УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг. Тэрбээр 2008, 2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 болон 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай, цөөн эмэгтэй улстөрчийн нэг юм. Говь нутагт төрж өссөн түүнтэй энэ удаад Монголын говийн ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа.
-Засаг захиргааны нэгжээр говийн аймгууд тус тусдаа хэдий ч газарзүйн ойлголтоороо бол нэг цул ай сав. “Говийн хүмүүс” гэж монголчууд ярьдгийг бодоход хүн ардад нь нийтлэг ижил зүйлс байдаг байх. Аав, ээж, өссөн төрсөн говь нутаг, бага насныхаа талаар ярилцлагаа эхлүүлбэл зөв болов уу. Хүн бүрд энэ хамгийн сайхан сэдэв байдаг шүү дээ.
-Аав, ээж хоёр маань Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын харьяат хүмүүс. Миний бага нас Өлзийт суманд эмээ, өвөөгийн дэргэд хонь хурга эргүүлж, үнээ мал сааж, хөдөөгийн ажил амьдралд ойр өнгөрсөн юм. Говийн малчид, тэдний ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн зах зухаас харж суралцаж өссөн маань өнөөдөр ч амьдралд хэрэг болдог. Эхлүүлсэн зүйлээ хийсэн шиг хийж дуусахад сургасан гэж боддог.
Тийм болохоор хүүхэд байхаасаа л юуны өмнө хичээл номдоо шамдаж сурсан байх. Би Дундговь аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн Түвдэн багштай математикийн сонгоны ангийг 1986 онд алтан медальтай төгсөж байлаа. Айлын том охин. Дороо гурван дүүтэй. Тэдэндээ хичээл сурлагаараа, ажлаараа үлгэрлэх ёстой гэж хичээдэг байсан.
Математикийн улсын олимпиадад оролцдог, шатар тоглох дуртай охин байв. Шатрын багш маань Таня. Математикийн олимпиадад аймгаасаа аварга болоод улсын олимпиадад очсон жил ганцаараа эмэгтэй байж билээ. Тэгэхэд одоо Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймгаас улсын олимпиадад оролцож байсныг санадаг юм. Миний амьдрал математик, шатартай салшгүй холбоотой явж иржээ. Манайх хэдий аймгийн төвд байсан ч аав, ээж маань улсын ажилтай учир дүү бид бүгд л багаасаа гэрийн ажлаа хийж, худгаас усаа зөөж, түлээгээ хагалж, хөдөө амралтаар өвөөгийндөө очихоороо аргал түүж, ховоогоор ус татан малаа услахаас эхлээд л их ажилтай өссөн. Аав маань тэтгэвэрт гарах хүртлээ Сайнцагаан сумын нэгдлийн дарга хийж байсан. Ээж маань насаараа эмзүйч хийсэн. Тэр үеийн хүмүүсийн жишгээр улсын ажлыг нугалж, үр хүүхдүүдээ өсгөж нэр төртэй амьдарцгаасан говийн сайхан хөдөлмөрч хүмүүс дээ.
Говийн хүмүүс тал шигээ уужим сайхан сэтгэлтэй, хүн чанартай, ажилсаг, тэвчээртэй, аливаа зүйлд ухаалаг хүлээцтэй ханддаг бахархам хүмүүс байдаг. Би ч өөрөө говийн бүсгүй гэдгээрээ бахархаж явдаг.
-Тоо боддог, шатар тоглодог охин инженерийн мэргэжил эзэмшсэнд гайхах юмгүй байх нь?
-Аравдугаар ангиа төгсөөд тэр үеийн Зөвлөлт холбоот улсын Новосибирскийн Их сургуулийн мэдээллийн технологийн инженерийн хуваарь авсан юм. Тэр үед аав маань “Ирээдүйд их хэрэгцээтэй мэргэжил” гэж хэлсэн нь эргэлзээгүй үнэн байсан даа. Орост оюутан болж очоод мэргэжил эзэмшсэн төдийгүй амьдралын ханиа олж нийлсэн юм. Одоо бид хоёр сайхан хүүтэй.
Мэдээллийн технологийн инженер гэсэн диплом өвөртөлж ирээд УИХ-ын Тамгын газарт ажилд орж байлаа. Тамгын газрын анхны IT инженер, программ хангамжаас эхлээд дотоод сүлжээ хүртэл бүх ажлыг хариуцаж, тэр үед ердөө хоёулхнаа ажиллаж байсан бол өнөөдөр мэдээллийн технологи ашиглахгүй зүйл нэгээхэн ч үгүй болж, бүтэн хэлтэс тэнд ажилладаг болсон байна.
Тэр үед хийж байсан ажлуудаас хамгийн шинэлэг нь УИХ-ын анхны дотоод сүлжээ, вэб хуудсыг хийсэн алхам байв. Төрийн бүх байгууллагын дунд болсон уралдаанд миний бичсэн вэб хуудас шалгарч, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. HTML программын хэл дээр бичигдсэн хоум пэйж хуудас маань 1993 онд УИХ-ын үйл ажиллагаанд нэвтэрч, бүх гишүүдийн болон хуулийн мэдээллүүдийг оруулдаг болж төрийн мэдээллийг түгээх, олон нийтэд нээлттэй ил тод ажиллах бололцоог бүрдүүлж байсан. Тэр үедээ Монголд байгаагүй нэг зүйлийг хийсэн нь зургийг анх хөдөлгөөнт байдлаар оруулсан шийдэл байсан юм. Төрийн далбааны зургийг намирч буй хөдөлгөөнтэйгөөр хийсэн нь тухайн үед төрийн албанд байгаагүй шинэ содон зүйл болсон хэрэг. УИХ-ын Тамгын газарт долоон жил ажиллаад 1999 онд АНУ-д Хавайн Номхон далайн их сургуульд мэргэжлээрээ магистрт суралцахаар явсан маань бас л чухал шийдвэр байсан даа.
-Тэр үед төрийн албан хаагч гадаадад суралцахаар явахад амар байгаагүй болов уу. Гэхдээ төрд ажиллаж буй шинэ мэргэжилтнүүдээ гадаадад сургахад төрөөс бас дэмжиж байсан нь харагддаг. Тухайлбал, Боловсролын зээлийн сангаас зээл олгодог байсан байх аа?
-Дөнгөж сургууль төгсөж ирээд л төрийн албанд ажилласан хүнд санхүүгийн боломж, хуримтлал гэх зүйл байгаагүй. Аав, ээж маань хөдөөнөө амьдардаг албан хаагчид байсан. Харин Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцах боломж олдож, сургуулиасаа ч урилгаа авч чадсан. Тэр үед хүмүүст гадаадад суралцах нь ховор боломж төдийгүй санхүүгийн боломж бололцоо ч өнөөдрийнхөөс хумигдмал байсан. Улам өсөн хөгжиж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийн тулд залуусаа гадаадад сургах, боловсруулах хэрэгцээ шаардлага Монгол Улсад тун их байсан гэж боддог юм. Төрийн зээлийн сангийн тэтгэлгээр буюу улсын мөнгөөр суралцаж ирээд гурван жил төрд ажиллаад гэрээгээ дуусгавар болгох журамтай байсан.
Миний хувьд энэ журмын дагуу ажиллаж гэрээний үүргээ биелүүлсэн байсан хэдий ч би тухайн үеийн тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг саяхан бловсролын зээлийн санд эргүүлэн 100 хувь төлсөн. Энэ мөнгөөр дахиад нэг боловч хүүхдэд гадаадад суралцах боломж бий болоосой гэж бодсон юм.
-Тоо, шатар, IT программ хангамж гээд охид төдийлөн сонгоод байдаггүй төрөлд ихэнхдээ эрчүүд, хөвгүүдтэй өрсөлдөж ирсэн юм байна. Улс төр ч бас эрчүүдтэй өрсөлдөхийг шаарддаг онцлогтой. Таныг хүмүүс нийгмийн чиглэлийн мэргэжилтэй гэж боддог байх. Багаасаа тийм өрсөлдөөнтэй амьдарч ирсэн нь танд ямар зан чанарыг суулгасан бол. Эсвэл таны ямар зан чанар үүнд тусалсан бэ гэж асуух ёстой байх?
-Аав, ээж багаас л ямар ч ажлыг эхлүүлсэн л бол дуусга гэж сургасан. Өөрсдөө их хичээнгүй хүмүүс байсан. Тэр үед “математика в школе,Квант” гээд Социалист орнуудын дунд нэр хүндтэй сэтгүүлүүдэд тоог уран аргаар бодсон гэж нэлээн хэдэн удаа миний нэр олон улсад гарч байсан. МУИС-ийн тооны багш байсан, дараа нь том улстөрч болсон Р.Гончигдорж багш “Монголын нэрийг гаргалаа” хэмээн надад баяр хүргэж байв. Математикт дуртай болоод ч тэр үү тавдугаар ангид байхдаа математикийн сурах бичгийн бодлогоо эхний улиралд бодоод дуусгачихдаг байсан юм.
Аав өөрөө эдийн засагч. Хэдийгээр тухайн үед Ленинградын эдийн засагч мэргэжлээр сурах боломж байсан ч ер нь программхангамж, компьютер ирээдүйд хэрэгтэй мэргэжил шүү гээд тухайн үед аавтайгаа зөвлөлдөөд энэ мэргэжлийг сонгож байсан. Сонгоод очиход голдуу хөвгүүд, аль л аймаг, сургуулийнхаа шилдгүүд ньочсон байсан. Эргээд харахад инженерийн мэргэжил миний ажил амьдралд тун их хэрэг болдог.
Жишээ нь би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын ажлыг 2010 онд хүлээж авахад 27 ажилтан, таван бээлий, таван хүрзтэй ажлаа эхлүүлж байсан. Тэгэхэд бидэнд бэлэн төлөвлөлт байгаагүй. Миний инженерийн мэргэжил, зөв төлөвлөх сэтгэлгээ цоо шинэ ажлыг зөв эхлүүлэхэд их тусалсан. Ажлыг зөв төлөвлөж зөв эхлүүлэх нь миний хамгийн том үүрэг гэж үзэж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэр үед ямар ч цахилгаангүй, дэд бүтэцгүй, усгүй, шарилжаар дүүрсэн газраас ажлаа эхлүүлэхэд миний суралцсан мэргэжил хэрэг болсон доо. Манай хамт олон Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлэн, дулааны улиралд өдөртөө 10-аас дээш мянган хүн ирдэг цэцэрлэгт хүрээлэнг бий болгож чадсан.
Нөгөө талаар шатар тоглодог байсан минь хэрэг болсон. Амьдралд ч өөрийгөө эрдэм мэдлэг, эрүүл мэнд, зан харилцаа, санхүү хөрөнгө гээд олон талаар бэлтгэн суралцахад сурсан бүхэн минь хэрэг болсон гэж боддог.
-Та сүүлд “Шийдэмгий нүүдэл” гэж ном бичсэн. Шатрын стратеги, тактикийг улс төр, амьдралтай холбон энгийнээр бичсэнийг уншаад энэ бол спорт төдийгүй философи юм байна гэж бодсон. Та шатраа одоо ч бас тоглосоор байгаа юу?
-Оюутан байхдаа оюутны шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцож цол авч байсан. Сүүлд УИХ-ын гишүүн болоод Москва хотод зохион байгуулагдсан Олон улсын парламентын гишүүдийн шатрын тэмцээнд эмэгтэйн ангилалдаа түрүүлж, эрчүүдтэй өрсөлдөөд тавдугаар байрт орж байсан. Миний амжилт гэхээс илүүтэй Монгол Улсынхаа нэрийг гаргасандаа өөртөө урамшсан. Саяхан шүү дээ, цар тахлын өмнөхөн болсон тэмцээн юм.
-Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны даргаар ажиллаж байсныг хүмүүс сайн мэддэг. Байгаль, экологийн мэргэжилтэй гэж хүмүүс боддог байх. Энэ чиглэлд их ч зүйл бүтээн байгуулж, бас суралцсан нь гарцаагүй. Тэгвэл энэ туршлагаа говийн экосистемийг хамгаалахад зориулах боломжтой гэсэн үг. Яагаад энэ асуултыг тавьж байна вэ гэхээр говь гэдэг экосистемийн хувьд тун эмзэг. Оюутолгой, Тавантолгой гээд Монголын стратегийн чухал ордууд, цаашид ашиглалтад орох арвин их үүц тэнд байна. Үүнийг дагаад баяжуулах үйлдвэрүүд ч тэнд баригдана. Цаашид усны нөөцөөс эхлээд байгаль экологийн асуудал говийнхны хувьд улам чухал болохоор төлөв харагдаж байгаа шүү дээ?
-Монгол Улсын валютын нөөцийн тал хувийг энэ хоёр том ордоос бүрдүүлдэг. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогыг говийн бүс уул уурхайг түшиглэсэн хөгжлийн загвараар замнах нь тодорхой байна. Аливаа эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл ярихад усны асуудал чухал, усгүйгээр явах боломжгүй байдаг. Томоохон төслүүд хугацаа нь дуусахаар хаалтын үе шаттай байдаг. Энэ нь олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх, бохирдлыг бууруулах, тэнд амьдарч байсан амьтан ургамлыг нь сэргээх, хүн байгальдаа ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал юм. Мэдээлэл, технологийн инженер хүний хувьд зуд, ган гачиг,цөлжилтийн эрсдэлийг цаашид илүү нарийн судалж, усны салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорьж байна.
Мөн говь нутагтаа бичил төглүүд байгуулж байсны хувьд говь нутгаа ногооруулах их үйлсэд энэ туршлагаа ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарьж, ургуулах санаачилгыг дэмжин манлайлж ажиллана. Цаашид говийн бүсэд хоёр “Агро парк” байгуулагдана.
Агро паркаа түшиглэж мод үржүүлгийн газрыг олноор бий болгон, говьд ургадаг заг, сухай, жодоо, хайлаас гэх мэтчилэн говийн экосистемд тохирсон модлог болоод бутлаг ургамлуудыг тарих нь зөв. Олон жил яригдсан говийн бүсийг усжуулах, алсын зайд ус дамжуулах, усны хуримтлал үүсгэх төсөл хөтөлбөрүүдийг УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр төр-хувийн хэвшил, ТББ-ууд, иргэдтэй хамтран хэрэгжүүлснээр эдийн засгийн болоод байгаль, экологийн асар их ач холбогдолтой юм. Тухайлбал, Онгийн тал, Улаан нуурын сав газарт уул уурхайн компаниудын тэрбум модны хүрээнд амласан 600 сая модыг Онгийн голын гадаргуугийн урсацтай талд төвлөрүүлэн тарих боломжтой. Ингэснээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум дахь Улаан нуурыг сэргээж аврах экологийн нэн чухал ач холбогдолтой юм. Үүний тулд Онгийн хийдийн дээд, доод хэсэгт тохируулгын хоёр хиймэл нуур байгуулан урсац тохируулга хийж, усыг Онги-Өтгөн хөөвөрийн талаар урсган жилийн турш байнга устай байлгах төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгуулага хийгээд байна. Энэ нь цаашид Оюутолгой, Тавантолгойд гадаргуугийн нөхөн сэргээгддэг усны нөөцийг аваачих болно. Мөн шар түйрэн үүсгэдэг голомтыг байгалийн жамаар нөхөн сэргээх ажлыг олон улсын санхүүжилтээр хийх боломжтой. Дэлхийн улс орнууд уул уурхайгаас үлдсэн газартаа нөхөн сэргээлтийг стандартын дагуу бүрэн дүүрэн хийж, оршин суугч иргэддээ ээлтэй цэцэрлэгт хүрээлэн, газар тариалангийн талбай болгон хөгжүүлсэн байдаг. Бид ч гэсэн уул уурхайтай бүс нутагт байгаль орчин иргэддээ ээлтэй орчин бүрдүүлэх туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Мөн нийгмийн хөгжлийн хувьд Эрдэнэт хот уул уурхайгаа дагаад хот бий болсон шиг Өмнөговь аймаг мөн адил гэр бүл, ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй, нийгмийн асуудал нь шийдэгдсэн, эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн, байгальдаа ээлтэй жишиг хот болон хөгжих ёстой. Үүний тулд зам, дэд бүтцийг сайжруулж, баруун аймгуудын жишигт аваачих талаар санаачилгатай ажиллана гэж бодож байна.
-Зам харгуйтай зэрэгцээд цахим дэд бүтэц гэж зүйл шинээр бий боллоо. Монголын өргөн уудам газар нутгийг цахим ертөнцөд хормын дотор товчлоод туулах боломжтой болжээ. УИХ шинээр Цахим бодлогын Байнгын хороог анх байгуулахад Та мэргэжлийнхээ дагуу олон ч хууль, бодлого дээр ажилласан. Өнөөдөр үр дүнд сэтгэл хангалуун байгаа юу?
-Монголын зах хязгаар нутгаас цахимаар дамжуулаад төрийн бүх үйлчилгээг авах боломжтой болсон. Технологийн энэ их боломжийг төрийн бодлогоор зөв чиглүүлснээр Монгол Улс цахим хөгжлөөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. УИХ-д анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдаж, Н.Учрал сайд манлайлан ажилласан. Цахим бодлогын байнгын хорооны гишүүний хувьд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахтай холбоотой 109 хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт орж ажилласан. Эдгээр хуулиуд батлагдсанаар төрийн бүх үйлчилгээнд цахим технологийг ашиглах бүрэн боломж нээгдсэн. Жишээ нь цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасаар нэхэж, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо. Хөдөө, орон нутгийн алслагдсан сум, багийн иргэд өмнө нь төрийн үйлчилгээг аймгийн төв орж авдаг байсан бол одоо төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээс 700 гаруй үйлчилгээг авах боломж нээгдэж байна.
Тухайлбал, компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх зэрэг үйл ажиллагаа бүрэн цахимжлаа.
"НОГООН ХӨГЖИЛ, НОГООН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛ ХҮН, БАЙГАЛЬ ХОЁР ХАМТДАА ОРШИХУЙН АСУУДАЛ"
-Бүс нутгийн хөгжлийн асуудал руу эргээд оръё. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар бол уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн бодлогын баримт бичигт тодорхойлсон. Эдгээр салбар бүгд газар дээр өрнөдөг. Уул уурхай лицензтэй талбай дээр, хөдөө аж ахуй бэлчээрийн болон тариалангийн газар дээр, аялал жуулчлал мөн л байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгал бүхий газар дээр өрнөж байна. Эдгээрийн уялдаа холбоог яаж бий болгох вэ. Тухайлбал, говийн аймгуудад уул уурхай, баяжуулах үйлдвэр хөгжлөө ч уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал бас л ирээдүйтэй шүү дээ?
-Маш чухал асуудал. Бэлчээрийн мал аж ахуй бол бидний нүүдлийн соёл иргэншлийн уг үндэс. Үүнийгээ хадгалж авч үлдэхэд бэлчээр болон усны асуудал тун чухал. Дундговь аймгийн Өлзийт суманд багаасаа өвөө, эмээдээ очиж тусалж, тэр дундаа говийн усыг ямар их үнэ цэнэтэй, өвгөд хөгшид минь тэр усыг яаж хайрлаж, гамнаж хэрэглэж ирснийг мэддэг. Бага байхад өвөө минь гэлтгүй говийнхон бүгд л амны ус гээд уудаг усаа их л хайрладаг, хэдэн худаг ус, гол горхидоо “лус хилэгнэнэ” гээд бохир юм хүргэж болохгүй, сүү цагааны шанагаараа хутгаж болохгүй гэж захидаг байсныг би одоо ч үр хүүхдүүддээ хэлж сургаж явдаг. Хаана ч ажиллаж байсан усны асуудалд их нухацтай ханддаг. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, 2019 онд УИХ- аар батлуулсан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх төлбөр, нөхөн төлбөрийн асуудлыг тусгаж өгсөн.
Хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэвэл бодлогоор дэмжих, урамшуулах асуудал ч бас тусгагдсан. Энэ ч утгаараа Монгол орны үнэт баялаг болсон усыгхамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсондоо баяртай байдаг. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь хүнээс төлбөр авахдаа гол нь биш усыг бохирдуулахгүй байх, гамтай дахин ашиглахыг хэвшүүлэхэд чиглэсэн юм.
Өнөөдөр Бүсчилсэн хөгжлийн бодлогоор Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг хамруулж говийн цогц бүс болгож байгаа юм. Говийн бүс бол Монгол Улсын экспортын 90 хувийг, импортын 80 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн томоохон урсгалтай, уул уурхай, хүнд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал гэсэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон, дөрвөн том хилийн боомттой, авто зам, төмөр замын сүлжээтэй бүс нутаг юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 25 төслийг говийн бүс нутагт хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө зорьж ажиллана. Ногоон хөгжил, ногоон бүтээн байгуулалт бол хүн, байгаль хоёр хамтдаа оршихуйн асуудал. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа ч байгаль орчны асуудалд их анхаарч ажиллаж ирсэн.Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж, зөвхөн хот суурин газар гэлтгүй манай орны томоохон ус ашиглагч, аж ахуйн нэгж байгууллагуудаас ногдох төлбөрийг төлөх, усны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байна. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан буцалтгүй тусламж болох 350 сая ам.долларын дүн бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” хоёр дахь компакт гэрээ хэрэгжиж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд миний бие эхнээс нь оролцож ажилласнаас гадна төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль байсан юм. Манай улсад хэрэгжиж байгаа Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин боловсруулж, III, IV дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн хэрэгцээнд хөргөлт, үнс зөөхөд дахин ашиглана.
Өөрөөр хэлбэл, хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг цэвэрлэж, түүнээс 50 мянган шоо метр усыг дахин ашигласнаар жилдээ 18 сая шоо метр хүртэлх гүний цэвэр усыг хэмнэх тооцоо гарч байгаа. Энэ л бидний зорьж байгаа гол зүйл.
-Тэгэхээр говийн бүс уул уурхайгаас гадна уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэхэд та бодлогын түвшинд анхаарч ажиллах юм байна гэж ойлголоо?
-Тэгэлгүй яахав. Монголын хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуй, малчид гэдэг бол органик хүнс үйлдвэрлэгчид юм. Энэ бол дэлхий дахинд хурцаар тавигдаж байгаа хамгийн чухал асуудал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг УИХ дэмжиж “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Энэ хүрээнд ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наядыг төсөвлөж, жил бүр төсөвт суулгаж хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай. Бид цаашдаа хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотооддоо хангадаг болж, сүүлийн үеийн техник технологийг ашиглаж,малын тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, шимт чанарыг сайжруулах, тооноос чанарт шилжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, органик түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Өнгөрсөн намрын чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг бусад гишүүдтэйгээ хамтран санаачилж, батлууллаа. Энэ хууль батлагдсанаар органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүст маш том боломж олгож байгаа. Жишээ нь говийн малчид маань олон төрлийнэмийн ургамлаар хооллодог малын мах, ингэний хоормог, сүү цагаан идээ, малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргаж үнэд хүргэх боломж нээгдэж байгаа юм. Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс малчны хоршоонд “Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт”-ыг малчдад нэвтрүүлж эрүүл бэлчээрээс гаралтай, гарал үүсэл нь тодорхой лабораторийн шинжилгээ бүхий баталгаатай, эрүүл махыг нийлүүлээд хоёр жил болж байна. Ингэснээр малчид өртөг шингээн, илүү орлого олох боломж бүрдэж байна.
-Та нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа, УИХ-ын гишүүнээр мөн хоёр удаа сонгогдоод буй туршлагатай улстөрч. Тэр тусмаа цөөн эмэгтэй улстөрчийн нэгд зүй ёсоор нэрлэгдэх нь гарцаагүй. Эмэгтэй улстөрчийн хувьд эрхэмлэдэг зүйл бий юу?
-Аливаа зүйлд тэнцвэрийг хангах, хадгалах нь маш чухал ойлголт. Байгалийн тэнцвэр алдагдсанаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа учраас дэлхийн улс орнууд бодлогоо эдийн засгийн үр ашигтай гэхээс илүүтэй байгальд ээлтэй байх гэдэг шалгуураар хэмжих болсон. Нийгмийн асуудлууд ч мөн адил. Ялгаатай талуудын тэнцвэрийг хангах бодлого улам бүр чухал болж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон намын удирдлагууд бүрэн эрхийн хугацаандаа нийгмийн шударга ёс, тэгш боломж, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоход олон чухал сэдвийг нийгэмд дэвшүүлэн хэлэлцүүлж, олон ч бодлогын алхмыг зоригтой хийсэн.
Эдгээртэй зэрэгцээд эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдийн эрх, тэднийг хүчирхийллээс хамгаалах, эрүүл аюулгүй нийгмийн орчныг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж байгааг онцлох ёстой. Энэ хүрээнд улс төр, бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх, сонгогдох боломжийг нь бий болгох, ингэснээр нийгэмд орхигдоод буй эмзэг асуудалд тэдний дуу хоолой, оролцоог хүчтэй болгох бодлогыг чухалчилсан. Тийм учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд олон эмэгтэйчүүд нэр дэвших, сонгогдох магадлал нэмэгдэж буйг дэмжиж, дотроо маш баяртай байна. Миний хувьд МАН-ын дэргэдэх нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр хоёр удаа сонгогдон найман жил ажилласан. Улс төрд залуу эмэгтэй боловсон хүчнийг бэлтгэх, үйл ажлаараа зөв үлгэрлэл үзүүлэхийг зорьж ажилласан.
“Үгэнд биш үйлдэлд итгэ” гэдэг миний хэлэх дуртай үг. Ажил, амьдралынхаа гол мөрдлөг болгодог зарчим юм. Улстөрч гэхээр сайхан ярьдаг биш. Хийсэн бүтээснээрээ түүнийгээ харуулдаг. Яг амласнаа биелүүлдэг. Зөв байх ёстой. Зөв үйлийн төлөө шийдэмгий, тууштай байх ёстой.
Сонгогчид улстөрчдийг хэлснээ хэрэгжүүлж чадаж байна уу гэж хардаг, хянадаг байх учиртай. Эргээд харахад би тийм байхыг хичээсэн учраас сонгогчид надад итгэл хүлээлгэжээ гэж боддог. Хүн ер хаана ч ажиллаж амьдарсан өөрийн зам мөрөө эргээд хардаг байх ёстой гэж боддог.
-Олон улсын парламентын холбоонд Та эмэгтэй улстөрчдөө төлөөлөн анх удаа сонгуульт албанд ажилласан. Үүний үр дүн, ач холбогдол чухам юу байв?
-Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ бол дэлхийн тусгаар тогтносон 186 улс орны парламентын гишүүдээс бүрдсэн, олон улсад бодлого, улс төрийн түвшинд чухал нөлөөтэй, нэр хүндтэй байгууллага юм. Монголын парламент болон улстөрчид ОУПХ-той хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ уламжлалыг залгамжлан тус холбооны Ардчилал, хүний эрхийн хорооны Дэд Ерөнхийлөгчөөр 20 жилийн дараа МонголУлсаа төлөөлөн сонгогдсон анхны эмэгтэй гишүүн болон ажиллаж байна. ОУПХ-нд идэвхтэй ажилладаг 10 эмэгтэй улстөрчийн нэгээр нэрлэгдсэндээ баяртай байдаг. Жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоо, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилласан гэж үнэлсэн. Энэ бол зөвхөн миний ажлыг биш Монголын ардчилсан парламентыг, тэнд сонгогдон ажиллаж буй эмэгтэй улстөрчдийн манлайллыг үнэлсэн хэрэг юм. Аль ч улс оронд эмэгтэй улстөрч бол амар ажил биш гэдгийг олон хүний түүх намтраас харж болно.
Тийм болохоор бүсгүйчүүдийгээ улс төрд зовлон бэрхшээлийг сөрж, бодлогын түвшинд идэвхтэй ажиллаарай гэж уриалмаар байна. Энэ бол зөвхөн хүйсийн асуудал биш. Зүй зохистой, зөв бодлогын төлөөх дуу хоолой юм шүү.
эх сурвалж: baabar.mn
Холбоотой мэдээ