"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ЖОЛООЧ НАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
Шинэчлэл нэрийн дор нийтийн тээврийн шинэ автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэнтэй зэрэгцэн маршрутад өөрчлөлт оруулснаар иргэд илүү удаан хугацаагаар автобус хүлээх болов. Түүгээр зогсохгүй автобусанд явах хугацаа нэмэгдсэн бөгөөд автобусны тоо нэмэгдсэн ч тусыг эс оллоо. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны жолооч нарын цалинг "түгжрэлийн сайд" болон НЗД нэмнэ гэсэн ч хэлсэн хугацаа нь өнгөрч, нийслэлийн Нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар даваа гаригт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ. Шаардлагад,
-Нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох.
-Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгооч.
-Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьж буй аж.
Жолооч нар "Бид нарын одоо авч байгаа сарын цалин 1.7 сая төгрөг. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ 1.2 сая төгрөгийг хоёр хувааж авдаг" гэж хэлж байсан юм. Мөн тэд хэвийн байсан маршрутад өөрчлөлт оруулснаар туулах хугацаа нэмэгдсэн гэдгийг хэллээ. “Трансбус” ХХК-ийн жолооч Э.БАТ-ОРШИХ "Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 29-нлд багтаан шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэр сонгоно" гэсэн юм. Одоогоор автобусны жолооч нарын цалинг эцэслэн шийдээгүй байна. Албаны хүмүүс нийслэлийн төсөвт тодотгол хийж байж уг асуудлыг шийдэх талаар мэдээлж буй юм.
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ТОГТООВ
Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо /2024.02.29/ зарлав. 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна. Тойргуудаас хамгийн өндөр зардалыг 2-р тойрог буюу Говь-алтай, Ховд, Увс, Завханы тойрог т тавьсан бөгөөд нам 659 саяыг зарцуулж болох бол нэр дэвшигч 1,526,054,380.9 төгрөгийг зарцуулах боломжтой аж. Өмнө нь баруун аймагт нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд сонгуулийнхаа тойргоор нэг л удаа тойрч, сонгогчидтой уулзах боломж олддог байсан бол тойргийг томсгосноор нэг удаа ч бүтэн тойрч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон төдийгүй маш их зардал гаргахаар тооцоотой байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэрэй.
ЗУД ДАГАСАН ЭРХ БАРИГЧДЫН СУРТАЛЧИЛГАА
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН "Засгийн газрын хуралдаанаас хаваржилттай холбогдуулж малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ" гэж мэдээлэл хийсаэн нь олон хүний бухимдлыг хүргэв. Түүний хэлснээр, Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм. Шуудхан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр малчны зээлийн хүүг төлөхөөр болж байна. Дээр нь тэжээл үнэгүй олгохоор болжээ. Дунджаар нэг айлд 250 кг буюу таван шуудай тэжээл хүргэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Улсын нөөцөөс 5 тэрбумыг зарцуулж, малчин өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг будаа хүргэхээр болжээ.
Засгийн газраас энэ долоо хоногийн эхээр зудтай сумын Засаг дарга нарт туулах чадвар сайтай жийп машин яаралтай худалдан авахаар болсон бөгөөд ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авалт хийх компани долоо хоногийн сүүлчээр тодров. Өөрөөр хэлбэл, УОК-ын шийдвэрээр Засаг даргын тамгын газрыг туулах чадвар сайтай автомашинаар хангах ажлын хүрээнд эхний ээлжид 105 автомашиныг шийдвэрлэхээр болсон юм. Үүнд зарцуулах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Д.Амарбаясгалангийн хэлснээр "Нийт 100 автомашин хүргэх эхний ажил ийн эхэлж байна". Дээр нь 9 тэрбум төгрөгөөр сумдын хүн эмнэлгийг автомашинтай болгохоор шийдвэрлэжээ.
Ийнхүү эрх баригчид нөөц болон төсвийн хөрөнгөнөөс тэрбумаар тооцогдох төгрөгийг зудаар далимдуулан ямар ч судалгаа шинжилгээгүй яаралтай худалдан авалт хийх байдлаар зарцуулж байна. Өмнө нь цар тахлын үед энэ мэтээр тендергүйгээр худалдан авалт хийснээс болж "ногоон автобус"-ны хэрэг гарч байсан билээ. Энэ удаад ч түүнээс дутахгүй асуудал үүсэх бололтой. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэгт мөнгө байхгүй гэдэг эрх баригчид ийнхүү малчдын саналыг худалдаж авах гэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байх хооронд 50 мянган хэрэглэгчдийн дулаанаар хангадаг Амгалан цахилгаан станцад гэмтэл гарч, тодорхой хэмжээнд дулааны хязгаарлалт хийв. Цаашид дулаан, эрчим хүчээр тасалдах бодитой аюул нүүрлэж байхад энэ талаар арга хэмжээ аваагүй эрх баригчид нарны эх үүсвэрийн нэгэн төсөлд бас гарын үсэг зурав.
МЕТРО "ДАХИН ИРЭВ"
2012 оны сонгуулиар ярьж байсан метро 12 жилийн дараа дахин "ирэв". Улаанбаатар хотод метро барих шаардлага байгаа ч эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр хүнд сорилттой тулгарах болно гэдгийг судлаачид анхааруулж буй ч Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар няцаалаа. “Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан" гэж тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Дарханы зам, Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилготой "ногоон автобус"-ны хэргээс харвал урьдчилсан байдлаар 560 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоод байгаа метро яахын аргагүй их хэмжээний мөнгө, эхлүүлэх ёстой ажил. Гэвч их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай мега төслийн ард хулгай, луйвар байдаг нь ёс мэт болсон өнөө цагт иргэд болгоомжлох нь зүй юм. Ямартай ч монголчуудын төлөө гэх сайхан үгсээр чимэг хийн эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн аятай үрэн таран хийж буй төдийгүй цаашид ч энэ мэтээр гэнэтийн шийдвэрүүд гаргах нь дамжиггүй юм.
Холбоотой мэдээ