МоАХ-ны тэргүүн Х.Баттулгыг бараадаж улс төр хийж явсан Д.Пүрэвдаваа Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзсан нь Монголын либерал намын дарга болохоор сонголтоо өөрчилсөнтэй нь холбоотой аж.
Түүний энэхүү сонголтыг олон нийт “Женко Х.Баттулгадаа хаягдав уу, аль эсвэл Х.Баттулгыгаа жийв үү ч” гэж хэлэх нэгэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг Баянзүрх дүүрэгтэй нь “базаж” явсан Д.Пүрэвдаваад том улс төр хийх сонирхол байсан ч түүндээ хүрч чадаагүй. Харин түүнтэй мөр зэрэгцэн улс төр хийж явсан Т.Батцогтод Ардчилсан намынхан итгэл үзүүлснээр өнгөрсөн өвлөөс нийслэлийн Ардчилсан намын дарга болж, карьераа өсгөсөн. Тиймээс Д.Пүрэвдаваа барын сүүл болж явснаас батганы толгой болсон нь дээр гэж үзэн, Либерал намд оров уу гэж үзэх нэгэн ч байна.
Ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдох бол тойргоос 78 гишүүн тодорно. УИХ-ын сонгуулийн энэхүү холимог тогтолцоог дагаад жижиг намыг удирдаж, жагсаалтаар нэр дэвших сонирхолтой сайн дурынхан олширч буй.
Гэхдээ жижиг намууд нэгдэхгүйгээр амжилт олох боломж бага байгаа. Иймээс Д.Пүрэвдаваагийн сонголт Ардчилсан намд байснаас нь ч дордож мэднэ.
Тэрбээр Ардчилсан намын гишүүн байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргаар таван жил ажилласны зэрэгцээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ