Шадар сайд С.Амарсайханаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
–Засгийн газраас өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хэр сайн хангаж ажилласан бэ. Бэлтгэл муутай байсан учраас зудын эрсдэл өндөр байна гэх шүүмжлэл байна шүү дээ?
-Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг харин ч эрт авсан учраас хохирлын хэмжээ харин ч бага байна. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч, хяналт тавьж ажилласан. Хэдийгээр малчид, аймаг орон нутгийн удирдлагууд өмнөх жилүүдийнхээс илүү бэлдсэн боловч яалт ч үгүй цаг уурын эрсдэлт өхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож байна. Тухайлбал,1999-2000, 2009-2010 онд тохиолдсон зуднаар тус бүр 10 сая мал үрэгдсэн. Мөн 2020-2021 оны өвөл 1.6 сая орчим, 2022-2023 оны өвөл 1.9 сая, 2023-2024 онд одоогийн байдлаар 1.5 сая мал хорогдсон бол энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас өнгөрсөн 10 дугаар сараас өвс тэжээлийг хямдралтай үнээр өгөх, бинзен шатахууны нэмэлт тусламж үзүүлэх, экспортын тэжээлээ хязгаарлах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд харьцангуй гайгүй байна. Гэхдээ үүндээ сэтгэл ханах асуудал биш.
Цаашид ч хаваржилт хүндрэх эрсдэл бий. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, малчид, аж ахуй нэгжүүддээ ч анхааруулж, сэрэмжлүүлж, өвөл хаврын бэлтгэлээ онцгой сайтар хангах заавар зөвлөгөө өгсөн ч цаг хүндэрч байна. ажиллаж байна.
Цаашид бид энэ байдлаараа яваад байж болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгож байна. Тиймээс нүүдлийн мал аж ахуйгаа шинэлэг байдалтай хослуулж ажиллах арга барил нэн чухал. Үүн дээр Засгийн газраас тодорхой төлөвлөсөн ажлууд бий.
-Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан гаргасан ч дунд хугацааны хөгжлийн бодлогоо одоо хүртэл батлаагүй байна. Дунд хугацааны бодлого байхгүй байгаа учраас гамшиг, эрсдлийг хохирол багатай даван туулах төрийн бодлого дутмаг байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Урт хугацааны алсын хараа 2050, дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлого боловсруулан ажиллаж байгаа.
Гэхдээ яалт ч үгүй хөдөө аж ахуй, мал ахуй тэр дундаа байгаль орчны судалгаа шинжилгээ, сөрөг, эерэг үр дагавар, цөлжилт, хуурайшилт, ган зудтай холбоотой судалгаа шинжилгээний ажлууд хангалттай хийгдэж чадаагүй. Мөн нарийн төлөвлөгөөтэй ажиллаж чадаагүй.
Сүүлийн 10-20 жил ийм байдалтай явж ирсэн. Тийм учраас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс БОАЖ-ын сайдад 2021 онд үүрэг даалгавар өгч байгаль, орчны төлөв байдлын судалгааг нарийвчлан хийх, цөлжилт хуурайшилтын төлөв байдлыг үнэлгээ дүгнэлт гаргах, түүнд шаардлагатай нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт ирээдүйд тулгамдаж болох эрсдэлүүд, одоо тулгамдаж байгаа асуудлуудтайгаа уялдуулж, даван туулж, дасан зохицох байдлыг илүү нарийвчлах хэрэгцээ шаардлагатай гэж үзэж сүүлийн 2-3 жил Хот айл төсөл, бэлчээрийн төлөв байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ажлууд зохион байгуулаад явж байна. Гэхдээ энэ ажил удаашралтай байгаа нь үнэн.
-Техник, технологийн хүртээмжийн тал дээр ямар байна вэ. Зэвсэгт хүчний байгууллагын агуулахад байсан техникүүдийг засч зудын үед ашиглаж байна гэж ойлгосон зөв үү?
-Нэгдүгээрт, байгаа боломж нөөц тийм байна. Хоёрдугаарт, хөдөө шалгарсан автомашин ЗИЛ-131, Камаз зэрэг автомашинууд бий. Онцгой байдлын газар Франц, Беларус, Японд үйлдвэрлэгдсэн автомашинаар парк шинэчлэлээ хийж байгаа. Гэхдээ хангалттай биш байна.
Бид 1.5 сая хавтгай дөрвөлжин газарт нэг байгууллагын хэдхэн техник хэрэгсэл хаанаа ч хүрэхгүй.
Тиймээс бид төрийн цэргийн байгууллага, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал цаашлаад аж, ахуйн нэгжүүдээ дайчилж байж нэг улс, нэг үндэстэн, нэг эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж байж энэ эрсдлийг даван туулна. Цаашид туулах чадвартай техник технологийн хангалтыг сайжруулахаас гадна сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, нэвтрүүлэх, сансарын тандалт судалгаа, газрын мэдээлэл, цаг уурын мэдээллээ илүү нарийвчилж гаргадаг байх, гамшгийн үеийн зарлан мэдээллэх хурдыг сайжруулах, гамшигт бэлэн байх, тэсвэртэй, чадварыг дээшлүүлэх, хүн хүчээ сургах, дадлагжуулах гэх мэь маш олон хийх ажил байна. Нэг удаа хийгээд орхих биш байнга шинэчлэл хийж байх ёстой.
-Онцгой байдлын байгууллагаас хэлж, анхааруулсаар байтал өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан иргэдийг авран хамгаалах зардлыг иргэдээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт бий юү?
– Энэ асуудлыг эргэж харахгүй бол болохгүй гэдэг асуудал яригдаж байна. Мэдээж, гамшиг осол, гэнэтийн осол аваарын үед хамгийн түрүүнд очиж тусламж үзүүлэх хүмүүс нь онцгой байдлын алба хаагчид. Авруулах ёстой хүмүүс нь иргэд. Гэхдээ цаг агаар муудах нь, аюулт үзэгдэл болж байна гэдгийг цаг минуттай нь, зүг чигтэй нь, өдөр хоногтой нь хэлсээр байхад уул хаданд авирах, амралт зугаалганд явж байгаад өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа иргэдээс авран хамгаалах ажиллагааны төлбөрийг авдаг болно.
Ийм журам удахгүй гарна. Ингэж байж зардал чирэгдлээ даадаг, тэр хэрээрээ хариуцлагатай, эрсдэлгүй байдлаа иргэд өөрсдөө хангадаг болохгүй бол бид явах ёстой, тэд аврах үүрэгтэй, аварч чадахгүй бол бидний зөв, тэдний буруу гэдэг буруу хандлагууд маш их байна.
Иргэд өөрсдөө ухамсартай, хандлага харилцаа, бодлоо өөрчилж хэн хэндээ түвэг чирэгдэл учруулахгүй байх нь зүйтэй. Ганцаагүй нөхцөл байдлыг ойлгоно. Гарцаагүй явах шаардлагагүй зүйл дээр нэг хоёр хоног, нэг хоёр цаг хойшлуулж болох зүйл дээр хөдөө орон нутаг, хол замд зорчсоноор өөрсдийгөө ч аюулд учруулж, улсад ч хохирол учруулж, нийгэмд ч буруу үлгэр дууриалал үзүүлж байна. Тиймээс онцгой байдлын шуурхай тусламжийн үед эрэн хайх, аврах ажиллагааны журамд өөрчлөлт оруулж төлбөртэй болгоно.
Холбоотой мэдээ