ОХУ-ын саарал бүсийн тактик

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын саарал бүсийн тактик

ОХУ-ын саарал бүсийн тактик

Европ даяар цагаачдын хямрал нүүрлээд буй. Энэ нь ихэвчлэн Газар дундын тэнгис орчмын бүс нутгийг хамарсан хямрал боловч сүүлийн үед Финланд, Оросын хил анхаарал татах болов. Финланд, Орос улсууд 1300 гаруй км хиллэдэг.

Финландын хилээр өнгөрсөн оны 8-12 сарын хугацаанд Йемен, Сомали, Сири зэрэг улсаас 1300 гаруй дүрвэгч нэвтэрчээ. Үүнээс өмнө өдөрт дунджаар нэг л дүрвэгч Финландын хилээр нэвтэрдэг байв. Харин энэ хавар дүрвэгсдийн тоо олон мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ бол хөрш орноо тогтворгүйтүүлэх гэсэн ОХУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Хоёр орны хурцадмал байдал он удаан жил үргэлжилсэн ч гэлээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финланд НАТО-д элссэнээр эрс хурцадсан юм. ОХУ цагаачдыг НАТО-ийн эсрэг зэвсэг болгон ашиглаж байна. Энэхүү аргыг саарал бүсийн тактик гэж нэрлэжээ.

ФИНЛАНДЫН ХАТУУ БАЙР СУУРЬ

Саарал бүсийн тактикийн эсрэг арга хэмжээ болгож Финланд улс арваннэгдүгээр сард бүх хилийн боомтоо хаажээ. Москва дахин ийм зүйл хийхгүй гэж Финланд найдсан боловч арванхоёрдугаар сард хилийн боомтуудыг нээхэд цагаачид дахин “цутгаж” эхэлсэн байна. Тиймээс өдгөө бүх гармыг хааж, нисгэгчгүй онгоц, дулаан мэдрэгч зэрэг тоног төхөөрөмж ашиглан эргүүлийн ажлыг эрчимжүүлж байна. Төхөөрөмж ашиглан цагаачдыг хууль бусаар ойгоор хил гарахыг хянадаг аж.

Гэвч өвлийн улиралд шигүү ойн дундаас цагаачдыг “түүх” амаргүй байжээ. Тиймээс хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг дагуу 200 орчим км зайд олон арван тохой өндөр өргөст тор барих ажлыг эхлүүлсэн.

Энэ нь Орос руу зорчих шаардлагатай байсан олон финланд иргэнд хүндээр тусчээ. Ялангуяа Финландад амьдардаг угсаатны оросуудад илүү хүндээр туссан аж. Тэдний зарим нь уур уцаараа илэрхийлэн жагсаал хүртэл зохион байгуулсан байна.

“Финландын хатуу байр суурь нь Олон улсын орогнол олгох конвенцийг дагаж мөрддөг либерал үндэстний нэр хүндийг унагах эрсдэлтэй. Гэвч Финландад өөр ямар ч сонголт байхгүй” гэж “The New York Times” сонинд бичжээ.

ТОГТВОРГҮЙ ХӨРШ

Хоёр улсын харилцааны гол үндэс суурь нь энэ урт хилийн шугам болдог аж. Финланд улс ОХУ-ыг тогтворгүй бөгөөд “аварга том” хөрш гэж үздэг. Тиймээс аль болох Оросыг тайван байлгахыг хүсдэг. Тийм ч учраас ОХУ-аас Украинд довтлох хүртэл Финланд аюулгүй байдлаа хангахдаа зөвхөн өөрийн нөөц бололцоондоо л найддаг байв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сарыг хүртэл Финланд улс төвийг сахисан байр суурьтай байлаа.

Тус улсын 5.5 сая хүн амын 900 мянга нь цэргийн бэлтгэл сургуулилалтад хамрагдсан бөгөөд өдгөө 280 мянган алба хаагчтай.

НАТО-д гишүүнээр элссэнээр тус улсын бие даасан байдал дуусгавар болсон гэж хэлэхэд болно. Тус улс саяхан Израилиас агаарын довтолгооноос хамгаалах систем, АНУ-аас 64 ширхэг “F-35” онгоц худалдаж авсан. Мөн иргэдийн буудлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 300 шинэ буудлагын талбай нээхээр төлөвлөжээ.

Эрх баригчдаар тогтохгүй финландчууд өөрсдөө ч Оросын түрэмгийллийн дараа нэгийг бодож, хоёрыг санасан аж. Украин дахь дайн эхэлснээс хойш сайн дурын батлан хамгаалах курст элсэгчдийн тоо хоёр дахин өсч, буу зэвсгийн лиценз авах хүсэлт мэдэгдэхүйц нэмэгджээ.

Хоёр улсын хил дөрөвдүгээр сарын дундуур нээгдэнэ. Энэ үетэй зэрэгцэн Финландын ерөнхий сайд асан Александр Стубб ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авна.

Хэдийгээр Финландад ирж буй цагаачдын тоо Европын өмнөд хэсгийг зорих цагаачидтай харьцуулахад өчүүхэн бага тоо боловч иргэдийн 80 хувь нь хил хаах шийдвэрийг дэмжиж байна. Энэхүү дэмжлэгт тулгуурлан консерваторууд болон хэт барууны үзэлтнүүдийн тэргүүлсэн эвсэл болох Финландын засгийн газар цагаачидтай харьцах илүү хатуу арга замыг эрэлхийлэх болов. Энэ хүрээнд цагаачдыг эх оронд нь буцаах нислэгийг зохион байгуулахад нэгдэхийг Нордикийн бусад орныг уриалжээ.

Угтаа бол хоёр улс 2012 онд “Хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих тухай" хэлэлцээрийг хийсэн ч үүнийгээ цуцалсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээрийг цуцалсан тухай мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Уг хэлэлцээр нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэх, хил орчмын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байжээ.

Эх сурвалж: THE WEEK, POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж