Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Хуучирсан мэдээ: 2024.03.01-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Нийгмийг гайхшруулж, олныг бухимдуулж буй их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүдийг  нийтээрээ нээлттэй шүүдэг жишиг тогтсон. Нэг талаар хуулийг хэрэгжүүлж буй ч нөгөө талаар өрсөлдөгчдөө намнах арга, тактик болж хувирсан. Нэрийг нь тодотгож хэлбэл андахгүй хүн байхгүй авилга, албан тушаалтай хамааралтай хоёр том хэргийн сонсгол Төрийн ордноо шууд дамжуулсан. Улс даяар түүнийг нь нээлттэй үзсэн, бухимдсан, шүүмжилсэн.

Тодотговол, “Нүүрсний сонсгол”, “Хөгжлийн банк”-нд холбогдох сонсгол, шүүх хурал өнгөрсөн 2023 оны онцлох үйл явдал байлаа. Тэгвэл энэ удаад МАН газрыг мафийг гайтуулахаар болжээ..

СОНГУУЛИЙН ӨМНӨ ПАНЗ ҮСЭРГЭГЧДИЙГ ЗАРЛАЖ, САНУУЛГА ӨГНӨ

Эрх баригчид сонсголоор дамжуулж газрын панз үсэргэсэн хүмүүсийг дуудан, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байгаа талаар мэдээлсэн. Энэхүү асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болсон нь ч учиртай. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас олон хүн амиа алдаж, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан. Энэхүү осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу? гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн.

Гэхдээ “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай.  Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй. Гэхдээ УИХ-ын чуулганы хаврын хуралдаанаар газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороо байгуулах шийдвэр гаргаж магадгүй байна.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

3,1 САЯ ХУУДАС МАТЕРИАЛТАЙ НҮҮРСНИЙ СОНСГОЛ


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнгөрсөн нэгдүгээр сард хаалтаа хийхийн өмнө нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуултыг хэлэлцсэн. Тодруулбал, төрийн болон төрийн өмчит зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан тайлагнах бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.

Тухайн үед Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо манай орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.

Сонсголын үр дүнд үндэслэж, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргасан гэж байв.

Дээрх дүгнэлт нь олны хүлээж байсан хариуцлагын хэмжээнд яригдаагүйг тухайн үед нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байсан.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ЯЛ АВСАН ЭТГЭЭДҮҮД ГОМДОЛЛОВ


2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан шүүх хуралдаанаар хэргүүдийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад туулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээд үнэлэлт дүгнэлт өгч өнгөрсөн зургадугаар сарын 26-нд шийдвэр гаргасан.

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэсэн юм.

Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Харин одоо давж заалдах шатны шүүх хурал болохоор хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж