Сурвалжлага: Адууны махны үнэ харьцангуй тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2024.03.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Адууны махны үнэ харьцангуй тогтвортой байна

Сурвалжлага: Адууны махны үнэ харьцангуй тогтвортой байна

Баасан гаригийн өглөө эрт “Хүчит шонхор” захын хаалгаар орвол хүмүүс дүүрэн. "Хонь, ямааны мах гулуузаар нь хямдхан өгнө шүү, аваарай" гэж энд тэндгүй орилно. Үхэр, адууны мах тэргэн дээр ачсан тэрэгчид "Зам тавиарай, зам тавиарай" гэцгээн ар араасаа цувна.  Дэнжийн мянгад байрлах тус зах нийслэлчүүдийг махаар хангадаг гол цэг юм.

Тус захын зогсоолын талбайд ачааны машинтай иргэд хонины гулууз, үхрийн гуя хаа, өвчүү, таван цулыг машины тэвшин дээр тэвхийтэл ачжээ. Тэдний олонх нь орон нутгаас мах зарж, борлуулахаар ирсэн байв.

Цэнхэр тэвштэй машины хажууд хонины гулууз зарж зогсох 40 орчим насны эрэгтэйгээс оюутан бололтой хоёр охин хонины гулууз махны үнийг асуухад “Хонины гулууз нэг кг нь 9000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ та хоёр нэг кг-ыг  нь 8000 төгрөгөөр авбал ав. Ах нь хөдөөнөөс ирсэн болохоор буцаж явах гээд яараад байна” гэв.

Гадна талбай дахь өнгөрсөн өвөл бэлтгэсэн хонины гулууз нэг кг нь 8500-10000 төгрөгийн үнэтэй бол шинэ хонины гулууз нэг кг нь 11500 төгрөгийн үнэтэй байв.

Цэвэрлээгүй таван цул 2000 төгрөг бол хуйхлаагүй толгой 1500 төгрөгийн үнэтэй аж. Захын хойд хэсэгт байрлах дайвар бүтээгдэхүүний тасагт цэвэрлэсэн чанахад бэлэн таван цул 15000-20000 төгрөгийн үнэтэй, хуйхалсан толгой 3500 үнэтэй байв. Худалдаачид ченжүүдээс авсан таван цулаа дор хаяж долоо нугалж зарж байгаа юм.

Жижиглэн худалдаа эрхлэгч нар тэрэг түрэн ирж, том оврын цагаан ачааны машинаас үхрийн мах авав.

Үхрийн махыг бөөнөөр нэг кг-ыг нь 12500 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Өрөөлөөр зарахгүй гэв.

Захын баруун жигүүрт байрлах ногоон барилгад байрлах бод малын тасагт үхрийн цул мах нэг кг нь 17000, үхрийн ястай мах нэг кг нь 15000, үхрийн өвчүү нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй аж. Тодруулж хэлбэл, жижиглэн худалдаа эрхлэгчид үхрийн махнаас нэг кг тутамд 4000 төгрөгийн ашиг олдог байна.

Адууны ястай мах нэг кг нь 10000, адууны цул мах нэг кг нь 11000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, харьцангүй тогтвортой байна.

Цаашлаад тус захын жижиглэнгийн мах худалдаалдаг хэсэг рүү орвол худалдагч нар “мах аваарай, ямар мах авах уу?” гэсээр угтав. Гадны хүн орохыг хориглоно гэсэн хэсэг рүү ороход чингэлэгт өлгөсөн хонины гулуузнууд дунд таван хүн сурамгай гэгч мах эвдэнэ. Эвдсэн махаа мах зарж байгаа худалдагч нарт хүргэж өгч байлаа.

Хонины цул мах нэг кг нь 12000-12500, ястай хонины мах нэг кг нь  11500, ямааны цул мах нэг кг нь 9500 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Гурван кг гаруй хонины цул мах авахад л 40800 төгрөг болох аж.

Махны үнэ ханш өмнөх жилийнхээс өссөн эсэхийг тодруулахад худалдагч “Махны үнэ нэмэгдэхгүй яах вэ дээ.  Гулууз мах нь цөөн тоогоор орж ирж байгаа. Ястай мах ер нь олдохгүй байна. Зарим хүмүүс авахаасаа илүү үнэ асуух юм” гэлээ.

Бас нэг худалдагч “Махны үнийг бид нэмээгүй. Цаанаас орж ирж байгаа үнэ нь өндөр байна” гэв.

Худалдан авагч нараас махны үнэ ханш хэр боломжийн байгаа талаар тодруулахад, н.Хонгорзул“Хүчит шонхор зах бусад захтай харьцуулахад махны үнэ нь  арай хямд. Би сая  хонины мах нэг кг-ыг нь  12000 төгрөгөөр  худалдан авлаа. Энэ захаас хотын төвийн дэлгүүр рүү дамжихаараа  нэг кг тутамдаа хамгийн багадаа 2000 төгрөгөөр нэмэгддэг. Амралтын өдрөөр тааруулж ирж, мах худалдан авдаг” гэлээ.

н.Нямбаяр “Үнэ хямд болохоор нь “Хүчит шонхор зах”-аас л мах авахыг боддог. Дэлгүүрээр борлуулагдаж байгаа махны үнэ бол маш өндөр шүү дээ.

н.Батбаатар “Хүчит шонхор захаас бөөний үнээр махаа авчихдаг.  Нэгдүгээр сарын сүүлээр хонины гулууз нэг кг-ыг нь 7500 төгрөгөөр авсан. Гэтэл одоо нэг кг нь 9500 төгрөг болсон байна. Зуд болж байгаа, мах ховордсон гэх шалтгаар махны үнийг нэмсэн юм шиг санагдлаа гэв.

Мөн зарим иргэд “Зуд их болж, мал их үхэж байгаа” гэдгээр шалтаг заагаад худалдаачид махны үнийг ямар ч үндэслэлгүй хөөрөгдөж байна” гэв.

Э.ДАРИЙМАА, М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж