Газын зурваст ирсэн тусламжийн машины цуваа руу бөөгнөрөн шавснаас болж олон хүн хүн амиа алджээ. Тодруулбал, 112 хүн амиа алдаж, 760 хүн шархадсан байна. Газа хотын баруун өмнөд захад орших Набулсигийн тойрогт Пүрэв гаригийн өглөө 04:45 цагийн орчимд энэ хэрэг болжээ. Гэрчийн мэдүүлснээр олон хүний дунд хөдлөх аргагүй хашигдсан ачааны машинууд урагшлах гэж оролдох үед ихэнх хүн амиа алджээ.
Израилийн цэргүүд анхааруулах буудлага хийсэн ч бөөгнөрсөн олныг онилоогүй гэж мэдэгдлээ. Харин зарим палестин иргэн үүнийг үгүйсгэж, Израилийн тал шууд буудсан гэжээ.
30 ачааны машинаас бүрдсэн цуваа нь Египетийн тусламжийн барааг ачсан байв. Тусламжийн цуваа Израилийн Батлан хамгаалах хүчний хүмүүнлэгийн коридор гэж тодорхойлсон хэсгийн дагуу хойд зүгийг чиглэн явж байжээ. Энэ үеэр энгийн иргэд цувааг бүслэн авч, зарим нь машины ачаа руу авирч эхэлсэн байна. Хүмүүс өөр хоорондоо түлхэлцэн, бие биеийнхээ дээрээс гишгэж, хүмүүнлэгийн барааг дээрэмдэж эхэлснийг Израилийн тал мэдэгдлээ.
Израилийн армийн төлөөлөгч Даниел Хагарийн хэлснээр цөөн хэдэн удаа анхааруулах буудлага хийсэн боловч хүмүүс тоогоогүй. Улмаар бүх зүйл хяналтаас гарсан тул цуваа ухрахаас өөр аргагүй болсон гэлээ.
Биеийн байдал нь хүнд байгаа хохирогчдыг Газын ойролцоох Аль-Шифа эмнэлэгт хүргэжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ үйл явдлыг хэлэлцэхээр хаалттай хуралдаан товлосон байна. Олон улсын нийгэмлэг энэ үйл явдлыг илт буруушаахын зэрэгцээ нэн даруй гал зогсоож, ямар ч болзолгүйгээр барьцааны хүмүүсийг суллахыг уриаллаа.
Газын зурвас даяар дор хаяж 576 мянган хүний хүнсний аюулгүй байдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ нь нийт хүн амын дөрөвний нэг хувь юм. Мөн хоёр хүртэлх насны зургаан хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалд оржээ.
Эх сурвалж: BBC