Монголын сагсан бөмбөгийн шигшээ өнөөдөр/2024.02.25/ Азийн аваргын урьдчилсан шатны хэсгийн хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийлээ. Улаанбаатар хотноо болсон тоглолтод зочид 74-63 гэсэн харьцаатай хожив.
Уг тоглолтод Монголын шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан боловч нэгдүгээр үеэс Гуам онооны давуу байдлыг үүсгэсээр боломж олгосонгүй. Өнгөрсөн жил Монголыг хожиход гол үүрэг гүйцэтгэсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росc, Жеричо Круз нар өнөөдөр урьдынх шиг тоглосноос гадна Такүми Саймон гэх Японы лигт тоглодог 23 настай залуу гурван онооны шидэлтийг ээлж дараалан амжилттай болгож, сэргэж байсан Монголын довтолгоо, хамгаалалтыг нураав.
Монголын шигшээ багаас багийн ахлагч Б.Билгүүн 13 оноо авч багаа тэргүүлсэн бол багтайгаа саяхан нэгдсэн Д.Дэлгэрням 11 оноо, сэлгээнээс тоглосон Т.Ууганбаяр 11 оноо тус тус авчээ. Монголын багийн хамгаалалт учраа олж, өрсөлдөгчөө зогсоож байсан ч довтолгоо учраа олсонгүй. Мөн бөмбөг их алдаж, өрсөлдөгч багтаа илүү гарах боломжийг өгч байлаа.
Гэхдээ Монголын шигшээ багийн аялал дуусаагүй. Дахин дөрвөн тоглолтыг Хятад, Япон, Гуамын эсрэг хийнэ. Энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Японы эсрэг нутагт нь тоглох бол арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Хятадын эсрэг тоглоно.
Монголын шигшээ багийн гол даалгавар 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тохионо. Тодруулбал, Гуамыг талбай дээр нь дор хаяж 12 оноогоор хожих хэрэгтэй. Тэгж чадвал хэсэгтээ гуравдугаар байрт орж, бусад хэсгийн гуравдугаарт байрт орсон багуудтай эрхийн төлөө нэмэлт тоглолтыг хийнэ.
Холбоотой мэдээ