Панама улсад энэ оны хоёрдугаар сарын 5-10-ны өдрүүдэд “Тамхины хяналтын суурь конвенц”-ийн Талуудын 10 дахь уулзалт болж өнгөрлөө.
ДЭМБ-ын ивээл дор болдог энэхүү уулзалтаар тус конвенцийг соёрхон баталсан 183 улсууд тамхины хяналтын бодлогоо нэгтгэх, тамхидалтын тархалтыг бууруулах туршлагаа хуваалцах, заавар зөвлөмж дагах, шийдвэр гаргах гэх мэт үйл ажиллагаа өрнөдөг билээ. Ерөнхийдөө дэлхий хэмжээнд тамхидалтын эсрэг бодлого боловсруулах өндөр хэмжээний уулзалт юм.
COP-д оролцогчдын гаргасан бодлогын шийдвэр нь гишүүн орнуудад заавал биелүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд дэлхийн бараг бүх улсууд буюу 183 нь FCTC-ийн Талууд юм. Талууд үндэсний хууль тогтоомжоо FCTC-ийн бүх гишүүдийн санал өгсөн шийдвэрт нийцүүлэхээр тохиролцсон нь дэлхийн ихэнх оронд тамхи, никотины бодлогыг тус хурлаар тодорхойлдог гэсэн үг юм.
COP 10 дээр FCTC Талууд бусад шатдаггүй никотины бүтээгдэхүүнийг тамхи татдаг, хэрэглэдэг хүмүүст нөлөөлж болох хэд хэдэн томоохон сэдвийн талаар шийдвэр гаргах болно гэдэг хүлээлттэй байлаа. Мөн цахилгаан тамхины тусламжтайгаар тамхидалтын түвшингээ бууруулж буй улсуудын туршлагыг хэлэлцэх байсан ч FCTC-ийн Нарийн бичгийн дарга нарын бүлгэмээс хэлэлцэхээс татгалзсан юм. Учир нь 2018 оны талуудын уулзалт болох COP8–т цахилгаан тамхины судалгааг COP 9-танилцуулах баг бүрдүүлж байгаагаа танилцуулсан боловч өдийг хүртэл үр дүн нь гарсангүй. Улмаар COP 11-т буюу 2 жилийн дараа танилцуулах тов тогтлоо.
Энэ удаагийн талуудын уулзалтаар саналын эрхгүй ТББ-ууд ч нөлөөллийн ажлаа идэвхитэй хийж байлаа. Хэдийгээр АНУ нь Тамхины хяналтын суурь конвенцийг соёрхон батлаагүй ч хамгийн өндөр нөлөөлөл үзүүлдэг бөгөөд албан ёсны төлөөлөгчдөөс гадна, ажиглагчын статус бүхий саналын эрхгүй Төрийн бус байгууллагууд болох “Тамхигүй хүүхдүүд” ТББ зэрэг Блүүмберг сангаас санхүүжигч нар өндөр оролцоотой байсан нь бусад улсуудад таалагдсангүй.
Учир нь сүүлийн 5 жилд 1,2 сая иргэдээ тамхинаас гаргаж үсрэнгүй үзүүлэлт үзүүлсэн Филлипин улсыг суурь конвенцийг дагаж мөрддөггүй хэмээн “Үнсний сав” гэх “өргөмжлөл” нэр зүүлгэв. Мөн албан ёсны уулзалтын үеэр төлөөлөгчдөд цахилгаан тамхины тухай буруу ойлголт өгөх олон үйл ажиллагаа гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.
2018 оноос хойш биеэр уулзалдаагүй энэхүү хурлыг олон улсын хэвлэл мэдээллээр янжуур болон цахилгаан тамхины гардан тулаан болж судалгаа, нотолгоонд үндэслэсэн шийдвэр гарах болов уу гэж харж байсан ч тодорхой шийдвэрт хүрэхээс зайлсхийсэн бодлого баримталж байлаа.
Харин Шинэ Зеланд, Швед, Филиппин зэрэг улсууд нь тамхидалтын түвшинг бууруулахын тулд никотин орлуулах бүтээгдэхүүнийг дэмжиж, иргэддээ туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн ба үүнийг Их Британи, БНХАУ, ОХУ зэрэг том гүрнүүд бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
“Өндөр хөгжилтэй улсуудын бие даасан болон албан ёсны судалгааны лабораториудын дүгнэлтээр янжуурын хоруу чанартай харьцуулахад цахилгаан тамхи нь 95% бага байна гэдгийг хүлээн зөвшөөрч буй улсуудад тамхидалтын хэрэглээ буугаад эхэлсэнг энд дурдах хэрэгтэй. Улмаар ойрын 10 жилд янжуур тамхийг хэрэглээнээс бүр мөсөн халах болно.” гэж COP 10-ийн ажиглагч Испани улсын хоруу чанарыг бууруулах хөдөлгөөний активист Хулио Рүадес хэлжээ.
Хэдийгээр энэ удаагийн талуудын уулзалт “Хууль бус наймаа, сурталчилгааны эсрэг” сэдэвтэй байсан ч сэдвийнхээ хүрээнд гаргасан шийдвэр тун ядмаг байлаа гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Ийнхүү нарийн бичгийн дарга нарын бүлгэмээс никотин орлуулах эмчилгээ, бүтээгдэхүүнийг судлах хугацааг уртасгахыг улс орнуудаас хүссэн бөгөөд судалгааны дүгнэлт гартал өөрсдийн улсын онцлогт тааруулан хуульчилахыг уриалсан юм.
Дэлхий дээр жил бүр 8,6 сая хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байгаа ба энэ тоог нэмэгдэхээс болгоомжилж оролцогч талуудыг идэвхитэй ажиллахыг ДЭМБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебреисус сануулсан юм.
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.