Энэтхэг, Бангладеш хоорондын үхлийн хил

Энэтхэг, Бангладеш хоорондын үхлийн хил

Энэтхэг, Бангладеш хоорондын үхлийн хил

Дөрөвдүгээр сар бол Бангладешийн хувьд хамгийн халуун сар. 2018 оны дөрөвдүгээр сарын нэгэн халуун өдөр 14 настай Расел Миа тариачин эцгийнхээ хамтаар Энэтхэг, Бангладешийн хилийн ойролцоох тариалангийн талбай руугаа явжээ. Тэд нар жаргахтай зэрэгцэн ажлаа дуусгаад гэртээ харьж явтал Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын албаны хоёр ажилтан гүйсээр гарч ирсэн байна. Хүү яах учраа олохгүй сандарч мэгдэн зугтсан боловч мөнөөх хоёр ажилтны нэг нь резинэн сумтай буугаар хүүгийн нүдийг буудсан аж.

Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнууд Миаг хилийн хамгаалалтын өргөст торыг хайчилж байна гэж буруутгажээ.

"Хэдэн минутын турш би юу ч хараагүй. Өнөөдрийг хүртэл баруун нүд минь юм хардаггүй хэвээрээ. 14 настай хүүхэд яаж олон улсын хилийн өргөстэй хашааг хайчлах билээ дээ" гэж өдгөө 20 нас хүрсэн Расел Миа хэллээ.

Ойролцоох эмнэлэгт оношлуулсны дараа Миагийн ар гэрийнхэн түүнийг Бангладешийн нийслэл Дака руу шилжүүлж, улсын эмнэлэгт нэг сар эмчлүүлжээ. Харамсалтай нь, энэ бүх хүчин чармайлтыг талаар болгож, Миагийн баруун нүд хараа ороогүй.

Эл үйл явдлын талаар тухайн үедээ хэвлэлүүд хангалттай мэдээлж. Мөн тухайн үеийн Энэтхэгийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Харш Вардхан Шрингла "Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнуудад хариуцлага хүлээлгэнэ" гэсэн мэдэгдлийг ч хийсэн. Нэмж дурдахад, Энэтхэгийн засгийн газар Миаг Шинэ Дели хотын эмнэлэгт эмчлүүлсэн боловч мөн л амжилт олоогүй.

Удалгүй Covid-19-өөс болж улс орнууд хилээ хааснаар Миа Энэтхэгийн засгийн газартай холбоо тасарсан байна.  Аюулгүй байдлын ажилтнууд зохих шийтгэлээ хүртсэн эсэхийг ч Миа мэдэхгүй. Тэр хараагүй болоод зогссонгүй, халуурах, толгой өвдөх гэх мэт эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай тулгарсаар байна.

Энэ мэт хэрэг Энэтхэг, Бангладешийн хил дагуу цөөнгүй гардаг. Тийм ч учраас хамгийн аюултай хилийн зурваст тооцогдсоор ирсэн.

Энэтхэг, Бангладеш улсууд нь 4096 км урт хиллэдэг бөгөөд хилийн нийт уртаараа дэлхийд тавдугаарт ордог. Хууль бус наймаа, хууль бус цагаачлал, хил дамнасан терроризм, хүний эрхийн зөрчил гэх мэт асуудал энд тогтмол үүссээр байна. Нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт багтсан анклавууд ч бий. Энэтхэг, Бангладеш улсууд 2015 онд 162 анклавыг солилцон, иргэдэд нь иргэншлээ сонгох боломж олгож байв.

Угтаа бол 1971 онд Бангладеш улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш хоёр орон найрамдалт харилцааг эрхэмлэх болсон. Хоёр улс хоорондоо түүх, соёлын нийтлэг үнэт зүйлсээрээ гүн гүнзгий холбоотой. Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр улс улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласан. Эдийн засгийн үүднээс авч үзвэл Бангладеш нь Энэтхэгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой түнш. Энэтхэгийн компаниудын их хэмжээний хөрөнгө оруулалт Бангладешийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Цаашилбал, Энэтхэгийн засгийн газар Бангладешийн сонгуульд хүртэл нөлөөлдөг болоод удаж байна.

Тэгвэл эв эетэй харилцааг эрхэмлэдэг, улс төрийн найрсаг харилцаатай улсуудын хил орчмын бүс нутаг яагаад хурцадмал байдал, хүчирхийллээр дүүрэн байна вэ?

Бангладеш дахь "Айн О Салиш Кендра" хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2013-2023 оны хооронд хилийн ойролцоо аюулгүй байдлын албаны ажилтнуудын гарт 332 хүн амь үрэгджээ. Гэхдээ энэ тооцоолол үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй. Өөр нэг хүний эрхийн байгууллагын мэдээлснээр 2000-2020 оны хооронд Хилийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын бууны суманд өртөж, 1236 бангладеш иргэн амиа алджээ. Мөн 1145 хүн шархадсан байна. Тэгвэл "Бангладеш: Газарзүй, геополитик, байгаль орчин" номд дурдсанаар 1990-1999 онд 206 бангладеш иргэн нас баржээ.

Хилийн дагуу хууль бус наймаа зонхилохыг дагаад тэдний эсрэг үхлийн аюултай зэвсэг хэрэглэх тохиолдол өссөөр байна. Хууль зүй, ёс суртахууны зарчимыг илт зөрчиж, гэм зэмгүй хүмүүсийг буудан хороосон тохиолдол маш олон. Бангладешийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга асан Мд Тоухид Хоссейн хэлснээр тэр хүмүүсийг анхнаасаа хөнөөх зорилгоор санаатайгаар буудсан байдаг аж. Өөрөөр хэлбэл, үхлийн бус гэмтэл харьцангуй ховор тохиолддог гэлээ.

Хил дагуух хамгийн хэрцгий бөгөөд мартаж үл болом хэрэг 2011 онд гарсан юм. 2011 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 14 настай охины цогцсыг хоёр улсын хилийг заагласан өргөст торонд өлгөж орхисон байсан. Тэрээр Энэтхэгийн Ассам мужид амьдардаг бангладеш гаралтай охин байжээ. Охин нэгдүгээр сарын 8-ны өдөр хуримаа хийх байсан бөгөөд аавынхаа хамтаар хил давах гэж яваад буудуулсан нь тэр аж. Охин хашаанд өлгөөтэй дөрвөн цаг орчим болсон. Түүний тусламж гуйх чимээг тосгоны оршин суугчид сонссон ч айдас хүйдсээсээ болоод хилийн тор руу ойртож чадаагүй.

Охин эхлээд амьд байсан. Сүүлд нь хашаанд өлгөгдсөн цогцос болсон. Энэ хоёр дүр зураг л хоёр улсын нөхөрлөлд эргэлзээ төрүүлэх хангалттай баримт болно.

Олон нийтийн эсэргүүцэл их байсан тул Энэтхэгийн Хилийн хамгаалалтын албаны Амиа Гош нэртэй цэрэг ял сонссон. Гэсэн ч давж заалдах шатны шүүх хурал болж, 2013 онд тэр цагаадсан байна.

Энэ үйл явдлын дараа тухайн үеийн Энэтхэгийн Дотоод хэргийн сайд П.Чидамбарам эмгэнэл илэрхийлж, бодлогын өөрчлөлтийг зарласан. Хилийн хамгаалалтын албаныхан энгийн иргэдийг дахин буудахгүй, үхлийн зэвсэг хэрэглэхгүй гэж тэр амласан юм. Ингээд жинхэнэ сумны оронд резинэн сум, дуут гранат ашиглах болжээ. Гэвч резинэн сумны балаг ч дуусаагүй талаар нийтлэлийн эхэнд өгүүлсэн билээ.

Энгийн иргэдийн амийг хөнөөхөөс гадна хулгайлж, тамлан зовоодог явдал ч байсаар байна. Энэтхэгийн хилийн цэргийнхэн 2013-2023 оны хооронд 500 орчим энгийн иргэнийг хулгайлжээ. 2013 онд 175 хүн хулгайлагдсанаас 49 нь л гэртээ эргэн ирсэн байна. Үлдсэн 126 нь одоо хүртэл ор сураггүй.

Аюултай, мөргөлдөөнтэй хилийн шугам дэлхий даяар бий. Энэтхэг, Бангладешийн хувьд хоёр улсын засгийн газар нь найрсаг харилцаатай ч хилийн шугам дагуу олон жил үргэлжилсэн хүчирхийллийн түүхтэй гэдгээрээ ялгардаг. Амиа алдсан, осолдсон хүмүүсийн тоо жил жилд хэлбэлздэг ч хэзээ ч бүрэн арилаагүй ажээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.117.221

enetheguud diilenh massaaraa mash yaduu amidraltai . bangladeshuud bur enethegeesee iluu yaduu.

Avatar

Toro 2024-02-26 202.55.188.35

India enetheg hunii ed erehten hamgiin ih suglaj awdag gesen …eron bol zarim gazaa zowshooroltej baidag gesen ;aimaar baigaa biz😕 doonor erehten mash ih heregtseetei uls chin enetheg gedeg yum baina😕 lee neeh ochood baih uls law bish

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-26 192.82.64.212

Англи гарахдаа ингэж таслаж хувааснаас болж олон улс хоорондоо байлдаж байна даа

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.93.65

Англичууд гарахдаа хуваагаагүй шүү. харин нэгтгээд гарсан. тусгаар тогтнолоо машинаараа хуваагдсан юм.

Avatar

ЗОЧИН 2024-02-26 122.201.23.84

угаасаа Бангиладеш чинь энэтхэгт ордог байсан биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж