"АН-ын гишүүдийг яллаж байгаа нь улс төрийн зорилготой"

"АН-ын гишүүдийг яллаж байгаа нь улс төрийн зорилготой"

"АН-ын гишүүдийг яллаж байгаа нь улс төрийн зорилготой"

Хөгжлийн банкны гэх хэргийн 84 холбогдогчтой шүүх хурал Улаанбаатар чуулгын танхимд 40 гаруй хоног болсон. Эцэст нь АН-ын гишүүдэд ял оноосноор нийгмийн дунд Монголын шүүх МАН үйлчиллээ гэх хардлага төрүүлэх болсон. Товчхондоо, Төрийн ордноос шүүх эрх мэдэлд нөлөөлдөг, даалгавар өгдөг явдал хэвээр байгааг энэ хэрэг харуулсан гэхэд болно. Энэ талаар АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяртай ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй явсан хүмүүс нь МАН-ын гишүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс. Гэтэл АН-ыг буруутгаад, АН-ын гишүүдэд зорилготойгоор шүүхээс ял оноосныг хүмүүс улс төрийн зорилготой гэж харж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Олон нийтийн дунд Монголын шүүх МАН-аас даалгавар, чиглэл авч байна гэх хардлагатай болсон байна. Тус банкны захирлаар нь ажиллаж байсан Н.Мөнхбат нь авлига аваагүй, мөнгө идээгүй, ашиглаагүйг нь шүүх хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ МАН-ынхан шоронд орсон учраас АН-ын захирлыг адилхан шоронд оруулах хэрэгтэй гэсэн зарчим тэнд үйлчилж байна.  Н.Мөнхбат ажлаа л хийсэн. Түүнийг улс төрийн нам, фракцаар нь ялгаварлаж яллаж байна. Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж гүйцэтгэх ажил хийсэн хүмүүсээ яллаад дээрээс нь Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна.

Н.Мөнхбат улс төрийн хоригдол болсон.  Тиймээс түүний асуудлыг хөөцөлдөж байгаад олон улсын хүний эрхийн байгууллагын жагсаалтад оруулна. Мөн Н.Мөнхбатыг хилс хэрэгт яллаж, шүүж, ял өгсөн зарим нэг этгээдүүд ба тэдний гэр бүлийг Америк, Европын холбоо, Канад, Австрали, Япон зэрэг улсуудын хар жагсаалтад оруулна. Тэдэнд виз гаргахгүй. Мөн тэднийг ардчилсан улсууд баривчлан авч хүний эрхийн шүүхээр шүүж цээрлэл хүлээлгэх талаар хөөцөлдөж байгаа.

-Н.Мөнхбатыг  бусдад давуу эрхтэйгээр зээл олгосон гэж буруутгаад байгаа. Үнэхээр бусдад давуу боломж олгосон уу?

-Монгол Улс боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Гэтэл ийм үйлдвэрүүдийн ТЭЗҮ-г хүлээн авах бүтэц, хуулийн зохицуулалт  Монголд байхгүй. Ийм байхад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж зээл өгсөн Хөгжлийн банкны зөв шийдвэрт Н.Мөнхбатыг онцолж ялласан.  Бусдад зээл олгосон гэж буруутгасан Эрүүгийн хуулийн заалт нь өөрөө учир дутагдалтай. Бусдад давуу байдлаар зээл олгосныг нь яаж нотлож  тогтоогоод байгаа юм бэ. Нотлож, тогтоогоогүй хэрнээ бусдыг буруутгаж ял оноож байгаа нь сөрөг хүчнээ мохоох гэсэн оролдлого юм. Н.Мөнхбатад ганцаараа шийдээд зээл олгох эрх мэдэл байгаагүй. Зээлийн эдийн засагч нь судална. Зээлийн хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ.  Гэтэл иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаагаар яллаж байгаа нь шинэ үеийн хэлмэгдүүлэлт гэж харж, дүгнэж байна.  Ийм шүүхтэй улсад үйлдвэржилт хөгжих боломжгүй. Тэр тусмаа бусдыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогодоо үйлдвэржсэн улс болох зорилт тавьсан.  Харамсалтай нь, үйлдвэржилтийг дэмжсэн шийдвэр гаргасан хүмүүсээ улс төрийн хоригдол болгож, хилс хэргээр яллаад байвал  Засгийн газрын бодлого хэрэгжихгүй.

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг ХХБ-аас 28 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкинд оффис авсан гэж буруутгасан шүү дээ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 28 тэрбум төгрөгөөр байр авлаа гэж буруутгасан. Ингэхдээ зах зээлийн үнэлгээ гэж 22 тэрбум төгрөгийг мэдлэггүй, барилгын архитектур хүнээр гаргуулсан. Үүнд ноцтой зөрчил гарсан. “Богд ар хороолол”-д байдаг айлын гражны үнийг жишиг үнэ гэж үзсэн. Тэгээд хотын төвийн А бүсийн оффис үйлчилгээний зориулалттай гражны үнэтэй харьцуулсан. Мөн банкны зорилготой байрыг үнэлэхдээ хотын төвөөс зайдуу дэлгүүрийн барилгатай жишсэн гэх мэт олон алдаа гаргажээ.

2015 онд ч, өнөөдөр ч 28 тэрбум төгрөгөөр хотын төвд 3200  кв/метр оффис олдохгүй. Тиймээс шүүх хүн хэлмэгдүүлээд зогсохгүй Хөгжлийн банкийг 30 тэрбум төгрөгийн бодит алдагдалд орууллаа. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа нь  оффистой болсон нь Хөгжлийн банкийг хохироосон гэж үзээд удаа дараа гомдол гаргасан. Энэ хүнийг шалгах ёстой.

Иргэний харилцаагаар шийдвэрлэх асуудлыг  Эрүүгийн ял шийтгэлээр шийдвэрлүүлэх гэж  зүтгээд байгаа Б.Батааг МАН-ын даалгавартай гэж харж байна. Үнэхээр Хөгжлийн банкийг 28 тэрбумаар хохироосон бол худалдан авалтаа буцааж болно шүү дээ.

Үнэндээ ашигтай ажиллуулсныхаа төлөө асар хүнд ял авсан АН-ын гишүүдийг ял нь хөнгөдөөд байгаа тул анхан шат руу буцааж ялыг нь нэм гэдэг чиглэлийг дээрээс өгдөг болсон талаар сонссон. Төрийн ажлыг ингэж улс төрийн ашиг сонирхлоор хийж болохгүй. Үнэлгээг 22 тэрбум төгрөг гэж хүчээр гаргахын тулд бэлэн мөнгөний хасагдуулга гэж хоёр тэрбум төгрөг хассан. 28 тэрбум төгрөгийг данснаас данс руу бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Гэтэл бэлнээр хийх ёстой гэж үзээд  үнэлгээг хоёр тэрбумаар бууруулсан нь маш буруу жишиг тогтоож байна. Мөн өнөөгийн үнэ цэнэ гэж ирээдүйн мөнгөн урсгал тооцдог аргачлалыг өнгөрсөн үед ашигласан. Шинжлэх ухааны логикийг зөрчсөн нотлох баримтыг үнэлж хүнд өндөр ял өгдөг буруу жишиг тогтлоо. Хөгжлийн банк бол арилжааны банк шиг харилцах, хадгаламж авдаггүй. Гэтэл бэлэн мөнгө ба үнэт эдлэл хадгалах газаргүй учир стандарт зөрчсөн байр авсан гэж Н.Мөнхбатыг буруутгасан. Барилгын архитектур хүнээр банкны бизнест шинжилгээ хийлгэж хүн яллах нотлох баримт болгосон нь ерөөсөө улс төрийн зорилготой.

-МАН засгийн эрх авсныхаа дараа Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж байгаад тоносон гэж харагддаг шүү дээ?

-Хөгжлийн банкийг хохиролд оруулсан хоёр захирал нь прокурорын шатанд сугарч үлдсэн. Оронд нь ямар ч гэм буруугүй хүмүүс тоо гүйцээж ял авлаа. Шударга ёс хаана байна. Монголын шоронгууд бизнесийнхнээр дүүрчээ. Засгийн газар шүүх рүү их дайрч байна. Зарим шүүгч нар ажилтайгаа үлдэхийн тулд гэмгүй иргэдийг ихээхэн хэлмэгдүүлж байна гэж харах кэйс олон бий. Үндсэндээ эрх мэдэлтнүүдийн зодоонд эгэл жирийн иргэд хэлмэгдэж байна.

Өмнөговь болон Зайсанд шинэ шорон барих сурагтай. АН үед хаана үйлдвэр, зам барих уу гэж маргадаг байсан бол МАН үед хаана шорон барих уу гэж маргадаг болсон гэхэд буруудахгүй биз?

-Бизнесийнхэн шоронг дүүргэх болсон гэлээ. Яагаад вэ?

-Цар тахлаас болж  Хятад хилээ хаасны улмаас олон бизнес дампуурсан. Төрийн ажилтнуудын нэхсэн хахуулийг өгөөгүйнхээ төлөө, хүнд сурталд дийлдэж бараагаа татаж авч чадаагүйнхээ төлөө олон залуус залилан хийсэн гэх нэрийн дор олон жилийн ял авцгааж байна. Дарга сайд нарын компани цэцэглэн хөгжиж, харин гэр бүлээ тэжээх гэсэн жижиг бизнесүүд эрүүгийн шүүхээр хоморголон яллагдсаар байна.

-Та нам энэ талаар юу хийж байгаа вэ. АН-ын үзэл баримтлалдаа хувийн өмч, бизнесийн эрх чөлөөг дэмжинэ гэдэг биз дээ?

-Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо нь хууль бус бас шударга бус тогтолцоотой хатуу тэмцэнэ. Хүнээ боддог энэрэнгүй засаг төртэй болохын тулд хуулийн шинэчлэл хийх болно. Сөрөг хүчний гишүүдийг эрх баригч МАН өөрсдийн эсрэг нам доторх фракцийн гишүүдтэй цуг намнаж байгаа нь Иргэний болон Улс төрийн олон улсын пакт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зөрчиж байгаа ноцтой үйлдэл юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж