Зудтай бүсэд ажиллахаар Засгийн газрын сайд нар зургаан баг болон хуваагдаж, орон нутгийг зорьсон. Тэднээс хамгийн хүнд нөхцөлд ажиллах томилолтыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан баг өвөртөлсөн ч ачир дээрээ тарган мах чануулж идэн, сүүтэй цай уусан шигээ тун чиг тав тухтай явж байгаа бололтой.
Уг багт сайд Х.Болорчулуунаас гадна Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар багтжээ. Тэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгуудад ажиллах үүрэг хүлээсэн. Эдгээр аймгуудад малын хорогдол хамгийн их байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн. Зөвхөн Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдоод байгаа юм. Зудын бүс нутагт УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна урлаг соёлынхон, мөн залуус нэгдэн ажиллах болсон. Тэд зам даваа хаагдсанаас зарим малчныд хүрэх боломжгүй байгаа тухай, 40 км газарт цас ухсаар 6-7 цаг явж өвс тэжээл хүргэсэн тухай дуулгаж буй. Гэтэл зудтай бүс нутагт ажиллах томилолт өвөртөлсөн сайд нарын өмнө таваг тавгаар нь тарган мах чанасан зураг сошиалд дэлгэгдсэн нь “Жинхэнэ зудтай тулалдаж байгаа малчиддаа тэд хүрч ажиллаж чадаж байгаа юм уу. Энэ тохиолдолд Улсын нөөцөөс гаргасан өвс, тэжээл жинхэнэ эзэддээ хүрч бодит дэмжлэг болж чадах уу” гэдэг асуудлыг хөндөхөд ч хүргэж байна.
Монгол Улсын хэмжээнд 200 гаруй сумдад төмөр болон цагаан зуд нүүрлээд байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдээд буй. Хэдийгээр хөхүүрийн ам наашилж буй ч тавдугаар сар хүртэл мал, малчин хоёр маш хүнд давааг туулах шаардлагатай болж байгааг ч анхааруулах болсон. Харин Засгийн газрын зарим сайд нарын хувьд зуд турхантай тэмцэж байгаа мал, малчин хоёрыг эргэж тойрохоос илүү айл хэсэж, аяга тагш юм эргүүлэх нь чухал байх шиг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ