Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Социализм өөд…

Хаяг андуурсан захидлаас үүдэн МАХН-ын Удирдах зөвлөл комунист арга барилаараа хурлаа хийгээд удаагүй байна. Мэдээж тогтсон ёсоор хурлын үр дагавар, түүнээс гарах шийдвэр 100 хувийн алга ташилт, эсвэл гар өргөлтөөр өндөрлөсөн талаар олон талын мэдээлэл ч энэ хугацаанд бишгүй “урсав”. Харин тэндээс гарсан шийдвэр 30, түүнээс ч өмнөх жилүүдийн тэртээд биднийг аваачив. “Комунистууд” шийдвэрээ танилцуулахдаа “Сонгинохайрхан дүүргийн иргэдээс удаа дараа хүсэлт тавьсны дагуу удирдлагуудад нь хяналт тооцох асуудлыг шийдлээ” гэх сүржин үгийг онцолж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүсэр шоудав. Ер нь хэн нь МАХН-д төрөөс, тэгээд хуулиас дээгүүр эрх олгочихсон юм бүү мэд.
Ардчилсан засаг төр сонор сэрэмжээ алдсанаас эрх мэдэл гартаа атгасан дарангуйлагчид ийнхүү пээдийх болжээ. Улс төр судлаачид үүнийг “Урагшаа бус хойшоо” алхах өвчин хэмээн оношлов. Тэдний хэлснээр бол бид хүмүүнлэг ардчилсан нийгэм бус комунизмыг социализм болгохоор алхаж буйг хэлэх юун.
Үүний ганцхан жишээ л гэхэд өнгөрөгч долоо хоногт болсон МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга С.Баярт болон Засаг дарга Ч.Сайханбаярын албан тушаалаа булаацалдсан асуудлаас болоод нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн ажил цалгардаж одоо хэр нь аль зөв аль нь буруу болохыг мэдэхгүй ИТХ-ын тогтоолууд энд тэндгүй үзэгдэх болсоныг тэд шийдсэн гэнэ.
Энэ мэт хурал өмнө нь 2007 оны эцсээр болж байлаа. Тухайн үед хотын дарга байсан Ц.Батбаярыг Л.Амарсанаагаар солих гэсэн намын дарга С.Баярын шийдвэрээс болоод орон нутгийн бие даан шийдвэр гаргах хараат бус байдал, түүнийг баталгаажуулсан хууль, тогтоомжууд шалдаа буусан юм. С.Баяр өөрийн санааг гүйцэлдүүлэхийн тулд НИТХ дахь намынхаа гишүүдийг нэг бүрчлэн өрөөндөө дуудан зэмлэл хүртээж байв. Багшдаа загнуулсан жаахан хүүхэд шиг намын даргаасаа банга хүртсэн НИТХ-ын төлөөлөгчид царай нь барайх нь барайж, уйлах нь уйлсаар гарч ирэн арга буюу хүслийг нь гүйцэлдүүлж байлаа. Харин үүнийг эсэргүүцэж Ц.Батбаяр Захиргааны хэргийн шүүхт хандаж байсан ч тэр нь шударга ёсыг хүсэмжилсэдээ бус албан тушаалаас зууралдсан хэрэг байв. Тийм ч гэдгийг удирдлагуудынхаа нэгэн адил эрх мэдэлтэй болохыг хүсэмжлэн УИХ-д нэр дэвших мандатаар намаа буруутган шүүхт өгсөн өргөдлөө буцаан авсан нь баталдаг.  
Түүнээс хойш хууль, журмын дагуу жам ёсоороо шийдэгддэг төр засгийн байгууллагын олон олон асуудал хууль тогжоомжийн хүрээнд бус МАХН-ын бичсэн сценарийн дор өрнөдөг болов.  
МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү “2008 оны орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт  МАХН ялсан. Ялалт авчирсан нам маань өөрөө тухайн дүүргийн Засаг захиргаа, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлдэг, баталдаг. Энэ үүднээсээ МАХН хариуцлага алдсан улстөрийнхөө албан тушаалтнуудын ажил байдлыг нь авч хэлэлцээд “Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга С.Баярт, Засаг дарга Ч.Сайханбаяр нарыг тухайн албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй гэж дүгнэлээ” гэж www.news.mn-д өгсөн яриандаа хэлсэн нь бүр батлав.
Үнэн хэрэгтээ МАХН-нд ийм эрхийг хуулиар олгоогүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор МАХН-ын Удирдах зөвлөл бус ИТХ нь асуудлаа шийдвэрлэнэ. Тэр хуулиар ИТХ-д хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж зааснаас бус тухайн хурлын даргыг нам баталгаажуулна аа гэсэн заалт байхгүй. Хурлын дарга болон Засаг даргыг тухайн албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй гэдгийг МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж шийддэггүй. Тухайн ИТХ-ын төлөөлөгчдийн 1/3 нь удирдлагаа огцруулах саналд гарын үсэг зурсан бол 15 хоногийн дотор ИТХ-аараа хэлэлцэнэ гэсэн тов тодорхой заалтууд бий. Энэ бүхнийг уландаа гишгэн шүүх байгууллагын ажлыг хийх нь МАХН-ын хамгийн ганц сурсан зүйл нь. Гэр бүл салалтаас эхлээд бүхнийг намын эрх ашгийн төлөөх хэмээх хүчирхийллээр шийддэг утгагүй нийгэм рүү тэд биднийг дахин хөтөлж эхэллээ.
Гэтэл МАХН-ын нөхдүүд эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалтыг “баталгаажуулдаг” болгон өөрчилж, ИТХ гэдгийг МАХН гэж гуйвуулан дур зоргоороо бурж сууна. Хачирхалтай нь үүнийг харсаар байгаа хэрнээ Сонгинохайрхан дүүрэгт цөөнгүй суудалтай Ардчилсан намын төлөөлөгчид ийм л байсаар ирсэн, ийм л байх ёстой мэт харж байгаа нь эмгэнэлтэй. Үнэндээ ардчилалыг бий болгохыг хүсэмжлэгчдийн тэмцлийн зорилго мартагдан алдарч, өмнө ямар байсан одоо ямар байгааг харьцуулах чадваргүй болжээ. Товчхондоо МАХН-ын хүссэнээр хууль засварлагдан, тайлбарлагдаж нэг мэдэхэд хувьсгал хийгчид нь дайсан, эрүүл саруул сэтгэгчид нь урвагч болж байна.
Хамгаас илүү харамсалтай нь үүнийг мэдээд ч ардчилсан хүчнүүд, түүнийг дэмжигчид цочиж, цочирдсонгүй.  
МАХН комунист нэрээ солиогүй шигээ дадсан аргачлал, хуучирсан сэтэхүй, хуучин барилаараа өнөөдөр хүртэл дарангуйлсаар байгаагийн тод жишээ гэвэл энэ.
Энэ намд дарангуйлагчдын дунд хүчээ авсан философи болох “Шударга ёсыг бид тогтоодог” гэсэн аймшигт үзэл бат бөх оршсоор байгаа төдийгүй түүнийгээ хэрэгжүүлсээр байх.
Жам ёсоороо зохицон үйл ажиллагаагаа явуулдаг дүүргийн хурлын жижиг төвшинээс эхлээд УИХ-д хүртэл тэд нөлөөлнө. Үүнийг нь шүүмжилсэн иргэдийн амыг таглах зорилгоор гурван хүн тутмын нэгт халамж өгөх бодлого баримтлан социализмын зүг баримтлах бөлгөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж