Сэлбэ гол дагуу үерийн бүс дэх “S’Outlets” дэлгүүрийн агуулахын барилгыг өнгөрсөн долоо хоногт буулгаж, барилгын хаягдлыг цэвэрлэж дууссан. Агуулахыг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс барилгыг буулгасан юм. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг энэ сард буулгаж талбайг бүрэн чөлөөлөх болсон байна.
Харин “Авлига хороолол” гэж нэрлэгдээд буй хотхоны тухайд хуулийн дагуу шүүхээр эцэслэгдсэн тохиолдолд шууд буулгана гэдгийг хотын дарга мэдэгдсэн.
Гэхдээ шүүхийн шийдвэр хэрхэн эцэслэгдэх нь тодорхойгүй.
“S’outlet’s” дэлгүүрийн удирдлагуудын зүгээс харамсалтай нөхцөл байдал үүсч, барилгаа нураалгах болсонд харамсч байгаа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн талаар онцолсон.
Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж эхэлсэн бөгөөд талбайг бүрэн чөлөөлөөгүй байна.
Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlets” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.
“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийгнураах асуудлаар өнгөрсөн аравдугаар сард /2023.10.27/нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийхдээ “S-Оutlets” дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон.
“S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.
Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэж байв.
Харин “Aqua garden” хотхоны тухайд захиалгаа одоог хүртэл авсаар байгаа бөгөөд удахгүй блок барилгууд нь ашиглалтад орно гэсэн юм. Хэрэв ашиглалтад орсон тохиолдолд иргэдийн өмчийг нураах эрх нийслэлд үүсэхгүй аж.
Холбоотой мэдээ