"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээний эрх олгох Ази, Номхон далайн бүс нутгийн сонгон шалгаруулалт Шанхай хотод болж өнгөрлөө. Нийт найман баг өрсөлдсөнөөс Монголын "The MongolZ", Хятадын "Lynn Vision" багууд эрхээ авсан юм. Хэдхэн жилийн өмнө монгол баг Мэйжорт оролцож, өөрсдийн стикерийг гаргах холын мөрөөдөл мэт байсан бол өдгөө "The MongolZ" дөрөв дэх Мэйжортоо оролцох гэж байна. Ялангуяа "bLitz" болон "Techno" гэх хоёр залуу дөрөв дэх стикерээ гаргаж, амжилтаа ахиулсаар буй. Монголын "CS"-ийн баг тамирчид Азидаа ноёрхлоо тогтоож, Европ, Америк тивийн шилдгүүдийг л гол өрсөлдөгч гэж харах болов.
Дөрөв дэх Мэйжортоо оролцох болсон "Techno" буюу М.Содбаяр "hltv.org" сайтад дараах ярилцлагыг өгчээ. Өдгөө 18 настай тэрбээр Европд бэлтгэл хийсэн болон Шанхайд болсон тэмцээний талаар ярьжээ.
-Баяр хүргэе, "Techno". Өнгөрсөн жил та нар хоёрдугаар байраар Мэйжорын эрх авч байлаа. Харин энэ жил тэргүүн байр эзэллээ. Энэ ялалтынхаа талаар юу хэлэх вэ?
-Үнэхээр баяртай байна. Багаараа бахархаж байна. "bLitz" бид хоёрын дөрөв дэх бусад гишүүдийн маань анхны Мэйжор болж байна. Багийнхнаараа үнэхээр бахархаж байна. Бид дахиад чадлаа.
–Та бүхэн Монгол гэх харьцангуй хүн ам багатай улсыг төлөөлдөг ч Азидаа Монголын "Counter-Strike" шилдэг нь гэдгийг амжилтаараа харуулж байна. Эх орныхоо нэрийг гаргах хэр чухал вэ?
-Мэдээж чухал. Бид бол үндэсний бахархал. Анх биднийг Мэйжорт шалгарахад хүн бүр энэ талаар, стикер гээд бүх зүйлийн талаар ярьж байлаа.
–Та нар "Grayhound"-тай тоглох нь ойлгомжтой байсан. Өнгөрсөн жил хожигдсон багтайгаа тоглоход хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Үнэндээ бид ямар ч багт зориулж бэлтгэл хийгээгүй. Бид зөвхөн өөрсдийн арга барилаа давтаж, Ази, Европын багуудын эсрэг тоглох бэлтгэлээ л хийсэн. Өнгөрсөн жил бид бага зэрэг анхаарал алдсан учир хожигдсон. Эхний мап хожсоны дараа дараагийн мап дээр ч хожно гээд бодчихсон хэрэг. Энэ удаад бид алдаа давтсангүй.
–Та нар сүүлийн тоглолтдоо "Lynn Vision"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожлоо. Сүүлийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
-Бид "Ancient", "Nuke" гэсэн хоёр мапыг л харсан. Тэднийг бидний эсрэг "Nuke" сонгох байх гэж таамагласан. Харин "Anubis"-ийг биднийг эсрэг сонгохгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байлаа. Тиймээс бид тэдний эсрэг хэдэн үе, хэрхэн сөрөх зэрэг талаар бэлдсэн.
–Азиас Мэйжорын сүүлийн эрхийг аль баг авна гэж бодож байна?
-Хэцүү асуулт байна. Энэ бүсийн бүхий л баг хүчтэй. Үнэндээ одоо хоёр монгол баг оролцож байна. Тиймээс хоёр монгол багийг Мэйжорт хармаар байна.
–Сербид бэлтгэл хийсэн талаараа яриач. Европ тамирчдын эсрэг тоглох ямар байсан бэ? Та нарыг "FPL" дээр сайн байсан гэж дуулсан.
-Бидний хувьд шинэ туршлага болсон. Анх удаа Европ руу явж, бэлтгэлээ базаалаа. Үнэндээ Ази, Европ багуудын хооронд нэг их ялгаа байхгүй гэж бодож байна. Гол асуудал нь Азид бидэнтэй бэлтгэл хийх баг байдаггүй. Харин Европд бидэнд ямар ч асуудал байхгүй.
–Танай баг Мэйжороос өмнө дахин Европд бэлтгэл хийх үү?
-Мэйжороос өмнө бид Монгол буцаж, визанд орох ёстой. Учир нь манай улс визний асуудал ихтэй. Тэгэхээр Монголдоо л бэлдэж таарах байх.
–Мэйжорын Европын сонгон шалгаруулалтын үеэр "FPS"-тэй холбоотой асуудал үүссэн. Тамирчдын зүгээс компьютерууд "CS2"-ийг ачааллах хангалттай хүчтэй биш байна гэсэн. Энд ямар байсан бэ?
–"Perfect World"-ийн зохион байгуулсан тэмцээн асуудалгүй боллоо. Компьютерууд нь үзүүлэлт сайтай байсан.
–Сүүлийн асуулт. Таны хэлсэнчлэн дөрөв дэх Мэйжортоо оролцох гэж байна. Тэгэхээр зорилго бол аль болох өндөр амжилт үзүүлэх байх. Гэхдээ энэ удаад илүү өндөр амжилт үзүүлэхээр санагдаж байна уу?
-Тиймээ, бид өөрсдөдөө болон багтаа үргэлж итгэдэг. Бид Азид Мэйжорын гурван эрх хүсч байна.
Үнэхээр л Азид Мэйжорын эрхийг олон олгоосой. Тэгвэл "ATOX", "Grayhound", "TYLOO" зэрэг багуудын аль нэг нь Европ, Америкийн багуудтай хүч үзэж, Азийн багууд ч хүчтэй гэдгийг харуулах боломжтой. Бусад тивтэй харьцуулахад Азид ердөө хоёр л эрх олгодог. Гэтэл Европд 17, Америк тивд таван эрх олгожээ.
Мэйжорын Азийн сонгон шалгаруулалтын тамирчдаар үзүүлэлтээр "bLitz" буюу Б.Гарьдмагнай тэргүүлсэн түүний араас "Techno" буюу М.Содбаяр удаалжээ. Ийм л Азийн шилдэг хослолын "The MongolZ" олон жил хадгалж байна.
Тэмцээн эхлэхийн өмнөх ярилцлагадаа "Techno" багийнхаа 17 настай "Senzu"-г ирээдүйтэй тамирчин гэдгийг онцолж байжээ. Тус багийн дундаж наслалт ердөө 19.5 гэхээр энэ бүрэлдэхүүнээ олон жил хадгалвал туршлагажсан тамирчид илүү өндөр амжилтыг үзүүлж, Мэйжор, "Katowice"-ийн аварга болохыг үгүйсгэхгүй.
"The MongolZ" дэлхийн чансааны 19 дүгээр байрт бичигдэж байна.
Нэргүй 2024-02-29 213.87.90.121
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-29 202.9.40.36
Дүү нартаа амжилт хүсье. Монголчуудын чадавхийг дэлхий дахинд сайн суртчилж эх орныхоо нэрийг сайнаар гаргааарай
Нэргүй 2024-02-29 122.201.23.83
Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодохгүй ашигаа бодсон компаниудын хийж байгаа ажил.
Нэргүй 2024-02-29 66.181.181.47
Бүх л спорт эрүүл мэндийн золиос шаарддаг шүү. Энэ тамирчдын эрүүл мэндийг нь анхаардаггүй гэдгээ батлаач тэгээч
Nergui 2024-02-29 59.153.86.95
haha chi yugaa medhewdee