АНУ-д урт хугацаатай бондын үнэ өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

АНУ-д урт хугацаатай бондын үнэ өссөөр байна

Монголбанкнаас долоо хоног тутам гаргадаг санхүүгийн зах зээлийн тойм гарчээ. Энэ жилийн 34 дэх долоо хоногийн тоймыг танилцуулж байна.

АНУ-д наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсдын тоо 12 мянгаар нэмэгдэж 500.000-д хүрлээ гэж хөдөлмөрийн яамнаас мэдээлж байна. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсдын тоо огцом өссөн, Филаделфиа муж болон ойролцоох мужуудад үйлдвэрлэл энэ он гарсаар анх удаа буурсан зэрэг нь эдийн засаг таамаглаж байснаас хурдан буурч байгаагийн шинж тэмдэг болж байна. Филаделфиа мужийн холбооны нөөцийн банкнаас гаргадаг мужийн эдийн засгийн ерөнхий индекс наймдугаар сард сөрөг гарсан нь эдийн засаг агших дохио болж байна. “Жилийн хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт буурах, магадгүй бид ямар нэгэн муу зүйлтэй тулгарах байх” хэмээн хойд Калифорниагийн “Wells Fargo Securities” компанийн ерөнхий эдийн засагч М.Витнер өгүүлжээ. Филаделфиа мужийн үйлдвэрлэлийн индекс энэ сард сөрөг 7.7 болж буурсан нь 2009 оны долдугаар сараас хойшхи хамгийн их бууралт болсон байна. Уг индекс өнгөрсөн сард 5.1 байсан бөгөөд энэ сард долоо болж өснө гэсэн таамаглал байсан юм.

АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын үнэ дөрвөн долоо хоног дараалан өссөн нь энэ оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн урт хугацааны үргэлжилсэн явдал юм. Энэ үйл явдал нь дэлхий эдийн засгийн өсөлт суларч буй шинж тэмдэг болж байна. 10 жилийн хугацаатай бондын өгөөж наймдугаар сарын 13-ны байдлаар 2.61 хувь болж өмнөх долоо хоногоос таван суурь нэгжээр унасан бол хоёр жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж хамгийн доод түвшин буюу 0.4547 хувьд хүрч уналаа. Харин 30 жилийн хугацаатай бондын өгөөж 19 суурь нэгжээр унаж 3.66 хувь боллоо” гэж “BG Canto” компани мэдээлж байна.
 
Их Британий Засгийн газар зардлаа бууруулж эхэлжээ
 
Энэ жил эвслийн засгийн газар өрийн түвшингээ бууруулсан, мөн татварын орлого нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг хүчирхэгжүүлж байгаа зэрэг нь Их Британий төсвийн алдагдлыг таамаглаж байснаас бууруулжээ. Тус улсын цэвэр зээлийн хэмжээ 3.17 тэрбум паунд (таван тэрбум ам.доллар) болсон нь Блумбергийн эдийн засагчдын түүвэр судалгааны дүн болох 4.8 тэрбум паундаас бага гарлаа гэж Лондон дахь Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Сангийн сайд Ж.Осборн Засгийн газрын яамдуудын зардлыг 61 тэрбум паунд болгож бууруулахаар оролдож байгаа нь 2015 он гэхэд Засгийн газрын өрийг 2.1 хувь буюу ДНБ-ны 11 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэхийг зорьж байгаатай холбоотой юм. Долдугаар сард Их Британий төсвийн орлого 10.5 хувьд хүрч өссөн нь энэ оны гуравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус улсын аж ахуй нэгжийн татварын орлого 36 хувьд хүрч нэмэгдсэн нь компани болон аж ахуй нэгжийн ашиг сэргэж, татварын хэмжээг 13 хувиар нэмэгдүүлсний үр дүн байлаа. 

Тайлант долоо хоногийн баасан гарагт Их Британий Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж гурван суурь нэгжээр унаж 0.644 болсон бол паундын хаалтын ханш 1.5534 ам. долларт хүрчээ. 
 
Иений чангаралт дефляцийг нэмэгдүүлнэ гэж үзжээ
 
Японы хөрөнгө оруулагчид өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Засгийн газрын бондыг ихээр худалдан авсан нь Японы засгийн газрын бондын өгөөж сүүлийн долоон  жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэнтэй холбоотой юм. АНУ-ынЗзасгийн газрын бондыг худалдан авсан дотоодын хөрөнгө оруулагчид 2.17 их наяд иенийн ашиг олсон гэж тус улсын сангийн сайд хэллээ. Уг худалдан авалт 2001 оны эхэн үеээс хойшхи бараг л анхны тохиолдол бөгөөд  ингэж засгийн газрын үнэт цаасны үнэ өссөн нь Японы эдийн засгийн өсөлт удаашралттай байгааг илэрхийлж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Япон болон бусад орны хөрөнгө оруулагч нарт хандан АНУ-ын Засгийн газрын бондын арилжаанаас 8.18 их наяд ам.доллар цуглуулсан нь тус улсын эдийн засгийн тэлэлтэд дэмжлэг болж байна гэж хэлжээ. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 8 дугаар сарын 19-ны байдлаар 1.5 суурь нэгжээр өсч 0.915 хувь болсныг Японы хамгийн том брокерын “Japan Bond Trading” компаниас мэдэгдсэн.
 
Тайлант долоо хоногийн баасан гарагийн өглөө иен ам.долларын эсрэг 85.29 болж чангарсан нь 1995 оноос хойшхи хамгийн чанга дүн болсон. Харин тухайн өдрийн хаалтаар иен  ам.долларын эсрэг 85.62 болж 0.33-аар суларсан байна. Энэхүү иенийн  хэт их чангаралт дефляцийг нэмэгдүүлж, экспортыг бууруулах дохио болж байгаа нь эдийн засгийн сэргэлтэд нэмэлт дарамтыг бий болгож байна гэж Японы төв банкны бодлогын зөвлөл үзэж байна. Иений энэ чангаралт экспортыг зургаан  хувиар буурахад хүргэсэн гэж худалдааны яамны сайд М.Ноашима хэлжээ. Японы төв банкны ерөнхийлөгч М.Ширакава ирэх долоо хоногт ерөнхий сайд Н.Кантай уулзах уулзалтан дээр Төв банкаас олгох 20 их наяд иенийн гурван  сарын хугацаатай зээлийг ханш сулруулах зорилгоор 30 их наяд иенийн зургаан сарын хугацаатай зээл болгон өөрчлөн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэнэ гэж  “Санкей” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
 
БНХАУ-д үйлчилгээний орлого 44 хувиар өсөв
 
Оны эхний хагас жилд дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох Хятад улсын Construction банкны ашиг 27 хувиар өсч 70.7 тэрбум юань болсон нь зээлийн эрэлт болон санхүүгийн бусад үйлчилгээ өсч эдийн засгийн сэргэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Тус банкны цэвэр орлого өнгөрсөн жилийн дүнгээс 6.05 тэрбум юаниар өсч 35.6 тэрбум юаньд хүрээд байгаа нь Блумбергийн эдийн засагчдын түүвэр судалгааны дүнгээс 1.3 тэрбум юаниар давсан үзүүлэлт байлаа. Энэ оны хоёрдугаар улиралд тус банкны найдваргүй зээлийн хэмжээ 65.17 тэрбум юань болж буурсан байна. Мөн үйлчилгээний орлого нь 44 хувиар нэмэгдэж 33.6 тэрбум юань болсон бол цэвэр зээлийн орлого 15 хувиар өсч 117.8 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өмнөх жилийн дүнгээс 15.3 тэрбум юаниар давсан дүн байв. Уг банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 0.24 хувиар өсч 11.68 хувь болжээ. Энэ дүн төв банкны зохицуулагчдын тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод түвшин болох 11.5 хувиас дээш гарсныг харуулж байна. Хятадын банкуудын төлөөлөл болох Construction банк болон Бизнес үйлчилгээний банкууд нь их хэмжээний зээлээс ашиг олсноор үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан ашиг хонжоо ологчдын эсрэг авч буй Хятадын засгийн газрын арга хэмжээг бууруулахад дэмжлэг болсон байна. Construction банк нь дахин санхүүжилтийн хөрөнгөө 785 тэрбум юань болгож өсгөсөн нь Азид хамгийн томд тооцогдох дүн болоод байна. Мөн Хятадын таван том банкны нэг болох Харилцаа Холбооны банк нь хоёрдугаар улиралд 29 хувийн ашигтай ажилласан  шалтгаан нь зээлийн орлого болон хадгаламж өсч эдийн засаг тэлсэн явдал юм. Уг банкны ашиг нь бусад томоохон банкуудын ашгаас өндөр гарсан юм. Харилцаа холбооны банкны цэвэр орлого өнгөрсөн жилийн дүнгээс 2.25 тэрбум юаниар өсч 9.91 тэрбум юанид хүрсэн бол зээлийн цэвэр орлого нь 39 хувиар өсч 20.9 тэрбум юань боллоо гэж Шанхай дах харилцаа холбооны банкнаас мэдэгдлээ. Дотоодын банкуудын орон нутгийн засаг захиргааны дэд бүтцийн төсөлд гаргасан 7.7 их наяд юанийн зээлийн 23 хувь нь эргэн төлөгдөж магадгүй гэж уг төслийн гишүүн хэлжээ. Харин Хятадын төрийн хяналттай банк энэ жилийн нэгдүгээр хагаст 523 тэрбум юанийн шинэ зээл гаргасан нь олгосон зээлийн нийт хэмжээг  5.2 их наяд юаньд хүргэжээ.
 
ОХУ-д цалин 6,8 хувиар нэмэгджээ
 
ОХУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өссөн нь татварын дараах орлого нэмэгдсэнтэй холбоотой юм. ОХУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх сараасаа 0.8 хувиар өсч жилийн 6.6 хувь боллоо гэж Холбооны статистикийн хорооноос мэдээллээ. ОХУ-д бодит цалин 6.8 хувь, татварын дараах орлого 5.2 хувь болж тус тус нэмэгдсэн бол ажилгүйдлийн түвшин өмнөх сараас 0.2 хувиар нэмэгдэж долоон хувьд хүрчээ. Хэрэглээний зардлын чадвар сэргэж, рубль хүчтэй хэвээр байна хэмээн “Renaissance Capital” компаний судлаач Наташа Загвоздина өнгөрсөн сарын мэдэгдэлдээ өгүүлжээ. Хэдийгээр тус улсад ган гачин нүүрлэснээс зардал өсөх хандлагатай байгаа 2010 оны эдийн засгийн өсөлт дөрвөн хувиас дээш гарна гэж таамаглаж байгааг Сангийн дэд сайд А.Клепач хэлсэн. Оросын хамгийн том гадаад хөрөнгө оруулагчид бол Кипр, Голланд, Люксенбург, Герман зэрэг улсууд юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж