Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатагийн багш, дасгалжуулагчийн замналд хараар үлдэх үйл явдал боллоо. Тодруулбал, түүний анхны гарын шавь нарын нэг Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүмо бөхийн холбоонд иржээ. Улмаар өнөөдөр/2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, Мияагино албан тушаалаасаа хоёр зэрэглэл буурчээ.
Ямар үйл явдал болсон гэдгийг та бүхэндээ товч танилцуулъя.
2024 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр Хокүсэйхо Э.Даваанинж Шинанноүмиг давж, ээлжит ялалтаа авсан. Гэтэл Мияагино ояката Хокүсэйхог баруун өвдөгний бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдэв. Удалгүй Хокүсэйхо өөрөө мэдэгдэл хийн, хоёрдугаар сарын 5-ны өдөр хагалгаанд орно гэдгээ хэлж, нөхөн сэргээх эмчилгээ дөрвөн долоо хоног болно гэжээ.
Гэтэл яг энэ үетэй давхцан Хокүсэйхог хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарав. Мияагино ояката ч байдал бишдсэнийг ойлгож, Хокүсэйхог албаар башёгоос татаж, амраах зорилготой байсан гэх хардлага олны дунд төржээ.
Хоёрдугаар сард сүмогийн холбооноос нэгэн бөхийн гомдлын дагуу дээрх хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дэвжээнийхээ хэд хэдэн бөхчүүдийг дарамталж, зодож, мөнгийг нь дээрэмддэг байсан гэдгийг нотолжээ. Хокүсэйхо ч хэвлэлд хандан үнэхээр гэмшиж байна гэдгээ илэрхийлэв.
Харин өнөөдөр Хокүсэйхо зодог тайлах хүсэлтээ албан ёсоор сүмогийн холбоонд хүргүүлж, дэвжээндээ эргэн ирээгүй бол Мияагино ояката сахилга сул шавийнхаа алдаанаас болж, зэрэглэл буурлаа.
Э.Даваанинж нь 2001 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрж, таван настайдаа Япон руу гэр бүлийн хамтаар нүүжээ. Багадаа Сөүлийн нисэх онгоцны буудал дээр Хакүхотой таарч, Хакүхо ч хүүг сүмод хөтөлсөн аж. Багаасаа л Япон өсч, хүмүүжсэн тэрбээр бага ангиасаа сүмогийн тэмцээнд оролцож, эцэст нь ахлах сургуулиа төгсөөд Мияагиногийн шавь болжээ. Японд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн Э.Даваанинж Япон улсын иргэншилтэй гэнэ. Угтаа Хокүсэйхо Э.Даваанинжийг өсөх ирээдүйтэй, шилдэг бөх болно гэж сүмо сонирхогчид ярьж байсан юм.
Холбоотой мэдээ