"Олуулаа олон төл аваръя" аяны талаар өнөөдөр /2024.02.28/ танилцууллаа.
"Олуулаа" клубын тэргүүн Ч.ӨНӨРБАЯР:
-Хаваржилтын нөхцөл байдал улс даяар хүндэрч, асуудлыг зөвхөн төрд найдаад өнгөрч болохгүйд хүрээд байна. Сүүлийн 30 жилийн түүхийг харахад бидний гуравдагч хөрш гэгддэг Япон зэрэг улсаас тусламж үзүүлж ирсэн. Монголын ард түмэн ч газар хөдлөлт, үер гэх гамшиг тохиолдсон үед тусалдаг туршлагатай. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй олон улсын байгууллагад уриалга гаргаж байна. Монголын малчдад өөр, өөрийн чиглэлээр тусламж үзүүлэхийг хүсье. Угтаа бол төрийн сайд нар өвс барьж гүйж, лаа шүдэнз тараах ажил хийдэггүй.
Сайд нар хаваржилтын хүндрэлийг урьдчилан тооцоолж, гамшгийн эрсдэлээс сэргийлэх бодлого боловсруулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
Харин ардчилсан нийгэмд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зөв санал, санаачилгыг гаргаж олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг зарчмын дагуу манай клуб энэ аяныг хэрэгжүүлж байна.
"ТӨЛ МАЛАА ЭСЭН МЭНД ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ ДЭМЖИЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА"
"Олуулаа" клубын удирдах зөвлөлийн гишүүн Д.ДОРЖПҮРЭВ:
-Зудын байдалтай холбоотойгоор хувь хүн, албан байгууллагуудын зүгээс тусламжийн аяныг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулж байна. Монгол Улс одоогийн байдлаар хоёр сая гаруй тоо толгойн малын алдагдалтай байна. Цаашид төл мал хүлээж авах үеэр малын тоо толгойг өсгөхөд хүндрэлтэй байна. Бид орон нутгийн малчидтай очиж уулзахад хорогдсон мал яах вэ? гэхэд шинэ төлөө яаж хүлээж авна гэдгийг л онцолж байна. Тухайлбал, мал төллөх үеэр сүү, сүүн тэжээлээс эхлээд нэн яаралтай тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Тиймээс төл малаа эсэн мэнд хүлээж авах ажлыг дэмжиж өгөхийг хүсч байна.
Төл мал гуравдугаар сарын 15-наас эхэлж төллөнө. Дунджаар тооцвол төл мал хүлээж авах гэж байгаа нэг айлд 50 кг хуурай сүү юм уу, шингэн тэжээл хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид энэ ажлыг санаачлаад явж байгаа юм. Хандив тусламж үзүүлсэн бүх иргэний мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулна.
"ЗУДЫН ДАРААГААР УЛААНБААТАР ХОТЫГ ЧИГЛЭХ НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТ ИХЭСДЭГ"
"Олуулаа" клубын гишүүн Р.ШИНЭГЭРЭЛ:
-Уламжлалт мал аж ахуй бол эдийн засгийн хамгийн том салбар. Энэ салбарт нийт 200 мянга гаруй малчин өрх хамаардаг. Эдгээр өрхүүд нь нийт өрхийн 20 гаруй хувийг эзэлдэг. Энэ хаврын зуд бол өндөр хохирол учруулж болзошгүй нөхцөлтэй байна. Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь зудын байдалтай байгаа учир малчдын тухайд бүхий л боломжоороо ажиллаж байгаа. Гэвч шинэ төл хүлээж авах ажил асуудалтай. Зудын дараагаар Улаанбаатар хотыг чиглэх нүүдэл, шилжилт ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид зудын эрсдэлийг даван туулахад туслах нь зүйн хэрэг.
Мал аж ахуй бол монголчуудын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний бүрэн хэрэгцээг хангахаас гадна экспортын 10 гаруй хувийг эзэлдэг.
Хүн бүр идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
"САНХҮҮГИЙН ИЛ ТОД, ШИЛЭН БАЙДЛЫГ ЧУХАЛЧИЛНА"
"Олуулаа олон төл аваръя" аяны зохицуулагч Г.БҮҮВЭЙХҮҮ:
-Олуулаа клуб анх 2006 онд анх байгуулагдаж байсан. Түүнээс хойш нийгмийн сайн сайхны төлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг залуучуудыг дэмжих хүрээнд сургалтуудыг явуулж байна. Харин өнөөдөр бид олон улсын байгууллагуудад уриалга хүргэж байна. Олон улсын байгууллагууд дотоод мониторонг хийдэг учраас санхүүгийн ил тод, шилэн байдал нээлттэй байх юм болов уу гэдэг үүднээс илүүтэй хандаж байгаа.