Хятадын цагаач гэр бүлээс дэлхийн хамгийн том платформын хатан хаан гэгдэх Присцилла Чаны амьдралын талаар уншигч та бүхэн юу мэдэх вэ. Орчин цагийн эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес магнат Присцилла болон Марк Зукербергийн хайр дурлал хийгээд амжилтанд хүрсэн түүхийг NEWS агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.
Присцилла Чаны эцэг эх Вьетнамаас завиар АНУ-д дүрвэж ирсэн цагаачид байсан. Эцэг Дэннис Чан болон эх Ивонн Чан нар Присцилла, Элейн, Мишель гэсэн гурван охинтой бөгөөд Присциллаг их сургуулиа төгсөх үед хамгийн их баярлаж байжээ. Учир нь ямар ч дээд боловсрол эзэмшээгүй эцэг эх нь охидуудынхаа боловсролд хөрөнгө оруулах гэж Бостоны жижиг цайны газарт олон цаг зогсоо зайгүй ажилладаг байсан.
Присцилла 1985 оны хоёрдугаар сарын 24-нд Массачусетс мужын Бриатри хотод төрж, их сургуульд орох хүртлээ Квинци хотод амьдарсан. Хэлд орох цагаасаа кантон, англи хэлээр чөлөөтэй ярьж өвөө эмээдээ орчуулагч хийхээс гадна ахлах сургуулийнхаа хүндэт сурагч байсан гэдэг.
Присцилла ахлах сургуулийн багшийнхаа заавраар Харвардын их сургуульд бүртгүүлээгүй байсан бол одоогийн сайхан амьдрал нь өөр хүнийх байх байсан гэж дурсдаг. Присцилла 2003 онд Харвардын нэгдүгээр курсын оюутан байхдаа Зукербергийн еврэй ахан дүүсийн үдэшлэг дээр бие засах өрөөнд дугаарлаж байхдаа танилцсан байна.
Хүчирхэг хос тухайн үеэс хойш нэг ч алхам холдоогүй ба хамтдаа хэдэн тэрбум долларын зах зээлийг бий болгосон юм.
СУР, СУР БАС ДАХИН СУР
Харвардын их сургуулиа 2007 онд төгсөөд хувийн хэвшлийн Харкерийн сургуульд нэг жилийн хугацаатай шинжлэх ухааны хичээл заадаг байжээ. Дараа нь 2008 онд Сан Францискогийн Калифорнийн их сургуульд хүүхдийн эмчээр дагнан анагаахын чиглэлээр таван жил суралцаж төгссөн. Харвардад байх хугацаандаа Франклины сургуулийн дараах хөтөлбөрт хамрагдаж байсан ба 2005 онд анхны Фейсбүүк хэрэглэгчдийн нэг болж байсан. Тэрбээр Сан Франциско хотын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажиллаж байх хугацаанд ихэнх өвчтөн болон тэдний гэр бүл испани хэлээр ярьдаг тул ойлголцход хэцүү байсан. Тиймээс бусдыг илүү ойлгохын тулд хэлийг нь сурах шаардлагатай байсан талаараа хэвлэлд ярилцлага өгч байжээ.
МАРК БОЛОН ПРИСЦИЛЛА
Хамтдаа 2003 оноос хойш бүх зүйлийг даван туулсан хосууд 2010 онд нэг гэрт орж, 2012 оны тавдугаар сарын 19-нд гэрлэлтээ батлуулсан.
Фейсбүүк компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид 104 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцаа гаргасны маргааш нь арын хашаандаа даруухан хурим хийжээ. Хамгийн хачирхалтай нь Марк, Присцилла нар бүх зочиддоо Присциллагийн төгсөлтийн баяр гэж хуурч, хуримаа хийсэн. Хосууд 2015 оны долдугаар сард том охин Максимагаа өлгийдөн авсан ба тухайн өдөр Марк, Чан нар компанийнхаа 99 хувийг хандивт зориулахаа мэдэгдсэн.
Үүнээс удалгүй хоёр жилийн дараа дунд охин Аугуст Чан Зукерберг төрсөн бөгөөд гуравдах охин нь Аурелиа нь 2023 оны гуравдугаар сард төрсөн.
Присцилла Чан том охиноо төрүүлэхээс өмнө гурван удаа жирэмсэн болж байсан ч аз дутсан юм. Одоогоор жаргалтай гэр бүл Калифорниа мужийн Пало Алтод амьдардаг агаалд Присцилла жирэмсний хяналтыг хангах ашгийн бус байгууллага болон бага сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Марк "Бийст” гэх Унгар хоньч нохойндоо амь тул Присцилла хэвлэлд “ Фейсбүүкийн дараа бичигдэх Маркын хамгийн чухал зүйл бол нохой нь. Өдөрт дор хаяж 30минут надаас Бийстийн талаар асуудаг” гэж хошигножээ.
Присцилла өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй яах аргагүй мөн. Түүний хичээл зүтгэл, эцэг эхийнх нь мятрашгүй зантай шууд холбоотой.
Түүний хөрөнгө өдгөө 30 тэрбум ам.доллар бөгөөд нөхөртэйгөө хамтарсан сайн үйлсийн сангаас авхуулаад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй байдаг. Түүний буяны үйлсэд хандах хандлага нь нөхөрт нь маш хүчтэй нөлөөлсөн.
Присцилла, Марк хоёр асар үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй. Үүнд 2019 онд Тахо нуур дахь зэргэлдээх хоёр үл хөдлөх хөрөнгөд бараг 60 сая ам.доллар зарцуулжээ. Пало Алто дахь үл хөдлөх хөрөнгөө худалдаж авсныхаа дараа хөршийнхөө байшинг худалдаж авахын тулд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан нь хувийн нууцад илүү их саад тотгор учруулахаас болгоомжилсон үйлдэл байв. Нийтдээ хосууд Пало Алто, Сан Франциско, Хавай болон Калифорниа даяар дөрвөн өөр байршилд 10 үл хөдлөх эзэмшдэг.
Эх сурвалж: WIKIPEDIA, PEOPLE MAGAZINE,CELEBRITY NETWORK.com, BUSINESS INSIDEr
Холбоотой мэдээ