Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр улс төрөөс зодог тайлж, харин сэтгүүлзүйн салбарт хүч үзэх болсон билээ. Түүний "Баяртай үдэш" ярилцлага олон нийтээс магтаал, шүүмжлэл багагүй сонсох болсон. Нэг хэсэг нь С.Баярын ярилцлагын "амт шим"-ийг магтаж байхад нөгөө хэсэг нь уйтгартай, нуршуу гэж шүүмжлэх болсон юм. Түүний ярилцлага хөтлөж, телевизээр гарах болсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж, хардлага, сэрдлэг ч төрүүлэх болжээ. Учир нь, С.Баярын улс төрд эргээд орох гэж байгаа талаарх бор шувууг санаатай болон санамсаргүйгээр нисгэх хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Тэгвэл энэ бүгдэд С.Баярын өгсөн хариулт нь "Улстөрд орох, УИХ-ын гишүүн болж үзэх нь амьдын жаргал гэж боддог. Бодсоор тэр нь "параной" хэмжээнд хүрдгийн нэг жишээ энэ биз. Хийх ёстой номоор нь хийвэл улстөр бол дурлаад байхаар гоё ажил биш. Би хийж чадахаа хийсэн, "баяртай" гээд явсан. Одоо жирийн иргэн болоод жаргаж байна. Дураараа жиргэж байна, тэнэж байна, номоо бичиж байна, залуустай хамт нэвтрүүлэг хийж байна. Сонгууль, улстөр гэх мэт асуудлаас хол байх үүднээс "Баяртай үдэш"-ээ би 3-р сараас намар хүртэл зогсоосон" гэх жиргээ.
Тэрбээр өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Миний хувьд ажлын цаг дууссан. Улс төрийн ажлын цаг шүү дээ. Улс төр талаас нь харвал одоо үдэш оройн 19:30 орчим болж байгаа биз. Ажлаа тараад гэртээ харьж яваа цаг. Миний, манай үеийн улс төрд байх цаг үе өнгөрсөн" гэж товч бөгөөд тодорхой хариулсан удаатай. Ямартай ч түүнийг улс төрд эргэн ирэх вий гэхээс айж байгаа зарим улстөрчид бүтэн нойртой хонож болох нь ээ.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ