Сүүлийн жилүүдэд бүх насныхан тэр дундаа хүүхдүүдэд хараа зүйн эмгэг ихээр тохиолдож, багаасаа ойрын хараа муудаж байгаа талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Уранчимэгээс тодрууллаа.
–Хүүхдийн хараанд төрөлхийн бус эмгэг, гажиг үүсэх тохиолдол хэзээнээс бий болдог вэ?
-Хятад хүүхдийн хувьд таван наснаасаа эхлээд ханз үздэг. Ханзны олон жижиг деталиудыг хүүхэд ойлгож мэдлэхийн тулд хүүхдийн хараанд асар их ачаалал ирдэг. Монгол хүүхдүүд ч мөн ялгаагүй зургаан наснаас сургуульд орж, хүүхдийн нүд жирийн үеэс илүү ачаалал авдаг. Гадаадын улс орнууд ямар зөвлөмж гаргасан байдаг вэ? гэхээр, хүүхдийг өдөр бүр хоёроос доошгүй цаг заавал гадаа тоглуулах тухай. Ингэснээр хараа муудах эрсдэлийг буулгаж байна гэдэг тооцоо судалгаа гарсан байдаг.
Гадаа тоглуулахаас гадна наснаас хамаарч хүүхдийг сагс, волейбол, ширээний болон газрын теннис, усанд сэлэлт зэрэг спортуудаар хичээллэх нь хараа муудах эрсдэлээс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой.
-Монгол хүмүүсийн нүдний онцлог, зонхилон гардаг өвчлөл гэж бий юу?
-Байгаа. Азиуд тэр дундаа монголчуудын нүд бусад орны хүмүүстэй харьцуулахад богиновтор. Тухайлбал, 50-иас дээш насны 155 см-ээс намхан, туранхай жижиг биеиэй хүмүүс дээр нүдний хэмжилт хийж үзэхэд 22 мм-ээс богино гардаг. Нормадаа хүний нүдний дундаж урт 24 мм орчим. Өндөр хараатай -9, -12, -15 шмл зүүдэг хүмүүсийн нүдний уртын хэмжээ 33 мм хүртэл уртассан байдаг. Тэгэхээр нүдний урт, богино хэмжээ нүдний даралт гэдэг өвчинд нөлөөтэй.
Ялангуяа 22 мм-ээс доош урттай нүдтэй хүн өмнөд хорго гэж нэрлэдэг өмнөтгөлийн шингэн дүүргэгдсэн хэсэг дээр гүехэн буюу 2,5 мм-ээс бага байвал даралт үүсэх магадлал өндөр байдаг.
Нүдний шингэн урсгалын зам чөлөөтэй байна уу, үгүй юу гэдгийг шинжилж үзээд хэрэв хаалттай байвал нүдний лазер эмчилгээ хийдэг. Лазер эмчилгээ дотроо хэд хэдэн төрөлтэй. Аргон лазер болон бусад өвөрмөц лазеруудыг ашигладаг. Гэхдээ энэ нь харааг тэглэдэг лазераас өөр. Лазер эмчилгээ хийснээр нүдний даралт болон сохролт үүсэх өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.
-Тэгвэл бага наснаас эхэлж хараа ихээр муудаж байгаа өнөө үед эцэг, эхчүүд юуг анхаарвал зүйтэй бол?
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг зарцуулах ёстой. Хүүхэд олон цагаар сууж гэрийн даалгавраа хийх шаардлагатай тохиолдолд нүдний чилээг нь заавал гаргуулахад анхаарах. Мөн нөгөө талаас боловсролын салбарынхан ч анхаарах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хичээлийн тоог олшруулах нь гэрийн даалгаврыг ихэсгэж байна. Мөн түүнээс гадна болж л өгвөл хүүхдийг, хүн өөрийгөө агаар салхинд гаргах нь зөв. Ингэж чадвал хараа муудахгүй байх боломжтой.
–Монгол хүмүүсийн хараа зүйн хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-2013 онд хийгдсэн 50-иас дээш насны хүн амын судалгаанд сохролд хүргэдэг нэгдүгээр өвчлөл бол болор цайлт байсан. Болор цайлт болон нүдний даралтны тухайд наснаас хамааралтай өвчин гэж үздэг. Өөрөөр хэлбэл нас ахих тусам л сохрох магадлал ихэснэ гэсэн үг.
Монгол хүний дундаж наслалт өсөхийн хэрээр наснаас хамааралтай нүдний шар толбо болон нүдний даралт ихсэх өвчин нэмэгдэж байна.
Тэгэхээр хүн бүр 6-12 сар тутамд заавал нүдээ эмчид үзүүлэх хэрэгтэй. Дэлгэцээс шалтгаалж бага насныхны ойрын хараа муудаж + харааны шил зүүж байгаа учир хүн бүр өөрийн болон хүүхдийн нүдэндээ анхаарах нь чухал сэдэв болоод байна.
Холбоотой мэдээ