Шинэ Зеланд дахь Цагаан арал галт уулын дэлбэрэлтээр 2019 оны арванхоёрдугаар сард 22 хүн амиа алдаж байв. Галт уулын бүсэд аялж явсан 47 хүний бараг тал нь амиа алдаж, үлдсэн нь хүнд шархадсан нь энэ юм. Тэгвэл дэлбэрэлтийн хохирогчдод 10 сая шинэ зеланд долларын нөхөн олговор олгохоор тус улсын шүүхээс шийдвэрлэлээ.
Тухайн үед галт уулын аяллыг зохион байгуулсан аяллын компаниудыг хайхрамжгүй байдал гаргаж, аюулгүй ажиллагааг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Галт уул дэлбэрэхийн өмнөх долоо хоногт идэвхжлийн шинж тэмдэг илэрч байсан ч оператор компаниуд үүнийг үл тоомсорлосон гэж шүүх мэдэгдэв.
Тус арлыг эзэмшдэг "Whakaari Management Limited" компани нөхөн төлбөрт 4.57 сая шинэ зеланд доллар төлөх болжээ. Галт уулын бүсэд аялах зөвшөөрлийг аяллын компаниудад "Whakaari Management Limited" компани олгодог аж. Тэгвэл явган аялал хийхээр жуулчдыг авчирсан "White Island Tours" компани 4.68 саяын нөхөн төлбөр төлөх болжээ. "Volcanic Air Safaris", "Aerius Limited", "Kahu NZ Limited" гэсэн өөр гурван аялал жуулчлалын компани мөн хохирлыг барагдуулахаар болжээ.
Амиа алдсан жуулчдын 17 нь Австрали, бусад нь АНУ, Шинэ Зеланд, Германы иргэд байсан. Нөхөн төлбөрийг хохирогчдод хувааж олгох ба ингэхдээ амь үрэгдсэн 22 хүний ар гэрийнхэнд арай илүү хэмжээгээр олгох юм.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-02 213.87.153.77
Харуулах боломжгүй.