1990-ээд оны хуучны арьс шир, гутлын гэхчилэн үйлдвэрүүд дампуурсан шалтгаан нь гаалийн татварыг өндөр тогтоогоогүйгээс болсон гэж боддог сайд өнөөдөр өөрийг нь эвлүүлэг хийн гүтгэсэн гэж албан ёсны хуудастаа “Нэр барьсан эвлүүлэг, гүтгэлэг. ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийг зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага юм. ХАА-н бирж нь малчдаас хонь худалдаж аваагүй болно” гэж бичжээ. Яалт ч үгүй “зөв” тэмдэгтэй тэрхүү хаягийг эвлүүлсэн байж болно. Гэхдээ гүтгэлэг гэдгээ нотолсонгүй. Нотлохгүйгээр барахгүй цагдаад хандаж, “ариун, цагаан” нэр хүндээ сэргээлгэх тухай үг, үсэг унагасангүй. Ийн бичих болсон шалтгаан нь, Хэнтий аймгийн Гал шар сумын цахим хуудаст хонийг 40 мянган төгрөгөөр тооцон зээлээр авч буй талаар малчид амралтын өдрүүдэд бичсэнтэй зэрэгцээд доорх зураг олон нийтэд тарсан юм.
Энэ талаар "Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа. Өмнөх ачилтад нэг хонийг 65 мянган төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан. Харин өнөөдөр Таван уул хавийн малчдын 340 гаруй хонийг 40 мянган төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчдад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ, тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм байна. Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа" гэж малчид бичсэн юм. Үүнээс үүдэн сошиал ертөнцөд шүүмжлэл өрнөсөн бөгөөд “арьсаа хамгаалах” гэсэн сайд ийнхүү тайлбар хийхэд хүрчээ. Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.Гантөмөрийн хэлснээр малчдаас 40 мянган төгрөгөөр тооцон худалдан авалт хийгээгүй аж.
Үүнээс үүдэхэд сайд өөрийн гурилын үйлдвэрийн ажилчиддаа мах худалдаж аваагүй нь нэгэнт тодорхой болсон ч зуданд үхүүлж байснаас 40 мянган төгрөгөөр арилжаалахад хүргэсэн нь Х.Болорчулуун сайдын яамтай шууд холбоотой асуудал. Аварга малчныг шагнах болохоороо өөрийн биеэр очиж зураг хөргөө цацдаг хэр нь асуудал үүсч, бодлого буруудаад ирэхээр булзааруулдаг байж болохгүй. Өнөөдөр энэ салбарт түүний нэр хүндийн тухай асуудал 1000-д эрэмбэлэгдэх асуудал. Монголчуудын зуданд зутарч буй малчдад туслахаар өнөөдөр УОК-оос мэдэгдсэнээр 2.9 тэрбум төгрөгийг хандивлажээ.
Харин салбарын сайд нь сав л хийвэл салбараа сүйрүүлэх тухай ярьдаг.
Төсвийн мөнгөөр мал ээмэгжүүлэх хөрөнгө энэ жилийн төсөвт суугаагүй ч ирэх жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа тэрбээр өөрийн амаар хэлсэн нь цахим хуудаст нь байж л байна. Ерөнхий сайдын дэргэд гавъяат тариаланчийн ногоог малаас хамгаалах хашааг төсвийн мөнгөөр барьж өгөх тухай сайрхаж суусан хүн бол тэр. Удахгүй УИХ-ын чуулганаар хүнсний 19 бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх төслийг тэр л батлуулахаар боловсруулсан.
Энэ мэтээр хорлож ирсэн сайд нарын балгаар өнөөдөр малчид зуданд зутарч байна. Хаврын тариалалтаар тариаланч, ногоочдыг дэмжиж байгаа мэт төсвийн хөрөнгөөр хорлох ажлаа тэр хэзээнээс хийгээд эхэлчихсэн. Үр дүнд хэрэглэгчдийн нуруун дээр бүх ачаа ирэх бөгөөд мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Төрийн эрх мэдлээр дамжуулан өөрийн оролцоотойгоор тэр ийнхүү мал аж ахуйн, газар тариалангийн салбарыг самарч байна. Арай гэж аргаа олох гэж байсан энэ салбарыг бодлогоор нурааж, төрөөс хамааралтайгаар бизнесийнхэн цэцэглэх тийм гашуун бодлогын төлбөрийг хэрэглэгчид төлөх нь гарцаагүй.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ