сануулав.

ҮЙЛДВЭРЛЭЛД ЭДИЙН ЗАСГИЙН ҮҮДНЭЭС АНХААРАЛ ХАНДУУЛНА

Үйлдвэрлэлийн тухайд 2024 онд тав орчим хувийн өсөлттэй байх зорилт тавьсан гэж ерөнхий сайд Ли Цян Мягмар гаригт хурлын эхэнд хэлжээ.

Хуралдааны хүрээнд гурван том төлөвлөгөө гаргасан. Энэ дагуу аж үйлдвэрийн салбарын дэмжлэг нь ирэх оны Хятадын тэргүүлэх зорилт байх нь тодорхой. Тоног төхөөрөмжийн шинэчлэлд түлхэц үзүүлж чадвал таван их наяд гаруй юанийн дотоодын зах зээлийг бий болгоно гэдгийг энэ үеэр онцолжээ.

Харин үл хөдлөх хөрөнгийн асуудалд эсрэгээрээ бага анхаарал хандуулав. Энэ үеэр Хятадын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн сайд Ни Хонг “Дампуурах ёстой хөрөнгө оруулагчид байгаа бол дампуурах л ёстой. Олон нийтийн эрх ашгийг хохироосон хүмүүсийг шалгаж, шийтгэнэ” гэж мэдэгджээ.

ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ши Жиньпин дарга гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгаснаас хойш Хятадын Коммунист намын засгийн газарт тавих хяналт улам чангарсан. 2023 оны Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар Бээжин тусгай комисс байгуулж, санхүү, технологийн зохицуулалтыг шинэчлэхээ зарласан билээ.

Энэ жилийн хурлаар Төрийн Зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулахаар санал хураасан байна. Даваа гаригт болсон хаалтын үеэр 2883 төлөөлөгчийн саналаар уг өөрчлөлтийг баталжээ. Харин найман төлөөлөгч Төрийн зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас татгалзаж, ес нь түдгэлзсэн байна.

Өөрчлөлтөд дэд ерөнхий сайдууд болон Хятадын ардын банкны тэргүүнүүд багтжээ. Энэхүү өөрчлөлт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад, төлөөлөгчид олонхийн саналаар нийтдээ долоон тогтоол баталсан. Үүнд батлан хамгаалах салбарын зардлыг 7.2 хувиар нэмэгдүүлэх төсөв багтжээ.

Эх сурвалж: CNBC, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж