Монгол, Францын хоорондын 1.6 тэрбум ам.долларын уран олборлолтын гэрээ зургадугаар сард болох сонгуультай холбоотойгоор хойшилж магадгүй байгааг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс эш татан "Bloomberg" мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Монгол Улсын хэлэлцээ хариуцсан ахлах төлөөлөгч огцорсонтой холбоотой гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард Франц улсад айлчилж, ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Францын уран үйлдвэрлэгч "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ.
Хөрөнгө оруулалтын эцсийн гэрээг 2023 оны сүүлээр байгуулж, 2028 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байсан.
Төслийг удаан хугацаагаар хойшлуулах эсвэл бүр цуцлах нь төрийн хяналтад байдаг "Орано майнинг” компанид томоохон цохилт болно. Дэлхийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол, Францын гэрээ нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол алхам гэж тус компани мэдэгдэж байв. Тус компани нь Канад, Казахстан, Нигерт уран олборлодог.
"Орано майнинг” компаниас гэрээний явцын талаар тодруулахад, "Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд гэрээг аль болох хурдан дуусгахыг эрмэлзэж байна" гэсэн хариу өгчээ.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ