Орос цэргийн оршуулгын газруудын хэмжээ ихээр тэлснийг хиймэл дагуулын зургаас харжээ. Энэ нь Украин дахь дайн хэчнээн их зардалтай, хүн хүчний алдагдалтай болж байгааг илэрхийлнэ. Харуулын агаарын десантын дивиз, Харуулын моторт дивиз, "Вагнер" хөлсний бүлэг цэрэг элит нэгжүүдийн оршуулгын газар 2022 оны хоёрдугаар сараас хойш үлэмж ихээр тэлснийг уг зургаас харах боломжтой.
Москва дахь Тула оршуулгын газрын нэгээхэн хэсгийг харахад л 2021 оны аравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын хооронд булшнуудын тоо дөрөв дахин нэмэгджээ. Тухайн хугацаанд ойролцоох Богородское оршуулгын газарт бүтэн нэг хэсэг нэмэгдэж, ерөнхий хэмжээ нь гурав дахин тэлсэн байна. Дээрх хоёр оршуулгын газар нь Оросын баруун хэсэг дэх Рязаньтай ойролцоо оршдог.
Рязаньд Харуулын агаарын десантын 106 дугаар дивиз байрладаг. Тус дивизийн цэргүүд Украин дахь дайны хамгийн эхний тулаануудад оролцжээ. Хожим нь "Вагнер"-тай хүч хавсарч, Бахмутад тулалдсан.
ОХУ нас барсан цэргүүдийнхээ тоог мэдээлдэггүй ч "Maxar Technologies"-ын авсан зураг барууны тооцооллыг улам бататгасан гэж үзэж байна. Зөвхан Бахмутын тулаанд л гэхэд 20 мянга орчим орос цэрэг амь үрэгдсэн гэж барууны тагнуулын агентлагууд тооцоолжээ.
Британийн армийн тагнуулын офицер асан бөгөөд НАТО-ийн төлөвлөгч Филип Инграм "Maxar Technologies"-ын зургуудыг "цочирдмоор" гэж тодорхойлсон байна. "Эдгээр зураг орос цэргүүд асар их төлөөс төлж байгааг харуулж байна. Багахан газар нутгийн төлөө ОХУ өдөрт 900 гаруй цэргээ алдаж байгаа тул оршуулгын газрууд тэлсэнд гайхах зүйл алга. Авдийвкагийн төлөөх тулаанд л гэхэд 16 мянган орос цэрэг амь үрэгдсэн. Эдгээр оршуулгын газар ч нас барагсдын жинхэнэ тоог илэрхийлэхгүй. Яагаад гэвэл олон цогцос тулааны талбартаа үлдсэн. Нас барсан цэргүүдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоос зайлсхийж, жинхэнэ тоог нуун дарагдуулж байна. Энэ жил хоёр талын хохирогчдын тоо нэг саяд хүрнэ.
Оршуулгын газрууд үүнээс ч илүү тэлнэ. Шинээр оршуулгын газар барих шаардлага үүснэ" гэж тэр хэлжээ.
Украинд амиа алдсан нийт цэргийн тоог 88 мянга давсан гэж Оросын бие даасан хэвлэлүүдэд өнгөрсөн оны сүүлээр тодорхойлжээ. Их Британийн Батлан хамгаалах яамнаас 70 мянга гэсэн тоог, АНУ-аас 120 мянга гэсэн тоог гаргасан. Харин Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард амиа алдсан орос цэргүүдийн тоог 180 мянга хүрсэн гэж мэдээлжээ.
Амиа алдсан Оросын цэргүүдийн дөрөвний нэг орчим нь жирийн цэргийн ангиудад байсан бол дөрөвний нэг нь шинээр дайчлагдсан цэргүүд эсвэл сайн дурынхан байсан. Харин үлдсэн хэсэг нь ялтан, хувийн гэрээт компаниудын цэрэг гэх мэт байжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH