Узбекистаны шүүх ханиадны эсрэг сиропоос болж 68 хүүхдийн амь эрсдсэн хэргээр 23 хүнд хорих ял оноолоо. Шүүгдэгчид татвараас зайлсхийсэн, стандартын шаардлага хангаагүй хуурамч эм худалдсан, албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан, хүний амь насанд хайнга хандсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож 20 жил хүртэлх ял авсан байна. Ташкент хотын шүүх хурал зургаан сарын турш энэ хэргийг шүүн хэлэлцсэн ба анх 65 хүүхэд эндсэн гэх баримттай байсан ч прокурорын газрын мөрдлөгөөр нэмж гурван хүүхэд нас барсан нь тогтоогджээ.
Хортой, шаардлага хангаагүй сиропуудыг Энэтхэгийн "Marion Biotech” компани үйлдвэрлэж, Узбекистан дахь “Quramax Medical” компани зарж борлуулсан байжээ. Хамгийн урт буюу 20 жилийн ялыг “Quramax Medical” компанийн гүйцэтгэх захирал Сингх Рагвендра Праварт оногдуулсан. Түүнчлэн импортын эмийн лицензийг хариуцаж байсан өндөр албан тушаалтнуудад урт хугацааны ял оноосон гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард Узбекистаны 18 хүүхэд ханиадны сироп ууснаасаа болж нас барсны дараа “Marion Biotech”-ын хоёр сиропыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) "стандарт хангалтгүй" гэж мэдэгдсэн. “Амбронол” ба “Док-1 Макс” гэсэн хоёр сироп нь хүлээн зөвшөөрөгдөхгүй хэмжээний бохирдуулагчтай гэж ДЭМБ зарласан байжээ. “ Marion Biotech” тухайн үед энэ мэдэгдлийг үгүйсгэж, судалгааны үр дүнтэй "зөвшөөрөхгүй" гэж “ВВC”-д мэдэгдсэн. Дараа нь Энэтхэгийн эрүүл мэндийн яам, Уттар Прадеш мужийн хүнсний аюулгүй байдлын хэлтэс тус компанийн үйлдвэрлэлт, борлуулалтын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байжээ. Мөн гуравдугаар сард үйлдвэрлэлийн лицензийг бүрмөсөн цуцалсан.
Шүүхээс нас барсан 68 хүүхдийн ар гэрийнхэнд тус бүр 80 мянган доллар буюу 63 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Ханиалгах сироп уусны улмаас тахир дутуу болсон дөрвөн хүүхдийн ар гэрийнхэнд мөн ийм хэмжээний мөнгө олгох юм байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ