Л.Оюун-Эрдэнийн “шахалт”, Д.Сумъяабазарын сонголт

Хуучирсан мэдээ: 2024.03.13-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн “шахалт”, Д.Сумъяабазарын сонголт

Л.Оюун-Эрдэнийн “шахалт”, Д.Сумъяабазарын сонголт

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж,  УИХ-ын сонгуулийн штабын даргаар Д.Сумъяабазарыг, сонгуулийн ерөнхий менежерээр Хотын дарга Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үеэр нийслэлийн сонгуулийн штабыг нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар даргалж, менежрээр нь Х.Нямбаатар ажиллах нь.

Угтаа бол УИХ-ын сонгуулиар нийслэлийн нам тойрогт нэр дэвшигчдээ дэмжих, штаб, хэсэг хороодын дэмжлэг үзүүлэхээс өөрөөр бол намын төв аппарат нь сонгуулиа удирдан чиглүүлдэг үүрэгтэй. Харин нийслэлийн МАН орон нутгийн сонгуульдаа ач холбогдол өгч, ялалт байгуулахад онцгой анхаарч ажиллана гэсэн үг.

Х.НЯМБААТАР СОНГУУЛИЙН ДАРАА НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА БОЛОХ УУ?

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа чөлөөлөгдөж, Хотын дарга болсон Х.Нямбаатарын хувьд УИХ-ын сонгууль өнгөртөл нийслэлийн намаа авахгүй болж байх шиг байна. Улс төрийн хүрээний мэдээллээр Х.Нямбаатарыг ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн МАН-ын даргаа авахаар тохиролцсон гэсэн ч Д.Сумъяабазараас болж түр хойшлогдох нь. Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар хоёр удаа сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд 2020 онд МАН-ыг нийслэлд ялалт байгуулахад гавьяа байгуулсан нэгэн. Тиймээс ч УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хотын дарга болж, нийслэлийн МАН-ын даргын албаа үргэлжлүүлсэн юм.

Гэвч ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор Хотын даргаасаа чөлөөлөгдөж, МАН-ын дарга нар түүний оронд Х.Нямбаатарыг томилох тохироо хийж байв.

Д.Сумъяабазарын хувьд ч өөрийнхөө оронд Х.Нямбаатарыг томилуулах саналаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд уламжилсан гэдэг. Ийн Д.Сумъябазар Хотын даргын ажлаа өгсөн ч нийслэлийн МАН-ын дарга хэвээр үлдсэн. Гэвч цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуулийн өмнө Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргын албаас чөлөөлж, түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг томилуулна гэсэн мэдээлэл байсан ч хойшилсон бололтой. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөхцөл байдал, тохиролцоо өөрчлөгдсөн гэсэн үг.

Д.СУМЪЯАБАЗАР ОРОН НУТАГТ НЭР ДЭВШИХ ЭСВЭЛ СХД-ЭЭ АВЧ ҮЛДЭХ ҮҮ?

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал дарга Д.Сумъяабазартаа “зориулж” хуралдсан уу гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь МАН-ын удирдлагын зүгээс Д.Сумъяабазарыг 2024 оны сонгуульд нэр дэвшихээр бол Өвөрхангай, Архангай, Баянхонгор буюу I тойрогт нэр дэвш гэсэн тулгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гараад удаж буй. Гэвч Д.Сумъяабазарын хувьд өнгөрсөн хугацаанд тойглож, ялалт байгуулсан нийслэлийн МАН-аа,  Сонгинохайрхан дүүргээ “алдах”-ыг хүсэхгүй байгаа.

Учир нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй нэр дэвшигчдийг СХД-т нэр дэвшүүлэхээр тохирсон учраас Д.Сумъяабазарыг орон нутгийн тойрогт нэр дэвшүүлэх “сонголт” тулгаж буй гэх.

Сонгинохайрхан дүүрэг хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Д.Сумъяабазар, Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс МАН-ыг ялуулдаг, удирддаг болгохын тулд олон жил зүтгэсэн, өөрсдөө ч сонгинохайрхан дүүргийн сонгогчдоос итгэл хүлээж, УИХ-д сонгогдож байсан. Сонгинохайрханаас нийслэлийн МАН-ын дарга болж, дэвшсэн гээд Д.Сумъяабазарын хувьд өөрийн байр сууриа тийм ч амар алдахыг хүсэхгүй байгаа. Тиймээс энэ удаад нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Д.Сумъяабазарыг УИХ-ын сонгуулийн үеэр нийслэлийн сонгуулийн штабыг удирдуулах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сонгуулийн штаб удирдах хүнийг орон нутаг руу дэвш гээд явуулна гэдэг намын даргын хувьд сонирхолтой шийдвэр байх болов уу.

Нэгэнт тэргүүлэгчдийн шийдвэр гарчихсан, нэр дэвшигчид тодроогүй учраас цаашид  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын нөхцөл байдал яаж эргэх нь анхаарал татаж байна.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж