2024.02.24-нд 17.30 цагийн орчимд:
Амнаас нь уур савсаж, ороолт, малгай, сормуус нь цантсан иргэд УБИС-ийн урдах буудал дээр автобус хүлээж зогссоор л. Залуус гар утсаа халааснаасаа гаргаж ирэн, автобус хаана явж байгааг байн, байн харах бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүү хөлөө тогшин, нааш цааш холхино. Ахмад настнууд төмөр суудалд хайруулан, автобус хүлээх нь тэсвэр тэвчээрийн хязгаараа шалгуулах мэт.
Нэлээд хүлээсний эцэст М1 дугаартай “Офицеруудын ордон-Таваншар” чиглэлийн автобус ирсэн боловч зорчигчдын олонх нь багталгүй үлдэв.
Багтаагүй үлдсэн зорчигчдын хувьд дараагийн автобус ирэхийг дахиад хүлээхээс аргагүй болов.
Одоогоос хоёр сар орчмын өмнө нийслэлээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор чиглэлүүдийг өөрчилсөн. Гэвч чиглэлүүд оновчгүй байснаас 70 гаруй чиглэлийг сэргээж, зарим чиглэлийг шинэ маршрутынх нь дагуу хэвээр үлдээсэн. Иймд бид нийтийн тээврийн хүртээмж сайжирсан эсэх асуудлыг сурвалжлах үед дээрх дүр зураг угтсан нь энэ.
Автобус хэр их хүлээж байгаа талаар зорчигчдоос тодруулахад дараах байр суурь илэрхийлсэн юм.
Н.САРУУЛ:
-Автобусны маршрут өөрчилж байна гээд Ч-3 дугаарын чиглэлийг байхгүй болгосон нь маш хүндрэлтэй байна. “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобус төв замаар явахгүй болсноос гурав дамжиж, эмнэлэгтээ хүрдэг болсон. “Дүнжингарав” гээд нэг чиглэл ирдэг юм, хүлээгээд байгаа ч ирэхгүй юм. Гэтэл зарим чиглэл маш оновчгүй. Хоосон шахуу явж харагдах юм. 30 номерын “Жанжин клуб” гэсэн чиглэл бол ямар ч хэрэггүй. Хүний хэрэгцээ хангадаггүй зарим чиглэлийг хааж, хэрэгцээтэй газар луу нь чиглэлээ нэмж явуулж болдоггүй л юм байх даа.
Ц.АДЪЯАСҮРЭН:
Автобусны чиглэл өөрчлөгдөөгүй байхад 30 минут хүлээдэг байсан. Одоо дор хаяж нэг цаг автобус хүлээж байна. Автобус хүрэлцэхгүй байна. Нисэхэд амьдардаг. Өмнө нь нэг л автобусанд суугаад гэртээ харьдаг, ажилдаа ирдэг байсан бол одоо хоёроос гурав дамжиж байна. Илүү л их цагийг нийтийн тээвэр хүлээх, зорчиход зарцуулдаг болсон. Сайжирсан зүйл алга.
Н.ШАРАВСАМБУУ:
Ярмагаас ажилдаа ирдэг. Яармагаас УБИС-д ирэхэд автобус хүрэлцээтэй байгаа. Харин УБИС-иас буцаад явах болоход хүлээгдэл их болчихдог. Түгжрэлээс болдог уу, эсвэл өөр шалтгаан байна уу, мэдэхгүй. Арга ядаад хүлээж цөхөхөөрөө олон удаа дамжиж явахаас аргагүй болдог.
Х.УНДАРМАА:
Автобус хүрэлцээгүй байна, олноор явуулах ёстой. Нарантуул захын ар хэсэг, мангасын аманд автобусны хүрэлцээ муу байдаг. Хүмүүс хоёр, гурван цаг хүлээдэг. Хөл гар даарах энүүхэнд шүү дээ.
Би гэхэд 10.20 цагийн хичээлд суухын тулд өглөө гэрээсээ 07.00 цагт гарч, автобусандаа сууж байна. Өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд гарчих юм бол хичээлээсээ хоцорно. Шинэ автобус худалдан авлаа гэсэн ч тэдгээрийгээ хотын төв хэсгээр явуулаад гэр хороолол, зуслангийн бүс рүү хуучин автобус явуулж байна. Хуучин автобусны эдэлгээний хугацаа дууссан болохоор маш хүйтэн, даарч хөрсөн дээрээ улам л зутардаг. Ядаж шинэ автобусаа явуулбал хүйтэн цагт зорчиж яваа нь даарахгүй тав тухтай байхсан. Гэвч юу нь болдоггүй юм гаргахгүй юм.
Б.ТЭМҮҮЛЭН:
-Хүйтэн үед автобус хүлээхээр маш их даардаг. За тэгээд хүлээж, хүлээж автобус ирлээ ч багтдаггүй. Багтаад суулаа гэхэд маш их шахцалддаг. Цаг хугацаа ч их алддаг. Тийм болохоор ихэнхдээ алхаж байна гэлээ.
27 номерын “Гачуурт-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа автобусны жолоочоос маршрут өөрчилснөөр үйлчилгээ сайжирсан эсэх, мөн хэдэн цагаар ажилладаг, цалин нь өссөн эсэхийг тодруулахад дараах тайлбар хийв.
Тэрбээр ““Автобусны чиглэл өөрчилснөөр түгжрэл шийднэ гэж юу байх вэ. Чиглэлүүдээ оновчтой гаргах ёстой. Ихэнх автобусаа богино эргэлттэй болгох нэрээр оновчгүй болгочихоор улам ч хүндрэл үүсгэж байна. Зорчигчид өмнө нь нэг автобусанд суугаад зорьсон газраа очдог байсан бол одоо чадахаа больсон. Ихэнх тохиолдолд гурван автобус дамжиж явж байна. Маш их цаг алдаж байна, автобусанд төлдөг төлбөр нь ч нэмэгдлээ гээд жолооч бид нар луу их уурладаг. Бид ийм болгосон биш яах билээ дээ.
Дээр нь автобусаа саадгүй явуулдаг болох ёстой. Автобусныхаа тоог хүрэлцээтэй болгох нь чухал. Зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй автомашинуудыг явуулахгүй байх талд арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Яриад л байхаас хийхгүй юм.
Өглөө 05.30 цагт ажилдаа гараад 23.00 цагт ажилаасаа буудаг. Ойролцоогоор автобусанд 15 цагийг өнгөрүүлдэг. Сарын цалин маань тогтмол биш сайн л ажиллаж байж гайгүйхэн цалин авна.
Автобусны жолооч нарын сарын цалинг гурван сая 500 мянган төгрөг болгоно гэсэн нэмээгүй л байна. Хэтрүүлсэн л болох байхдаа бараг 30 хоног ажиллаж байж нэг сая 400 мянган төгрөгийн цалин авдаг.
Автобусны буудлуудад жорлон байдаггүйгээс ариун цэврийн өрөө орж чаддаггүй. Жорлонгийн асуудлыг шийдэж чадаагүй хүмүүс цалин нэмнэ гэдэг худлаа гэлээ.
Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус худалдан авсан. Уг автобусаас 100 гаруй нь үйлчилгээнд гарсан бол 500 орчим нь гараашт хадгалагдаж буй.
Нийтийн тээврийн үйлчилгээнд одоогоор 1000 гаруй автобус явж байгаа юм. Энэ тоог ирэх гуравдугаар сарын 15-н гэхэд 1200 болгоно гэдэг амлалтыг Улаанбаатар хотын захирагч өгсөн ч жолооч дутагдалтайгаас тоог нь нэмж чадахгүй болж мэдэхээр буй. Гэхдээ ядаж шинэ автобуснуудаа үйлчилгээнд гаргах нь чухал болохыг зорчигчид хэлж байгаа юм.
Э.ДАРИЙМАА
Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР
Холбоотой мэдээ