Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны хоёрдугаар сард багтаан олон улсын зах зээлд бонд гаргаж, гэр хорооллыг орон сууцжуулах санхүүжилтийн эх үүсвэрийг босгохоо мэдэгдсэн ч одоо хэр нь ажил хэрэг болоогүй байна. Олон улсын зах зээлд гаргах бондод Засгийн газар баталгаа гаргахаараа онцлогтой.
Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн байгуулах 20 мянган айлын орон сууцыг барьж байгуулахад 1.5 их наяд төгрөг шаардлагатай.
Санхүүжилтийн эх үүсвэрийг дотоодын зах зээлээс босгоход өртгийн хувьд өндөр тул олон улсын зах зээлд гаргах нь хүүгийн хувьд хямд тусна гэж үзсэн. Тэр дагуу Улаанбаатар хотын захирагч бонд гаргах эрхээ өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ, Засгийн газраар батлуулсан. Гэвч бонд гаргаж чадаагүй суутал гуравдугаар сар гарч, барилгын их ажил эхлэх болж байна.
Хэрвээ олон улсын зах зээлд бонд гаргаж чадахгүй бол Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй тулна. Учир нь, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн байршилд байгаа айлуудтай газрыг нь чөлөөлөхөөс эхлээд зардал шаардаж буй.
Зөвхөн Сэлбэ дэд төв дээр 2000 айлын газар чөлөөлөх шаардлага үүсч буй. Одоогоор энэхүү дэд төв дээр газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх үнэлгээний компани шалгарсан.
Уг үнэлгээний компани нь тухайн газар дээр амьдарч байгаа айл өрхүүдтэй хэлэлцээр хийнэ. Одоогоор хашааны нэг га газрыг хэдээр үнэлэх вэ гэдэг нууц байна. Газраа чөлөөлөх бүсэд байгаа айл өрхүүдийн хувьд аль болох өндөр үнэлж өгөх сонирхол бий. Гэвч зах зээлийн үнэлгээнээс давсан үнэ хэлбэл санхүүжилтийн эх үүсвэр хязгаартай тул хэлсэн үнээр нь авах боломжгүй. Дээр нь газар чөлөөлөх ажил үнэлгээнээс болж гацаанд орвол энэ хавартаа багтан дэд төвүүдийг түшиглэн баригдах орон сууцны хороолол барих ажил гацах эрсдэл байгаа юм. Иймээс нийслэл боломжийн үнэ санал болгохоос аргагүй.
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай УИХ-ын тогтоолд зааснаар гэр хороолол дахь газрыг чөлөөлбөл дараах хувилбар санал болгож байгаа. Үүнд:
- Нэгдүгээрт, бэлэн мөнгөөр газраа чөлөөлж өгөх,
- Хоёрдугаарт, газраа Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацид байгаа бэлэн орон сууцаар солих,
- Гуравдугаарт, 24 сарын хугацаатай түрээсийн мөнгөө авч, эргээд тухайн байршилдаа буюу өөрийн газарт тохирсон байрыг нөхөн олговор болгож авах зохицуулалт туссан.
Гэвч хашааны газар дээрээ ихэвчлэн 2-3 өрх амьдарч байгаа тохиолдол маш олон. Өөрөөр хэлбэл, хашааны газраа чөлөөлсөн тохиолдолд уг газар дээр амьдарч байгаа гурван өрх гурвуулаа байртай болох боломжтой юу гэдэг асуудал хөндөгдөж буй.
Мөн хашааны газраа чөлөөлсөн тохиолдолд иргэдийг түр байраар хангах шаардлага үүснэ. Харин төслийг удирдаж ажиллах Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацид одоогийн байдлаар 400 гаруй айлыг түр суурьшуулах сууц бий. Иймээс Сэлбэ дэд төв дээр 2000 айлын хашааны газрыг чөлөөлсөн нөхцөлд 400 гаруй айл нь түр суурьшуулах сууцыг сонголоо гэхэд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр шаардах болж байгаа юм.
Иргэдийг байранд оруулах, түрээсийн төлбөр төлөх зэрэгт энэ онд 150 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт суулгасан. Нэг өрхөд сарын 1,2 сая төгрөг олгохоор төлөвлөсөн. Уг санхүүжилтийг нэмэх шаардлага ч мөн үүсэж байгаа.
Тодруулж хэлбэл, гэр хорооллыг барилгажуулахад санхүүжилт шаардлагатай. Хэрэв энэ санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгож чадахгүйд хүрвэл Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдийг барилгажуулах ажил гацаанд орно. Түүнийг дагаад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын боловсруулсан төлөвлөгөө бүтэлгүйтэж, МАН-ын сонгуулийн гол хөзөр болж буй тактик эрсдэлтэй тулна.
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт иргэдийн 50 хувь орчим нь буюу 1,7 сая иргэн амьдарч байна. УИХ-ын сонгууль өнөө жил томсгосон тойргоор зохион байгуулагдахаар болсон. Нийт 13 тойрогтой байхаар баталсан бөгөөд зургаан тойрог нь нийслэлд хамаарч буй.
Хэрэв гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлыг бууруулах дээрх төлөвлөгөө бүтэлгүйтбэл МАН сонгуульд нэн хүнд нөхцөлд орох болж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ