Сурвалжлага: Музей үзэгчдийн тоо нэмэгдсэн ч соёлжоогүй байна

Сурвалжлага: Музей үзэгчдийн тоо нэмэгдсэн ч соёлжоогүй байна

Сурвалжлага: Музей үзэгчдийн тоо нэмэгдсэн ч соёлжоогүй байна

Соёлын сайдын тушаалаар Эх орончдын өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх музейг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейд хүүхдүүдийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Бид энэ удаагийн сурвалжлагаараа үнэ төлбөргүй үйлчилж байгаа музейн үйл ажиллагааг сурвалжиллаа.

2024.03.05 14.00 цаг.

Биднийг Монголын үндэсний түүхийн музейд очиход музейн үзмэрийн талаар багшаасаа сонирхож асуух, нэг нэгэндээ тайлбарлан ам уралдах ахлах ангийн сурагчид багштайгаа зөрөв. Тэдний хувьд музей үзсэн нь сонирхолтой бөгөөд олон цагийн турш найз нартайгаа мэдлэгээ сорих сонирхолтой цаг хугацаа байсныг царайнаас харахад илхэн.

Тэдэнтэй зөрөх багштайгаа хамт нэг нэгнээсээ өрсч, түрүүлж орох гэсэн дунд ангийн хүүхдүүд дотор чухам юу байгаа талаар сонирхон ярилцана. Багш нь тэдэнд дараалалд зогсоод, эмх цэгтэй орохоос гадна музей дотор үймүүлж, бүтээлүүдэд хүрэхгүй байхыг сануулна.

Үндэсний түүхий музейн үүдний заал хүний хөлд дарагджээ. Тэдний олонх нь хүүхдүүд. Ангиараа, аав, ээжтэйгээ, найз нөхөдтэйгөө гээд олуулаа музей үзэхээр өөрсдийн ээлж дарааллаа хүлээнэ. Хүүхдүүдийг хаанаас эхлэх, ямар зохион байгуулалттайгаар явахыг музейн тайлбарлагч хөтөлж явах бол багш нь тэднийг үйлүүлэхгүй, орчноо  сайн харж явахыг багш нь сануулна. Бужигнасан, инээлдсэн  олон дундаас дэрвэгэр улаан хормойтой цэцгэн хээтэй дээл өмссөн үсээ хоёр сүлжсэн бор нүдтэй охин ааваасаа түрүүлэн дээш гараад арьсан дээр зурсан зургийг сонирхон гараараа хүрч үзэгдэнэ. Харин түүнд аав нь музейн үзмэр гараараа хүрч болохгүй, маш олон жилийн түүхтэй үнэт бүтээл байгааг сануулна.  Цугласан олон дунд гадуур хувцастайгаа гүйлдэх нь олон харагдаж байгаа нь музейн ажилчдын санааг чилээж буй нь илт. Үүндэнд угтах музейн ажилчид гадуур хувцаа өлгүүлээрэй гэх боловч, өлгүүр нь дүүрсэн учраас томчууд нь хүүхдүүдийнхээ хувцсыг тэвэрчихсэн үзмэрүүдээ шимтэнэ. Хэдийгээр олон үзэгчтэй байгаа ч музейд хадгалагдаж байгаа үнэт бүтээл, үзвэрүүдэд гар хүрэхгүй байх, хөндөхгүй байхыг музейн ажилчид, тайлбарлагч нь хүүхдүүдэд сануулсаар нэг хэсгээс нөгөөд шилжин үзвэр үзэгчид солигдоно.  Бага насны хүүхдүүдээс гадна оюутнууд ч олон байсан бөгөөд бид музей үзэж буй оюутнууд, зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

"0-16 НАСНЫХАН МУЗЕЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗДЭГ ГЭДГИЙГ ИРГЭД ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ"

Музей үзэн зогсох Муис-ын бизнесийн ангийн оюутан Ө.Очир:

Төгсөх курсийн оюутан чөлөөт цаг зав гараад байдаггүй. Өнөөдөр музей үзэх өдөр тохиож байгаа болохоор цаг гаргаад ирж үзэж байна. Эхний хаалгаар ороод монголын үүх түүхээс авхуулаад ардын хувьсгал хүртэл дэс дараалалтай байсан гэхдээ зарим нэг үзвэр дээр тайлбар байхгүй байсан бусдаар бол сонирхолтой байлаа. Өмнө нь байгалийн түүхийн музей, Жуковын музей үзсэн томоохон хэмжээний музей үзээгүй байсан. Чингис хааны музей үзэх гээд очсон боловч хүн ихтэй байсан болохоор Монголын үндэсний түүхийн музей руу ирсэн. Үзвэрийн шилэн хорго нь дээр гараараа хүрэх, зураг дарж болохгүй гэж байхад чинь зураг дарж байсан хүмүүс цөөнгүй харагдаж байсан. Хүүхдүүд ялангуяа эцэг эхчүүдээсээ түрүүлж явах дүрсгүйтэх үйлдлүүд гаргаж байна. Дөрвөн өдрийн байдлаар олон хүүхэд залуучууд идэвхтэй музей үзэж байгаа харагдсан. Музей үзэхдээ музей үзэх соёлд суралцаад, соёлтой боловсон үзээрэй гэж хэлмээр байна. Зүгээр үзвэр үзээд өнгөрөх биш утга учрыг нь ойлгоод үзвэл мэдлэг мэдээлэлтэй болох байх гэдгийг хэлсэн юм.

Иргэн н.Номинчимэг:
-Миний хувьд Монголын түүхийн музейг анх удаа үзэж байна. өглөө 11 өнгөрч байхад ирсэн одоо л дуусаж байна. Төсөөлж байснаас хамаагүй их үзвэртэй сонирхолтой байлаа. Мөн хүмүүс жоохон хүүхдүүдээ дагуулж ирж үзэж байгаа нь хүндрэлтэй санагдлаа. Учир нь энгийн өдрүүдэд хүртэл хүүхдэд үнэгүй үйлчилдэг гэж сонссон.

Тайлбар: Үндэсний музейн Боловсрол олон нийт, марктингийн албаны дарга

Үндэсний музейн Боловсрол олон нийт, марктингийн албаны дарга Ц.Оюунхишигийн хэлснээр "Үнэ төлбөргүй үйлчилж байгаа болохоор хүн ихтэй, ачаалалтай байна. Уг нь энгийн үед нь 0-16 насны хүүхдүүд бүх төрлийн музейг үнэ төлбөргүй үздэг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Шийдвэр гараад үнэ төлбөргүй болсон биш хүүхдүүд бол үнэ төлбөргүй үзэх боломжтой. Ачаалал ихтэй ч бид хүүхдүүдэд үзмэрүүдээ тайлбарлаж, үзүүлж, сонирхуулаад л явж байна" гэсэн юм.

Тус музей нь 60 мянга гаруй үзмэр цуглуулгатайгаас 10 гаруй мянган үзвэрийг байнгын үзвэр дээрээ дэлгээд тавьсан байдаг. Бусад сонирхолтой үзмэрүүдийг тусгай үзэсгэлэнгийн хэлбэрээр гаргаж олон нийтэд хүргэдэг аж.

Монголын Үндэсний түүхийн музей нь “Музейн нээлттэй өдрүүд” эхлээд дөрвөн хонгийн байдлаар нийт 13200 гаруй үзэгчийг хүлээж авсан байна. Монголын Үндэсний Түүхийн музейд монголчуудын бүхий л цаг үеийн түүх соёл, уламжлалыг харуулдгаараа онцлогтой юм.

"МУЗЕЙ ҮЗЭЖ БАЙГАА ИРГЭД ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙГ БОДВОЛ ТӨЛӨВШИЖ, СОЁЛЖСОН БАЙНА"

16.00 цаг

Үндэсний музейгээс гараад хаяа дэрлэн байрлах шинээр байгуулагдсан  “Чингис хаан” үндэсний музей дээр очиход хаалганы гадна талд уртаас урт дараалал үүссэн харагдана. Хүүхэд, хөгшидгүй, оюутан залуучууд, бага насны хүүхдүүдээ дагуулсан олон хүн удаан хугацаанд хүлээж, музей руу орох цагаа хүлээнэ.   Биднийг хаалган дээр очиход сургуулийн насны таван хүүхэд ангийхнаасаа хоцорсон байдалтай харуул ахаас та бид нарыг оруулчих л даа манай ангийнхан орчихсон дөрвөн давхарт үзвэр үзээд явж байгаа гэх нь сонсогдоно. Төд удалгүй харуул хүүхдүүдийг үзвэрийн танхим руу орууллаа. "Чингис хаан" музей үзэгчид ихтэй, ачаалалттай байгаа учраас багтаамжаасаа шалтгаалаад хэсэгчлэн оруулж байлаа. Нэг дор хэт олон хүн оруулах нь музейн зай талбай, үзвэрүүд гэмтэх эрсдэлтэй учраас ийнхүү хэсэг, бүлгээр нь оруулж байгааг үүдний хамгаалагч хэлж байлаа.

Чингис хаан үндэсний музейн аюулгүй байдал үйлчилгээний хэлтсийн дарга н. Адъяахүү:

-Эдээр нээлтэй өдрүүдэд үйлчлүүлсэн иргэдийн 40 орчим хувь нь хүүхдүүд байна. Үзэгчдийн хувьд бол музей үзэх соёлд бол харьцангуй төлөвшсөн байна. Өнгөрсөн жил манай музейн юмнуудыг эвдэж, хоргоны шилийг хүртэл хагалсан тохиолдол гарсан бол одоохондоо тийм асуудал гараагүй. Мөн ганц манай музейг үзээгүй бүх музейг үзэж яваа иргэд олон байна. Хүмүүсийг тав тухтай үйлчлүүлэхийн тулд 50, 50 хүнээр салгаж оруулж байгаа.

Үзвэрийн тахим руу ороход хамгийн түрүүнд хүн болгоны харцыг булаах Чингис хааны иш зураг нүдэнд тусна. Орж ирсэн хүн болгон энэхүү зурагны хажууд зургаа даруулж байлаа.

Уг зургийн эх хувь нь Тайванийн эзэн хааны ордонд байдаг. Тэр зурагнаас хуулбарлаж, Чингис хаан доошоогоо гар, хөл нь ямар байх уу ямар гутал өмссөн байх уу дээлийн хормой, бүс нь ямар байхын гэдгийг түүхийн судалгаанд үндэслэж гүйцээж зурсан бүтэн хөрөг гэж тус музейн ажилтан танилцуулав. Уг зураг нь Чингис хааны 60 насны хөрөг зураг гэдэг. Хубилай хаан 11 настай байх даа хамгийн сүүлд өвөөгөө харсан. Сүүлд хаан болсон хойноо миний өвөө ийм хүн байсан гэж зураачид хэлж зуруулсан зураг тэрнээс биш зураач Чингис хааныг харж байгаагүй. Технологийн тусламжтайгаар Чингис хаан 40 настай даа ямар байсан гэдгийг бас ингэж зуруулаад таван давхрын үзүүлэнгийн танхимд тавьсан байгаа гэв.

Үзэгчид нэгдүгээр давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнтэй танилцах боломжтой. Уг үзэсгэлэн нь одоогоос наян жилийн өмнө устаж, үгүй болсон хүрээ хийдүүд тухайн үед ямар байсан бэ гэдгийг түүхэн судалгаан дээр үндэслэж сэргээж зурсан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой гэлээ. Энэ мэтчилэн "Чингис хаан" музейд олон сонирхолтой үзмэр дэлгэгдэж, үзэгчдэд хаалгаа дэлгэх өдрүүд удахгүй дуусах нь.

Идэр их сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр ангийн оюутан Б. Мягмархишиг:

-Мэдэхгүй зүйл олон байлаа. Хүннүгийн бодит газрын зургийг хараад ёстой алмайран гэгч нь болсон тийм том гэж бодоогүй. Хаадуудын жинхэнэ баримлыг сэргээсэн нь сонирхолтой санагдсан. Хаадууд яагаад бүгд сахалтай байсан юм бол гэж бодогдсон шүү. Богд хааны гэргий Дондогдулам хатны өмсч байсан хантааз дээр хээг нь шүр сувдаар чимсэн байгаа нь сонирхолтой санагдлаа. Зарим хүмүүс утасныхаа дууг хаахгүй хоорондоо юм ярих шуугилдах нь их байсан. Жижиг хүүхдүүд гайхахдаа орилолдон, чанга сонсогдсон бусдаар бол гоё байлаа.

"МУЗЕЙНҮҮД ТУСГАЙЛСАН ЗУРАГ ДАРУУЛАХ ХЭСЭГТЭЙ БОЛ ХҮҮХДҮҮД ТӨДИЙГҮЙ ХҮМҮҮСТ Ч СОНИРХОЛТОЙ БАЙХ"

“Чингис хаан” үндэсний музейгээс гараад Г. Занабазрын нэрэмжит “Дүрслэх урлагын музей” рүү очиход хаах цаг нь болсон тул сүүлчийн үзэгчээ аваад хамгаалагч хаалгаа барьлаа.

Өмнөх хоёр музейд олон хүмүүс бужигналдаж байсан бол энд нам гүн байдал ноёлсон гэлтэй байв. Тус музейг зорьж очиж байгаа хүмүүсийн дийлэнх нь шашин судлалын оюутан, ахмад настанууд үйлчлүүлж байгаа харагдана. Өнөөдөр тус музейд нийт 588 иргэн үйлчлүүлсэн байна.

AR шилний тусламжтай монголын нэг өдөр нэртэй зургийг тодорхой хэмжээний хөдөлгөөн оруулж видео хэлбэрээр харах боломжтой үзвэр байлаа. Цааш явбал 12 жилтэй тамганууд байх агаад жилээ сонгон цасан дээр даруулж авах боломжтой үзвэр үйлчилгээг бэлдсэн байлаа.

111 сургуулийн 12 ангийн сурагч Г.Отгонтуяа:

-Дүрслэг урлагийн музейд ирж байсан. Өмнө нь үзвэр үзэхдээ тухайн бүтээл дээр ямар мэдрэмж төрж байгаагаа эргэцүүлдэг байсан бол одоо мэдрэмж гэхээсээ илүү тухайн бүтээлийн хийсэн арга барилыг нь сонирхдог болсон. Музей үзээд явж байхад мэдэхгүй хүмүүсийн нэр, үйл явдал гарвал гэртээ очоод судалдаг болчихсон байсан. Аливаа зүйлийг судлах сэдлийг өдөөж өгсөн. Музей үзэхэд идэх юмтай орж болохгүй зураг авч болохгүй байдаг. Гэхдээ зураг авах хэсэг гаргаад өгөх юм бол хүүхэд залуус хэн ч байсан таалагдах байх. Тэгэхгүй бол зураг авах хэсэг байхгүй болохоор зайлшгүй бүдүүлэг үйлдэл гаргах шалтгаан болж байгаа гэж бодож байна.

Дүрслэг урлагийн музейн тайлбарлагч н.Хулан:

-Музей үзэхдээ зураг дарж болохгүй, шингэн зүйл авч орох хориотой байдаг. Үзэгчдийн хамгийн том гаргаж байгаа алдаа бол нууцаар зураг авах, шингэн зүйл дээд давхар луу авч гарч асгах тохиолдол их байна. Бид нар яагаад эдгээр зүйлсийг хориглоод байна гэхээр тухайн үзвэрийн хадгалалт хамгаалалтад нөлөөнө. Утасны гэрэл асахад тухайн үзвэрийн гадна металл шинж чанар өнгө өөрчлөгдөх аюултай. Дөрвөн хоногт 2900 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Манай музей 9.00-16.00 хүртэл ажиллаж байгаа сүүлийнхээ үзэгчийг дөрвөн цагт хүлээж авна. Музей үзэж байгаа хүмүүс соёлтой үйлчлүүлээд дуу чимээ гаргахгүй, зураг дарахгүй байхыг хүсч байна гэв.

"5 ӨДӨР 87,936 ХҮН МУЗЕЙГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ"

Нэг үеэ бодвол иргэд музей үзэхдээ соёлтой байх, үзмэрт хүрэхгүй байх, зураг дарахгүй байх соёлд суралцсан ч бага насны хүүхдүүд мэдэхгүйгээс үзмэр, бүтээлүүдэд хүрч үзэх, барих зэрэг тохиолдлууд гарч байгааг музейн ажилчид хэлж байлаа. Гэвч хүүхдүүд учраас тайлбарлаж хэлээд, зааварчилгааг сайн өгч байгаа гэлээ. Харин томчуудын хувьд ганц нэг зураг дарах оролдлого гаргах, музейн танхимд чанга дуугаар утсаар ярих зэрэг "соёлгүй" зан гаргах цөөн тохиолдол байгааг ч тайлбарлагчид онцолж байлаа. Монголчууд нэг үеэ бодвол соёлтой, үзвэр, үйлчилгээний газар биеэ зөв авч явах, соёлтой, заавар зөвлөмжийг дагадаг болсон нь сайшаалтай байгааг албаныхан онцолж байлаа. Өнгөрсөн таван өдрийн хугацаанд нийт 87,936 хүн музейгээр үйлчлүүлжээ.

Музей үзэгчдийн мэдээлэл:

  • 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд
  • 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд
  • Тусгай хэрэгцээт 351 иргэн музей үзэж сонирхсон гэдгий Соёлын яамнаас мэдээлсэн.

“Музейн нээлттэй өдрүүд” орон даяар 3-р сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ. Эргэн сануулахад, 0-16 насны хүүхдүүд ямар ч цаг үед музейг үнэ төлбөргүй үздэг учраас музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулахын тулд музей үзэж, сонирхохыг танд санал болгоё. Музей бол сэрж санах  түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүсийг гэгээрүүлэх соёл билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Э.ДАРИЙМАА, М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-06 202.126.91.40

дүрслэг урлагийн музейн тайлбарлагч гэж юу хэлээд бна

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж