Улсын онцгой комиссоос өдөр бүр өвөлжилтийн талаарх мэдээлэл хийхээр болсон. Энэ хүрээнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж байна.
Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:
-Энэ сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлнэ. Харин ирэх Мягмар гариг буюу 27-ны өдрөөс эхлэн эрч нь нэмэгдэж зүүн аймгууд, говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 27-ноос хойш иргэд хол замд, тэр дундаа зүүн аймгуудаар зорчих гэж байгаа бол бодолцож, түр азнахыг зөвлөж байна.
28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Мөн хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ханхөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-21 см, бусад нутагт 1-9 см хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см зузаан цастай байна. Үүнтэй холбоотойгоор зудын нөхцөл байдлын үнэлгээг дахин шинэчилсэн. Үнэлгээг хийхдээ цасны нягтыг голчилж авдаг. Малын бэлчээрт хүндрэл учруулдаг учир цасны нягт, агаарын температурыг авч үздэг.
Мөсөн зудын нөхцөл байдал 13 аймгийн 58 суманд үүссэн. Харин цагаан зудын нөхцөл 17 аймгийн 139 суманд үүсээд байна.
Цагаанаар зудархуу 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэгт үнэлэгдсэн.
Өнгөрсөн хоногийн цаг агаарын тоймоос харвал:
Завханы зарим газар, Говь-Алтайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн ихэнх нутаг, Булагны зүүн хэсгээр 0,0-1,0 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Баянхонгор, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэд 1,0 мм, Увсын Малчин, Баянхонгорын Баянцагаан, Хүрээмаралд 0,8 мм цас орсон байна. Одоогийн байдлаар цас орж байгаа нутаг байхгүй, цаг агаар ихэнх нутгаар тогтуун байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭЭР АХЛУУЛСАН 5 АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-10 хоног тутамд орсон цас, нягтаршил гээд тодорхой үзүүлэлтүүдээр зудын үнэлгээг хийдэг. Хаваржилт хүндэрч буй аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
- Нэгдүгээр ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж дуусаад өчигдрөөс эхлэн Архангайд ажиллаж байна.
- БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад
- Сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт
- Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт
- ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Улсын болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийг эхний ээлжид малчин өрхүүдэд, дараагийн ээлжид хөдөө аж ахуйн корпорацад хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг аймаг, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн аймаг гэрээ байгуулж, Хэнтий аймаг татан авалтаа хийж эхэлсэн.
Гуравдугаар ээлжид орон нутаг руу хүргэх малын тэжээлийн хангамж, нөөцийн судалгаа тооцоо бэлэн болоод байна.
Холбоотой мэдээ