Тойм: Дипломатчийг буцаан татсан Хакүхо дэвжээгээ удирдах эрхгүй болсон 7 хоног

Хуучирсан мэдээ: 2024.03.10-нд нийтлэгдсэн

Тойм: Дипломатчийг буцаан татсан Хакүхо дэвжээгээ удирдах эрхгүй болсон 7 хоног

Тойм: Дипломатчийг буцаан татсан Хакүхо дэвжээгээ удирдах эрхгүй болсон 7 хоног

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт /2023.03.06-03.08/ болж өнгөрсөн онцлох үйл явдлыг толймлож байна. 


БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ, ТУНХАГЛАЛАА БАТЛАВ

Боловсролын салбарт анхаарал хандуулах шаардлагатай сэдвүүдийг яриад зогсохгүй шийдвэрлэх гаргалгааг нь арга замтай нь тодорхойлох хэрэгцээ, шаардлага их байна. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас хувьсан өөрчлөгдөж буй боловсролын салбарыг цогцоор хөгжүүлэх зорилгыг тавьж ажиллаж буй. Үүний хүрээнд энэ долоо хоногт /2024.03.04-05/ “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулган болсон.
Тус чуулганаар боловсролын чанарыг сайжруулах, хүүхэд бүрийг тэгш хамруулах хүрээнд сургалтын хөтөлбөр, боловсролын удирдлага, зохион байгуулалт, боловсролын үнэлгээ, мониторинг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэлэлцсэн.
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганаас хүлээж буй үр дүн нь:
  • Аж үйлдвэрийн IV хувьсгал, XXI зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлт бид бэлэн үү?
  • Сургууль, багш технологийн өөрчлөлтөд бэлэн үү?
  • Өөрчлөлтөд дасан зохицсон монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ? зэрэг боловсролын хувирган өөрчлөлтийн суурь асуултын хариултыг хэлэлцэж, зөвшилцөж тунхагласан юм.

21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН МАЛЧДАД ХАНДИВААР ЦУГЛАСАН БАРААГ ӨГЧ БАЙНА

Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа. Энэ долоо хоногт хандиваар цугласан бараа, материалыг хэрхэн тараах талаар мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд гурван сая 89 мянган мал хорогдсон. Ам бүл цөөтэй, алслагдмал газруудаар Зэвсэгт хүчний 210 орчим алба хаагчдыг тусламжаар явуулсан. Алба хаагчид 142 айлыг цаснаас гаргаж, нэмэлт тусламж үзүүлж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сүхбаатар болон Төв аймгийн 15 сумын онцгой комиссоос 4097 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1733 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 89150 км замын цасыг цэвэрлэж дуусчээ.

УОК-т 773,1 сая төгрөгийн бараа материал хандив тусламжаар цугласан. Үүнийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн малчдад хүргэж ажиллана. Одоо Засгийн газрын хоёр дахь хангамж болгож тэжээлийн улаанбуудайн гэрээ байгуулах ажил явагдаж байна.

ХАКҮХОГИЙН ДЭВЖЭЭГ ТАМАКАГИ УДИРДАНА

Шавиа удирдан чиглүүлж, бэлтгэж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа буурч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан Хакүхо М.Даваажаргал дэвжээгээ удирдах эрхгүй болжээ. Өнгөрсөн Мягмар гаригт сүмогийн холбооноос гаргасан мэдэгдэлд Мияагино дэвжээг хаврын башёд Тамагаки удирдаж, бөхчүүдийг нь бэлтгэх гэнэ. Өдгөө 59 настай Тамагаки нь Томохана гэх нэрээр барилдаж байсан бөгөөд комүсүби цолонд хүрч байсан аж. Тэрбээр 27 настайдаа буюу ахлах сургууль багш байх үедээ мэргэжлийн сүмогийн замналаа эхлүүлж байв.

Сүмогийн холбооны зүгээс Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатаг дэвжээгээ удирдаж чадахгүй байгаа гэж хатуу зэмлэн бусад ояката нар хэрхэн дэвжээ удирддагийг гаднаас нь хар хэмээн түүний дэвжээг өөр хүнд хариуцуулжээ.

"АНГЛИД АЖИЛЛАЖ БАЙСАН ДИПЛОМАТЧИЙГ БУЦААН ТАТСАН"

Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  нэгдсэн  хаант улсад суугаа Элчин сайдын яамныхан 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /2023.12.30/-нд шинэ жилийн арга хэмжээг Лондон хотод тэмдэглэн өнгөрүүлэх үеэрээ маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан талаар мэдээлэл гарч байв.  Эл хэргийг Английн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Энэ асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс өнөөдөр /2024.03.06/ сэтгүүлчид тодруулахад дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл бол байхгүй. Шалгагдаагүй. Хувь хүнтэй холбоотой асуудал үүссэн. Б.Энхсүх сайдаас өөрөөс нь асуусан нь дээр байх. Бидэнд ирсэн тайлбар мэдээлэл бол хэвлэлд гарсан мэдээллээс өөр байгаа. Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээлэл Английн талаас ирсэн. Тэр асуудалд холбогдсон эмэгтэй дипломатыг эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүрмөсөн буцаан дуудсан. Тэр дагуу Монголд ирсэн байгаа” гэх хариулт өглөө.

ХЭҮК: ГЭРИЙН АЖИЛ ХИЙХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД 74.1, ЭРЧҮҮД 5.6 ХУВЬ ОРОЛЦОЖ БАЙНА

Хүний эрхийн үндэсний комиссоос гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг өнгөрч буй долоо хоногт /2024.03.07/ танилцуулсан. Энэ сэдэв нь Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барих юм.

ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ:

Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын байдлаар:

  • Нийт өрхийн тоо-941,500
  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн-17.574
  • Гэр бүл цуцлалт-4553
  • Үрчлэгдсэн хүүхэд- 1478
  • Өрх толгойлсон эх-66.648
  • Өрх толгойлсон эцэг-15,089

Гэр бүлийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах байдлыг бий болгож, анхаарал халамж тавихгүй байна. Нөгөө талаар гэр бүлийн хосуудын 57.1 хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулахыг зөв гэж үзсэн. Харин гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлтээ цуцалсны дараа үр хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэхийг тодорхой тусгахыг онцолсон юм. Мөн судалгаанд оролцогчдын 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Улсын бүртгэлийн мэдээллээр дийлэнх өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Эмэгтэйчүүдэд бага байгаа бөгөөд дундын өмчлөлд эрэгтэйчүүд илүүтэй шийдвэр гаргаж байна.

Хөлсгүй хөдөлмөр эрхлэх буюу гэрийн ажил хийхэд эмэгтэйчүүд 74.1 хувь нь илүү их оролцож байна. Гэтэл өөрийн аав ээж болон хадам аав ээж нь 7.7 хувьтай байхад нөхөр 5.6 хувийн үзүүлэлттэйгээр гэрийн ажилд оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж