Хүүхэд багачуудын хайрыг татсан "Санта"-гийн УНАА

Хүүхэд багачуудын хайрыг татсан "Санта"-гийн УНАА

Хүүхэд багачуудын хайрыг татсан "Санта"-гийн УНАА

"Ямар хөөрхөн амьтан бэ", "Биед нь хүрч болох уу", "Бохь зажилж байгаа юм байхдаа" хэмээн хүүхэд багачууд асууж шалгаана. Бүгд л хамт зургаа авхуулж, унаж үзэхийг хүснэ. Дэргэдүүр нь өнгөрөх нэг жаал "Санта өвөөгийн цаа бугаар сургуульдаа явбал мөн гоё оо" гэж хэлээд найзтайгаа инээлдэн, өнгөрөх нь хөөрхөн. Зарим нь ойртож, зургаа авхуулахаас эмээж, зайнаас харж зогсох аж.

Ийн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас 1600 километр замыг туулан Улаанбаатарт ирсэн хоёр цаа буга хүүхэд багачуудын хайрыг татна.

Хотын Дамбадаржаа орчмын гэр хорооллын зам дагуу хоёр цаа буга зогсохыг харсан хүн бүр гайхаж байлаа. Машинтай иргэд нь зогсч зургаа татуулж, хичээлдээ явж байгаа багачууд тойрон бүчнэ.

Цаа буганы эзэн Э.Бат-Оргил "Миний хоёр цаа буга хоёул таван настай. Нэг нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн тайга, нөгөөх нь баруун тайгаас ирсэн. Хоёр цаагаа Партизаны сангийн аж ахуйд тэжээдэг. Үе үе хотод ирж, хүүхэд багачуудад сонирхуулдаг юм. Сая хэд хоног "Скай ресорт" цанын бааз дээр байрлаж, аялал жуулчлалын арга хэмжээнд хоёр цаа бугатай оролцсон. Мөн шинэ жилийн өмнө Жуковын талбайн орчимд зогсч, хүмүүст сонирхуулсан. Хүмүүс хоёр цаа бугыг маань их сонирхоно. Ялангуяа хүүхдүүд их сонирхож, хамт зургаа авхуулдаг" тухайгаа ярилаа.

Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулж Монгол Улсын Улаан номонд хоёр удаагийн хэвлэлд “нэн ховор” зэрэглэлээр тус тус бүртгэсэн. Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьдардаг. Одоогоор цаа буга маллан амьдардаг 90 орчим өрх Хөвсгөл аймагт бий гэсэн судалгаа бий.

-Хоёр цаа буга нь нэртэй юу. Хоёулаа эр цаа гэсэн үү ?

-Цаа бугандаа ямар нэгэн нэр өгөөгүй ээ. Хоёулаа эр цаа буюу зарь. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг.

Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ.

Цааг дөрвөн насанд хүрмэгц нь засч зарь болгоно. Хээл авсан мянжиг хээлээ долоон сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг дөрөвдүгээр сарын сүүлээр тавдугаар сарын эхээр төллөдөг юм.

-Эвэр нь их сонирхолтой юм?

-Эвэр нь гадна талаараа үсэрхэг байдаг нь их сонин. Жил бүрийн долдугаар сарын дундаас цусан эврийн ясжилт гүйцэж, наймдугаар сард цусны түрэлт зогсч, есдүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарын дунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг.

Цаа бугын эвэр бугын эвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад нас хөгшрөхөд салааны тоо цөөрдөг.

-Цаа буга хот газар идээшиж байна уу. Ямар өвс тэжээл идэх үү?

-Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс их гөлгөр учир их бартаатай юм уу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраас унаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээс гадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг.

Цааны арьс нь ямар ч тохиолдолд халцардаггүй. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй, дулаахан байдаг. Цаа буга их халуун цустай амьтан. Их хүйтэнд амьдрах чадвартай. Хавар дулаарахаар усалж, сэрүүцүүлдэг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-23 213.87.129.99

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж