ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан. Улмаар түүний оршуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр болсон билээ.
Тэгвэл Алексей Навальныйн гэнэтийн үхлийг шалгаж, олон улсын хэмжээнд мөрдөн байцаалт явуулахыг дэлхийн 43 улс шаардаж байна. Энэхүү шаардлагыг Европын холбооны Элч төлөөлөгчийн зүгээс гишүүн 27 орноо төлөөлж Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлжээ. Гишүүн 27 орноос гадна АНУ, Их Британи, Украин тэргүүтэй 16 орон багтаж байна.
Тэдний хамтарсан мэдэгдэлд "Бид ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд маш их эгдүүцэж байна. Үүний хариуцлагыг ерөнхийлөгч Путин болон Оросын эрх баригчид хүлээх ёстой. Олон улсын бие даасан бөгөөд ил тод мөрдөн байцаалт явуулахыг ОХУ хүлээн зөвшөөрөх ёстой" гэжээ.
Москва өмнө нь Навальныйн үхэлд холбоотой гэх мэдээллийг үгүйсгэж, олон улсын мөрдөн байцаалт явуулахаас татгалзсан.
Алексей Навальный 300 гаруй хоногийг шоронд өнгөрүүлсний эцэст хоёрдугаар сарын 16-нд нас барсан билээ. Түүнийг хоригдол солилцоогоор суллах хэлэлцээ эцсийн шатанд явж байх үетэй зэрэгцэн Навальный амиа алджээ.