Би цэргийн сургуульд 5 жил сурсан. Одоогийн Украйн улсын Львов хотод. Зөвлөлт холбоот улс гэх их гүрэн мөхөхийн өмнөх жилүүд гэж хэлж болно. Харин энэ өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын хамгийн нэр хүндтэй цэргийн сургуульд зочлох завшаан тохиов.
-Бид энд итгэж болох хүн бэлддэг. Энэ үгийг West Point-д ажиллаж байсан өвгөн хэлсэн юм. Сургуулийнхаа зочдод хөтөч хийдэг.
Би цэргийн сургуульд 5 жил сурсан. Одоогийн Украйн улсын Львов хотод. Зөвлөлт холбоот улс гэх их гүрэн мөхөхийн өмнөх жилүүд гэж хэлж болно. Харин энэ өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын хамгийн нэр хүндтэй цэргийн сургуульд зочлох завшаан тохиов.
-Золгочих уу, тантай гэх үг сонсоод цочих нь холгүй юм болов. Дүрэмт хувцастай Монгол залуу. Цагаан сар өнгөрөөд удаагүй тул энд сурдаг кадет намайг хараад өөриймсөж. Хүмүүс зөв ойлгох байгаа гэх бодол зурсхийсэн боловч хоёул золголоо.
Америкийн мөхөх сэхэх энд шийдэгдэж байв. Хадсон голын баруун эрэгт генерал Вашингтоны цэргүүд хамгаалалт хийжээ. Английн цэргүүд, усан флотоос сэргийлж байгаа нь тэр. Улмаар энд бүтээсэн бэхлэлтийн хүчээр чухал ялалт байгуулж. Энэ цагаас West Point-ын түүх эхэлдэг аж. АНУ үүсэхээс өмнө энэ сургуулийн шав эндхийн намаг балчиг дунд тавигджээ.
Хадсон бол том гол аж. Таван зуун километр гаруй дөлгөөн урсаад Атлантын далай хүрдэг. Манай Сэлэнгэ мөрөн үерлэсэн байхаас нарийхан газраа гурав дахин лав том юмаа.
-Улсын түүх нь цэргийн түүх. Цэргийн түүх нь цэргийн сургуулийн түүх. Ийм санаа орж ирэнгүүт тэмдэглэж авлаа. Манай "Батлан хамгаалахын их сургууль ийм болчихвол" гэж цааш бодов.
Монгол улс цэргээ өөрчлөх гэвэл цэргийн сургуулиасаа эхлэм. Дижиталчлал, энхийг сахиулах, партизаны тэмцэл гэсэн чиглэлтэй байхад л манай Батлан хамгаалах болмоор. Дээр нь хил сахиулах, иргэддээ үйлчлэх, спорт гэс гээд л. Баруун цэгээ цэргийн сургууль болгох гэж Жефферсон 1700 оны сүүлчээр Европын хэдэн орныг бүтэн тойрчээ. 1800-гаад оны сүүлчээр энэ сургуульд Японы генералууд зочилж бүрэн судалж. Манай Ерөнхийлөгч Цэргийн нэгдсэн дээд төгссөн хүн, үүгээр нэг ирвэл.
West Point-ын суурь нь инженерийн сургалтаас эхэлж. Одоо ч байсаар. Мэдээж дижиталчлал, хиймэл оюун, машин сургалт, сансар, цахим оюун, дижитал ихэр гээд шинэ чиглэлүүд нэмэгджээ. Гэвч үүссэн цагаасаа уриагаа өөрчлөөгүй, улам бүр үнэ цэн нь өссөөр байгаа ажгуу. Duty, Honor, Contry. Үүрэг, Нэр төр, Эх орон гэж буулгаж болмоор.
West Point намайг лекц уншуулах гэж урьсан. Анхаарах сэдвийн талаар сонирхоход, та тааллаараа бол гэж хэлээд манлайлагч зан чанарыг төлөвшүүлэхийг бид хичээдэг гэж нэмсэн юм. Монголоос ирж сураад төгсөх дөхөж байгаа сонсогч хэлэхдээ -Манайхаас энд ялгаатай юм их байна. Сурах, санаа авах хэрэгжүүлж болмоор зүйл маш олон гэж онцлов.
Жорж Вашингтон санаачилж, сургууль байгуулах тухай зарлигийг Жефферсон зурж нэртэй удирдагчид, цэрэг, нийтийн зүтгэлтнүүдээр хахсан энэ сургуульд нэг, хоёр хоног зочлох бол уул маажихтай адил аж. "Uncle Sam" гэж алдаршсан Грантын түүх л гэхэд эрүү мултрам. Манайхаар бол Баабараас өндөргүй энэ хүний Америкийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг зориуд тэмдэглэе. Мэдэх гэвэл гүүглдээд харчихна биз. Тавин долларын дэвсгэрт дээр зураг нь байгаа.
Олон газар явж, юм үзэж сонсох тусам хүний харанхуй бишрэл илааршдаг бололтой. Оройн зоогийн үеэр сайхан буу халцгаав. Тус сургуулийн профессор, хурандаагийн үг содон сонсогдов. Биднээс ч уригдсан зочид элдвийг шалгаалаа. Тэрээр "Америкийн армид асуудал их байгаа. Гол нь маш их хоцрогдсон. Бусад улсын арми манай ард байгаа болохоор л бид түрүүлж яваа мэт харагдаад байгаа юм" гэв. Эх орноо сайн болгох гэвэл хүнээ сайн болгох. Хүнээ сайн болгох гэвэл цэргээ сайн болгох. Цэргээ сайн болгох гэвэл сургуулиа сайн болгох. Энэ бүхний үндэс нь Эх орон, эрх чөлөө, нэмэх нь түүний өмнө хүлээх үүрэг хариуцлага.
Лекцээ уншлаа. Олон уулзалт хийлээ. Ямар хүн идсэнээ гэдэг билээ! Хуучны сонсогч-курсант явсан хүний хувьд барууны хамгийн алдартай цэргийн сургуулийн гуанзанд хэдэн мянган кадеттай цуг суугаад хооллох нь үнэмшилгүй мэт. Тэд 15-18 минутын дотор хоолоо идээд босох журамтай. Ширээнд арав гаруй хүн суугаад, жижиг савтай хоолыг дамжуулж таваглан идэж уугаад босох юм. 15 минут болоход ахлах курсынхан, 18 минут болоход бусад нь. Хорин минутад заал хоосон.
-Манай энэ журмыг дэлхийн том сэтгүүлүүд хүртэл гайхаж бичсэн гэж нэг кадет хуучлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Монголын Цахиагийн Элбэгдорж гэж зарлав. Хоол эхлэхийн өмнө. Гал тогооны заалны хоёр давхарт ил байрлах тусгай тагтнаас. Эргэн тойрон дөрвөн мянга, дөрвөн зуун кадет. Би гараа даллаж, тэр олон хүн зэрэг уухайлав. Манайд наадам нээхэд ийм сэтгэгдэл төрдөгсөн. -Ийм хүндэтгэл цөөхөн шүү гэж доош буух зуур сонсогч шивнэв. Хэлэх үг олдсонгүй.
Тус сургуулийн захиралтай уулзсан хором онцгой. Хааш яаш, хээгүй гүндүүгүй. Гурван таван хошуутай генерал. Китлийнх нь энгэрт хар утсаар жижигхэн хатгаж. Эхлээд ямар цолтой хүн юм бол гэж бодоод нүд гүйлгэсэн нь тэр л дээ. Манайхаар бөхийн залаа, генералын мөрдөс энэ тэр шиг биш юм. Америкт хамгийн дээд цол бол дөрвөн таван хошуу. Энэ сургуулийн төгсөгчдөөс Грант гуай анх хүртсэн гэж байгаа. Хээр салхинд гарч яваа хоёр шиг л хорвоогийн сонин хачныг генералтай хуучилж, цайлж хэсэг суув.
Тус сургуульд гадаадаас жилдээ 15 сонсогч л элсдэг аж. Монголоос одоо 2 кадет байна. Өмнө нь хэд төгсчээ. Манай шинэ кадет харваас л эхний жилдээ байгаа шинэ цэрэг адил. Үргэсэн туулай шиг сонор соргог. Бас үг цөөтэй. Хуучин нь бол хэвлүүхэн, бэлчээр томтой залуу санагдав.
-Төрийн далбаа-таних тэмдэг л өөр. Бусад нь энд бүгд ижилхэн гэж тэд сонирхуулав.
-Хөл бөмбөг тоглодог, Дуулиан-2020 тэмцээнд оролцсон маань намайг ийш ирэхэд их тус болсон гэж нэг нь ярилаа. Чихэнд тун тааламжтай сонсдов.
-Таны газрын зурагтай пост шуугиан тарилаа шүү гэж ярианд суусан нэг эмэгтэй кадет үгний завсар үг хавчуулав. -Та нар утастай байж, сошиал хэрэглэж болох уу гэхэд, -Болно, нэг тал руу туйлшрахыг зөвшөөрдөггүй гэж хариулав. Эндхийн дөрвөн кадетын нэг нь эмэгтэй. Андуураагүй бол манайхаас нэг эмэгтэй төгссөн гэсэн байх шүү.
West Point бол тэр чигтээ түүх юм. Түүх бүтээгчид суралцдаг сургууль. Эндхийн анхны хичээлүүдийн нэр нүдэнд содон буув. Одоогоос 222 жилийн өмнөх цэргийн сургуулийн хичээлийн нэрс. "Инженерчлэл, Дайны ухаан, Ес зүй, Явган цэрэг, Их буу, Геологи-эрдэс судлал."
Бусдын амжилтад баярладаг болжээ. Нэг ч болов ийм сургууль дэлхийд байгаа нь сайхан л юм. Баярлаж, бахархаж явлаа би.
Вэст Пойнт, Нью Йорк
2024 оны 2-р сарын 21-23