ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхтэй холбогдох хэргийг өчигдөр /2024.02.21/ 09.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. Шүүхээс түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Түүнийг 2023 оны есдүгээр сард гэртээ байхдаа бусдад зодуулж, гэмтсэн гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09.34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн А.Гансүхийн биед иргэн И гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдгийг мэдээлж байв.
А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдан, ял шийтгэлгүй үлдсэн байдаг.
Амаржаргалын Гансүх нь:
- ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
- Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
- ТӨХ-ны газрын дарга
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
- Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
- УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.