Маргаан дагуулсан хүнсний тусламж

Маргаан дагуулсан хүнсний тусламж

Маргаан дагуулсан хүнсний тусламж

АНУ өнгөрсөн Мягмар гаригт Йордантай хамтран Газын зурвасын хойд хэсэгт 36 мянган багц хүнсний тусламж хүргэжээ. Энэ нь сүүлийн өдрүүдэд хүргэсэн хоёр дахь тусламж юм.

ДЭМБ саяхан 300 мянга орчим палестин иргэн хоол хүнс, цэвэр усны хомсдолтой амьдарч байгааг мэдэгдсэн. Гэтэл агаараас хүнсний тусламж тараах стратеги нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байгааг хүмүүнлэгийн байгууллагууд онцолж байна. Газар дээрх хүчин чармайлт амжилтгүй болсны илэрхийлэл эл арга хэмжээ нь багагүй маргаан дагуулав.

Египетийн хяналтад байдаг Рафах боомт, Израилийн хяналтад байдаг Керем Шалом боомтоор Газын зурвасын өмнөд хэсэгт тусламжийн ачааны машинууд нэвтэрч буй. Гэтэл Израилийн хуурай замын довтолгооны эхний үе шатанд анхаарлын төвд байсан хойд хэсэг сүүлийн саруудад тусламжаас ихээхэн тасарсан.

Дэлхийн хүнсний хөтөлбөр хоёрдугаар сарын 20-нд Газын хойд хэсэгт хүнсний тусламж хүргэхээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Тиймээс тусламжийн цуваа эмх замбараагүй байдалд оржээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт тусламжийн цуваа руу палестинчууд бөөгнөрөн дайрснаас болж 100 гаруй хүн амиа алдсан билээ. Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Израилийн цэргүүд гал нээсний улмаас олон арван хүн амь үрэгджээ. Харин Израилийн тал мэдэгдэхдээ иргэдийн олонх нь ачааны машинд дайруулж нас барсан гэж мэдэгдсэн.

ТУСЛАМЖ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Израилийн армитай хамтран Франц, Арабын нэгдсэн Эмират, Египет, АНУ, Йордан улсууд өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд Газын зурвас руу 20 гаруй удаа агаараас тусламж үзүүлжээ. Гэвч тусламжийн бараанууд төрөл зүйл болоод хэмжээний хувьд хангалтгүй байгааг хэлж буй. Баасан гаригт багахан хэмжээний буурцагт ургамал болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай цөөн хэдэн зүйл багтсан байсныг Газын оршин суугчдын төлөөлөл мэдэгджээ.

“Тусламжийн шүхэр гэнэт л агаарт гараад ирдэг. Шүхэр биднээс 500 метрийн зайд бууна гэхээр бид амжиж очих боломжгүй байсан. Олон хүн байсан ч тусламжийн хэмжээ нь бага байдаг. Тиймээс бид юу ч авч чадаагүй” гэж Абу Юсеф нэртэй иргэн ярьжээ.

Тусламж буух газарт хэдэн зуугуулаа, мянгуулаа хүлээдэг ч 10-20 хүнд л хүрэлцэхүйц бараа байдаг гэлээ.

ҮНЭТЭЙ БӨГӨӨД САНАМСАРГҮЙ

Агаарын тусламжийг хүмүүнлэгийн зорилгоор НҮБ 1973 онд анх ашиглажээ. Гэвч энэ аргыг илүү үр дүнтэй сонголтууд амжилтгүй болсон үед л ашиглах сүүлийн сонголт гэж тооцдог.

Норвегийн дүрвэгсдийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын тусламжийн ахлагч асан Ян Эгеланд саяхан Газад гурван өдрийн айлчлал хийгээд буцаж ирснийхээ дараа "Агаарын тусламж нь үнэтэй атлаа санамсаргүй. Тиймээс ихэвчлэн буруу хүмүүст тусламж хүрдэг” гэж хэлжээ.

Агаарын тусламж нь нисэх онгоц, түлш, боловсон хүчинтэй холбоотой зардлаас болж газрын тусламжаас долоо дахин илүү үнэтэй гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдсэн. Түүнчлэн ачааны машины цуваатай харьцуулбал нэг удаад тээвэрлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ бага. Тусламж хүргэх бүсэд ч нарийн зохицуулалт, зохион байгуулалт шаардлагатай.

Тусламж хэрэгтэй хүндээ, аюулгүй хүрэхэд түгээлтэд тавих хяналт нэн чухал гэдгийг Олон улсын улаан загалмайн хороо онцолжээ. "Тэжээлийн хомсдолд орсон эсвэл өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст гэнэтийн, хараа хяналтгүй хоол хүнс хүргэх нь тэдний амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй" гэж тус байгууллага анхааруулав.

Агаарын тусламжийг мөргөлдөөний бүсэд 300-5600 метр хүртэлх өндрөөс унагаадаг. Мөн газарт унахад задарч, эвдрэхгүйг бодолцон бат бөх савлагаатай байх хэрэгтэй аж. Буух талбайн хувьд хөлбөмбөгийн талбайгаас багагүй, нээлттэй талбай байх ёстой. Эдгээрийг харгалзан үзэж Газын эрэг орчимд ихэвчлэн хүргэлтийг хийж байна. Гэвч заримдаа буруу тооцооллын улмаас тусламж далайд унах, салхинд өөр тийшээ зөөгдөх зэрэг хүндрэл бэрхшээл гарч байна.

Газ руу хоол хүнс илгээдэг “World Central Kitchen” компанийн үүсгэн байгуулагч, тогооч Хосе Андрес “ABC News”-т хэлэхдээ "Бид Газ руу ямар ч хамаагүй аргаар хоол хүнс авчрах хэрэгтэй. Бид үүнийг далайгаар авчрах ёстой. Гэхдээ агаараар ирж байгаа тусламжийг шүүмжлэх шаардлагагүй гэж бодож байна. Газад хүнс авчирч байгаа санаачлага бүрийг бид сайшаах ёстой" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден далайн коридор нээх, хуурай газраар тусламж хүргэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан. Гэвч энэ амлалт бодит байдалд хараахан хэрэгжээгүй л байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 37.169.180.132

Арабууд тусламжийн бүтээгдэхүүнүүд хугацаа нь дууссан байна гээд шатааж байсан .Хамас д л гомдох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-07 178.174.229.45

l*****n MUUSAIN ISLAMUUD UDAHGUI BIE BIENEE IDEX BIZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж