Зудын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Одоогоор хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-ын даргад хараахан өргөн бариагүй байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг яаралтай хэлэлцэх асуудлаас үүдэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэсэн таамаг байсан ч одоогоор тов гараагүй байна. УИХ-ын гишүүд чуулган завсарласан энэ мөчид орон нутагт ажиллаж буй юм.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.
Тиймээс 2020-2024 оны парламентын отгон хаврын чуулганаар хамгийн түрүүнд нэн яаралтай хэлэлцэх асуудлын жагсаалтад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь тодорхой болоод байна.