НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр /2024.02.23/ эхэллээ. Хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга, мэдээлэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга мэдээлэл, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай \нэгдүгээр хэлэлцүүлэг\ болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч О.Номинчимэг:
-Энэ оны нэгдүгээр сарын байдлаар азотын давхар исэл бага зэрэг өссөн бөгөөд бүдүүн ширхэгтэй тоосонцор, хүхэрлэг хий буурсан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл автомашины яндангаас гардаг утаанд агуулагддаг. Нийслэл хотод 700 орчим мянган автомашин бүртгэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор азотын хий 11 хувиар өссөн. Орчны бохирдлын хорооны чиг үүргийг нийслэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулах, нийслэлд ажиллаж буй уурын зуухын хаягдал утааг бууруулахад анхаарч байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод агаарын чанарыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх ажлыг хийхээр төсвийн төлөвлөгөөгөө БОАЖЯ руу хүргүүлээд байна.
Улаанбаатарт нийт 297 халаалтын зуух ажиллаж байгаа. Үүний 174 нь тусгай зөвшөөрөлтэй буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа бол энэ оны тавдугаар сарын 15-наас шигшсэн нүүрсийг халж, хийн халаагуур руу шилжих болон төвийн дулаанд холбох, шүүлтүүр тавих ажлыг хийнэ. Жилд 120 мянга орчим тонн шигшсэн нүүрс хэрэглэдэг. Харин 106 зуух нь мидлинг түлж байна.
Гэр хороолол дахь айл өрхүүдийн дулаан цахилгааныг тархмал эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлнэ. Эхний ээлжид 700 мянган ам.долларын санхүүжилтийг гаргаж, 75-100 өрх толгойлсон ганц бие өрхийг хамруулна. Төсөлд өрхийн янданг нь буулгаж, нарны эрчим хүчний зайн хураагуур, халаагуур тавьж, гэрийн дулаалга багтаж байгаа. Ингэснээр цахилгааны хэрэглээг 70 хувь бууруулна. Тодруулбал, ирэх гуравдугаар сардаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 35 айлд төслийг хэрэгжүүлнэ гэв.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Улаанбаатарт утааны дөрвөн эх үүсвэр бий. Нэгд, дулааны цахилгаан станц, хоёрт, 700 мянган автомашины утаа, гуравт, 196 мянга орчим гэр хорооллын айл өрх, 200 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа уурын зуухууд агаарын бохирдол үүсгэж байна. Хамгийн хортой нь автомашины утаа. Бид энэ бүгдийг дүгнэж, автомашины импортын худалдаа эрхлэгчдийг хэдэн сарын хэднээс 730 мянга гэдэг тоо чинь тулна.
Үүнээс хойш машин импортолж оруулж ирэх нь таны эрх. Хөдөө орон нутгийнханд машин худалдаж авах нь чөлөөтэй.
Хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно. Та шинэ машин худалдаж авч байгаа тохиолдолд хуучин машиныг актлуулж, дугаарыг нь авах юм уу, хэн нэг хүний машиныг худалдан авч, хөдөө орон нутаг руу зарж авна. Хоёрт, уурын зуухууд төсвийн тодотголоор зээлийн хүүгийн татаасыг арилжааны банкуудад өгч, бүгд мидлинг түлж, нойтон утаа шүүгчийг худалдан авна. Ингэснээр агаарын бохирдол маш өндөр хувиар буурна. Бид энэ байгууллагуудтай тохиролцоонд хүрсэн. Ирэх оноос уурын зуухууд түүхий нүүрс түлэхгүй. Мидлингийг задгай, нэг тонн савалгаатайгаар хүргэж өгнө. Засгийн газрын нөөц сан, сайдын багцаас төрийн байгууллагуудын уурын зуухуудыг шинэчлэх ажлыг төлөвлөж байна. "Тавантолгой түлш" компани нийслэлд 100 хувь өмчлөлөөрөө шилжих бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд бид өрийг нь хүлээж авахгүй гэдэг нөхцөл тавьсан. Бид энэ компаийг ирэх оноос ашигтай ажиллуулах үүднээс уурын зуухуудад мидлинг нийлүүлж, дундаас нь алдагдлаа нөхнө.
Дөрөвт, 500 мянган тонн мидлинг төлж байгаа гэр хорооллын айлуудын дээд хэмжээг тогтоосон. Учир нь дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар 0.07 болон 0.04 га газар олгохыг төвийн зургаан дүүрэг дээр хуулиар хориглосон.
Гэр хорооллын айлууд цаашид яндан нэмэхгүй гэсэн үг. Бид жилд 10-20 мянгаар яндан буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийнэ. Ирэх долоо хоногт Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн санхүүжилттэй Баянхошуу дэд төвийн 600 орон сууцны барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг зарлана. Баянхошуу дэд төвийн 12 мянган орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс газар чөлөөлөлтийн журмыг эцэслэн батална. Ингэснээр Сэлбэ дэд төвийг байршилд байгаа 2000 айлын газар чөлөөлөлтийг хийнэ. Үнэлгээний компани айлуудтай хэлэлцээр хийж эхэлнэ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газар хамрагдана гэсэн юм.
Мөн тэрбээр "Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2024.02.22/ болсон. Энэ жил эрчим хүчний дутагдаж байгаа хэрэгцээгээ сөөлжилж, ид хүйтний ард гарах гэж байх шиг байна. Ирэх гуравдугаар сард цаг агаар ямар байхыг хэлж мэдэхгүй. Хятадын нэг мужид өнгөрсөн долоо хоногт 1.8 хэм дулаан байж байгаад хоёр хоногийн дараа 52 хэм хүрч хүйтэрлээ. Энэ бол байгалийн онцгой үзэгдэл боллоо. Манайд ч гэсэн энэ үзэгдэл ажиглагдаж байна. Биднийг хүүхэд байхад гуравдугаар сард шалдан нүцгэн хичээлийн формтойгоо гүйдэг байсан. Цаг уурын байгууллага гуравдугаар сарын цаг агаарыг урьдчилан тооцоход бэрх байна гэдгийг хэлж байгаа. Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Магадгүй ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийх байдалтай байна. Бидэнд өгсөн холболтын зөвшөөрөл, гэр хорооллын айлууд цахилгаан зуух руу шилжиж байгааг харахад ийм нөхцөл байдал руу явлаа. Би удахгүй Засгийн газрын хуралдаанд энэ мэдээллийг танилцуулахаар бэлтгэж байна. Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалт болон бусад ажлыг хийж чадахгүй. Энэ талаарх төлөвлөгөөг танилцуулахаар бэлдэж байна. Дулаан хангамжийн хувьд, яаралтай дөрвөн станцыг барих шаардлагатай. Одоогийн байдлаар хөрөнгөө батлуулж, газрынхаа асуудлыг хэлэлцэж байна. Энэ дөрвөн станцыг богино хугацаанд байгуулж, төвийн дулаан хангамжийг дэмжихгүй бол ирэх жил хөлдөнө. Цаана нь нэн яаралтай барих дахин дөрвөн эх үүсвэр байгаа" гэдгийг онцлов.
Холбоотой мэдээ