Сингапур хот улс газар нутаг жижигтэй, байгалийн нөөцөөр хомсдол. Тодруулбал, Сингапурын газар нутаг нь 707.1 км квадрат бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм. Тэд дутуугаа нөхөхийн тулд хэдэн арван жилийн турш дэлхийн хамгийн нээлттэй, даяаршсан эдийн засагтай орнуудын нэг гэдэг дүр төрхөөр олон улсын тавцанд өөрсдийгөө таниулсан.
Тэгвэл Зүүн өмнөд Азийн хот улс шинэ сорилттой тулгараад байна. Нээлттэй, даяаршсан байдлаа хадгалахын сацуу гадны хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө хамгаалах, амжилтын бүрэлдэхүүн хэсгүүдээ хадгалж үлдэх шаардлага тэдэнд тулгарчээ.
Энэ хүрээнд Сингапурын эрх баригчид Даваа гаригт Гадаад хөндлөнгийн оролцооны тухай хуулиа анх удаа хэрэгжүүлэв. Хонгконгод төрсөн 59 настай Чан Ман Пин Филиппийг Дотоод хэргийн яамнаас улс төрийн ач холбогдолтой хүн гэж нэрлэжээ. Ийн зарласнаар Чан жил бүр 7400 сингапур доллараас давсан улс төрийн хандив, тэтгэмж хүлээж авбал тэр талаараа мэдээлэх ёстой болж байгаа аж.
Чан чухам аль улсын ашиг сонирхлын төлөө ажилласныг засгийн газраас зарлаагүй ч бизнес эрхлэгч тэрбээр Хятадыг сурталчилдгаараа алдартай. Тэрбээр өнгөрсөн жил Хятадын парламентын хоёр чуулганд оролцсон. Энэ үеэрээ "Хятадын түүхийг сайн ярьж, гайхамшигт соёл, уламжлалыг нь гадаадад түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх нь хилийн чанад дахь хятадууд бидний үүрэг" гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгчээ. Түүнчлэн "Lianhe Zaobao" гэх хятад хэл дээрх цахим хуудсанд олон нийтлэл бичсэн байдаг.
Австрали, Их Британи зэрэг зарим орон гадаадын хөндлөнгийн оролцооноос урьдчилан сэргийлэх хууль тогтоомжтой.
Гэхдээ Сингапурын хувьд нээлттэй эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх асуудал маш нарийн байдаг. Байгалийн нөөц багатай, жижигхэн арлын хот улс учир бараа материал, хүмүүсийн чөлөөт урсгалд тулгуурлан эдийн засаг нь хөгждөг. Тодруулбал, худалдаа нь Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүний 300 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ нь аль ч улсад байхгүй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Сингапурын эрх баригчид хэт нээлттэй байдлыг хоёр иртэй сэлэмтэй адилтгаж байна.
"Сингапурын хувьд гадаад нөлөөллийн асуудал үргэлж байсаар ирсэн. Тэр дундаа эдийн засаг, соёлын ердийн солилцооноос давсан нөлөөллийн зальтай хэлбэрүүд ч байна. Энэ нь зөвхөн Хятадад хамаарахгүй. Учир нь бид бол нээлттэй эдийн засагтай, дижиталжсан улс" гэж Наньян технологийн их сургуулийн Хятадын гадаад бодлогын мэргэжилтэн Дилан Лох хэлжээ.
Тус хот улсад оршин суудаг 5.92 сая хүний 30 орчим хувь байнгын бус цагаачид. Мөн хүн амынх нь дөрөвний гурвыг угсаатны хятад-сингапурчууд эзэлдэг. Тийм ч учраас хүн амын олонх нь Хятадад таатай ханддаг. "Pew" судалгааны төв 2022 онд 19 орны иргэдээс судалгаа авахад иргэдийнх нь дийлэнх нь Хятадад эерэгээр ханддаг хоёрхон орны нэг нь Сингапур байжээ.
Азийн бусад орны нэгэн адил Сингапур ч бас АНУ, БНХАУ-ын хооронд улам ширүүсч буй өрсөлдөөнд аль нэг талыг баримтлахаас татгалзаж, "Бүгдтэй нь нөхөрсөг, хэнтэй ч дайсагнахгүй" гэсэн зарчимтай байна. Гадаад бодлогын чиглэл нь бүх л улс оронтой бүрэн эрхийг нь харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй байх зарчимд суурилсан түншийн сүлжээг бий болгохыг уриалж буй. Сингапур нь жижиг, нээлттэй эдийн засагтай учир технологи, нийгэм, шинжлэх ухаан зэрэг янз бүрийн салбарт олон оронтой нягт хамтран ажиллах шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
Тиймээс гадаад бодлогын үндсэн чиглэлээ алдалгүйгээр гадны нөлөөллөөс ангид байх нь хүндхэн сорилт болох юм.
Гадаадын хөндлөнгийн оролцоотой холбоотой хамгийн ихээр олны анхаарлыг татсан хэргүүдийн нэг бол 2017 онд эрх баригчид Хятад-Америкийн эрдэмтэн Хуан Жинг гадаадын улсын нөлөөллийг түгээх төлөөлөгч гэж үзэн хөөж гаргасан явдал байв. Түүнийг төрийн бодлого, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан гэх үндэслэлээр байнгын оршин суух эрхийг нь цуцалсан байна.
Гадаад хөндлөнгийн оролцооны тухай хуулийн заалт нь олон улсын эрх зүй, хүний эрхийн зарчмуудтай зөрчилдөж байна гэж "Эмнести Интернэшнл", "Human rights watch" зэрэг 11 байгууллага дүгнэжээ. Энэ хууль нь шууд болон шууд бусаар иргэний орон зайг цаашид хумина гэж үзэж байна.
Сингапур нь дэлхийд хамгийн сайн бизнесийн орчинтой улсад тооцогддог. Тийм учраас хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид Сингапурыг сонирхдог. Тэдний олонх нь улс төрийн ач холбогдолгүй, тэр бүү хэл улс төртэй орооцолдох хүсэл сонирхол ч үгүй байдаг гэдгийг эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Нэргүй 2024-02-28 213.87.144.112
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-28 59.153.115.35
Одоогийн сэтгүүчдэд дунд сургуульд болон сэтгүүлчийн сургуульд монгол хэлний хичээл огтзаагаагүй юм уу?? "Сингапур" гэж нэг л улсын нэр биз дээ? Гэтэл түүнийг олон тоон дээр "өөрсдийгөө" гэж бичдэг нь ямар учиртай юм бэ???
Нэргүй 2024-02-28 66.181.184.132
манайд ч хятад угсааны хүмүүс маш их хятадыг байнга магтан дуулж хятад соёлыг түгээн суртчилдаг хятад гаралтай хүмүүс хятадын нөлөө маш ихтэй урд зүгээс бодлоготойгоор хөхиүлэн дэмждэг
Оноч 2024-02-28 202.5.202.2
Монголд нээлттэй байдал энэ СЭТГЭГДЭЛ гэдэг юмыг л их ашиглаж байна. Улс төрийн сонгуульд зориулан бүтээсэн ийм бүтцүүд мөнгө өгвөл хэний ч төлөө ажиллахад бэлэн ажилгүй хэдэн залуучууд компьютерийн ардаас зохион байгуулалттай коммент-оор булдаг. Энэ л том эрсдэл шүү. Ийм бүтцүүдийг илрүүлж намнах хэрэгтэй. хувь хүн үзэл бодлоо илэрхийлэх биш, харин зохион байгуулалттай ийм бүтцүүд байгаа. энэ намууд бүгд л мэдэж байгаа шүү дээ. Сонгуулийн хуульд энэ талаар нарийн заасан атлаа бусад асуудал дээр