Оросын пуужин Лхагва гаригт Хар тэнгисийн Одесса боомтод унажээ. Пуужин унасан байршлаас ердөө 500 метрийн зайд Украины ерөнхийлөгч Зеленский Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакистай уулзаж байв. Айлчлалын багийн албан тушаалтнууд бүгд дэлбэрэлтийг мэдэрч, мөөгөн хэлбэрт хар утаа үүсэхийг харжээ.
Пуужингийн цохилтын улмаас таван хүн нас барж, илүү олон хүн шархдсан тухай Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитро Плетенчук мэдэгдлээ.
Зеленский фронтын шугам руу үе үе эрсдэлтэй айлчлал хийдэг. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн олон удирдагчийг дайны бүсэд хүлээн авч, уулзлаа. Гэхдээ Лхагва гаригийн пуужингийн цохилтын хувьд ерөнхийлөгчид хамгийн ойртсон халдлага байжээ. Мөн ийм айлчлал ямар аюултай болохыг, дэлхий дахинд хэрхэн нөлөөлж болохыг харуулж байна.
Зеленский халдлагын талаар хэлэхдээ "Бид өнөөдөр пуужингийн халдлагыг харлаа. Бид ямар хүмүүстэй дайтаж байгааг эндээс харж болно. Тэд хаа хамаагүй цохилт өгнө. Нарийн ширийнийг мэдэхгүй ч хүмүүс нас барж, шархдаж, хохирсныг би мэдэж байгаа. Юун түрүүнд бид өөрсдийгөө хамгаалах ёстой. Үүний тулд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол агаарын довтолгооноос хамгаалах систем" гэлээ.
Агаарын довтолгооноос хамгаалах сэрэмжлүүлэг дуугарахын өмнөхөн Зеленский Оросын довтолгооноос болж ихээхэн хохирол амссан Одесса хотоор тойрч аялахыг Грекийн ерөнхий сайдаас хүссэн байжээ.
"Бид машинд суув уу үгүй юу айхтар дэлбэрэлт болохыг сонссон. Жинхэнэ дайн энд болж байгааг бидэнд харуулсан тод дохио боллоо. Энд өдөр бүр дайтаж байна. Дайн зөвхөн фронтод, цэргүүдэд нөлөөлж байгаа юм биш, дайн энгийн гэмгүй иргэдэд ч нөлөөлж байна" гэж Кириакос Мицотакис хэлжээ.
Одесса хот нь Дунай мөрний ойролцоо оршдог бөгөөд Украины үр тарианы экспортод чухал ач холбогдолтой боомт хот юм. ОХУ тус хотод олон удаа цохилт өгсөн. Түүнчлэн энд Украины Тэнгисийн цэргийн хүчний гол бааз байрладаг.
Агаарын цохилт орон нутгийн цагаар 11:40 цагийн үед болсныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд баталлаа. Мөн зорилтот байгаа онож чадсан гэдгийг хэлжээ. Ингэхдээ Зеленский, Мицотакис нарын талаар дурдаагүй байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ